Нийслэлийн Боловсролын газар, Монголын Шинжлэх ухааны Академитай хамтарсан "Эрдмийн аян" үйл ажиллагаа 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа
ОГНОО : 2018/10/19 УНШСАН: 304

Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 4 дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян”-ыг 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн 5 цагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 14 дүгээр дунд сургууль, “Хобби” сургууль, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн нийт 200 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдсан.

“Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийсэн.  

Шинжлэх ухааны Академийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү малл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг.

Харин Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харлаа.

Уг арга хэмжээний үеээр Шинжлэх ухааны Академиас тус сургуулиудын номын санд 200 номыг хандивлав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ