Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
ОГНОО : 2018/11/15 УНШСАН: 297

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

 

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулах нээлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг нь анх 2 бүлэг, 50 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан бол 77 жилийн дараа 150 хүүхдийн хүчин чадалтай, 2 давхар өргөтгөл баригдсанаар 12 бүлэг, 450 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжин тэлж Чингэлтэй дүүргийн 2, 3 дугаар хорооны 2-5 насны хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийг барихад  нийслэлийн төсвөөс 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, “Грийн ресурс” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ. Цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд БСШУСЯ-аас 58,3 сая, цэцэрлэгийн хөрөнгөөр 57,5 сая, эцэг эхийн хандив тусламжаар 8,7 сая, нийт 126,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 2, 3 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болж байгаад тус хорооны иргэд, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цэцэрлэгийн багш, ажилтнуудад ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ