НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ДОРНОД АЙМАГТ “ЭРДМИЙН АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/11/03 УНШСАН: 268

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ДОРНОД АЙМАГТ

“ЭРДМИЙН АЯЛАЛ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Боловсролын газраас санаачилан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг хангах зорилгоор АМЖИЛТЫН ГАРАА уралдааныг 2017-2018 оны хичээлийн жилээс зохион байгуулж эхэлсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан уг уралдаанд шалгарсан ерөнхий боловсролын сургуулийн 132 багш Дорнод аймаг, БНХАУ-ын Манжуур хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, харилцан суралцах “Эрдмийн аялал”-ыг хийлээ.

Аялалын бүрэлдэхүүнд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн, дүүргийн боловсролын газрын мэргэжилтнүүдийн төлөөлөл, “Амжилтын гараа” уралдаанаар шалгарсан 24 сургуулийн 119 багш нийт 132 хүн оролцож туршлага судаллаа.

Аялалын үеэр багш нар харилцан туршлага солилцох олон ажлыг зохион байгуулж, мэргэжлийн судлагдахуунаар хичээл сургалтад оролцлоо. Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Байгууллагын зан үйл” сэдвээр илтгэл тавьж, 3 сургууль, 3 цэцэрлэгт арга зүйн зөвлөгөө өгч ажилласан нь Дорнодчуудын талархлыг хүлээсэн сургалт боллоо.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг: “Багш нар маань туршлага судлах аялалаа Дорнод аймгийг сонгосон нь учиртай. Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар ажлаараа 2018 онд улсад шалгарсан. Мөн сүүлийн 5 жил элсэлтийн шалгалтаар улсад тэргүүлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулан эрчимжүүлсэн баг ажиллуулж багш нарыг урамшуулан дэмжиж байгаа нь амжилт гаргах баталгаа болсон байна. Энэ бол бидний хувьд сайн туршлага гэж үзэж байна. Мөн 2015 оноос эхлэн аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тогтмол зохион байгуулж байгаа нь хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бас нэг алхмыг нээсэн туршлагатай ажил болсон байна. Монгол орны ирээдүйг чанартай боловсролоор хангах, багшийнхаа хөгжилд онцгой анхаарах, хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах нь бидний зорилго. Энэ үйлсийн төлөө бид Дорнодчуудтай хамтран ажиллаж, туршлага солилцон, харилцан суралцаж байгаа энэ эрдмийн аялал үнэхээр үр өгөөжтэй, онцгой аялал боллоо.” хэмээн онцоллоо.

Аялал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын “Мэргэжлийн чиг баримжаа олгох” ахлах сургуулиар үргэлжилж сургуулийн үйл ажиллагаатай танилцсанаар өндөрлөлөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ