“МОНГОЛ ХҮН” ХҮМҮҮЖЛИЙН АЯНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ II ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ОГНОО : 2018/10/12 УНШСАН: 444

“МОНГОЛ ХҮН” ХҮМҮҮЖЛИЙН АЯНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ

II ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн Хорооны дарга Д.Мөнхжаргалын санаачилгаар Нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөнийг НЗДТГ, НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, НБГ хамтран өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Монгол хүн” хүмүүжлийн аян нь өсвөр үеийнхэнд уламжлалт ёс заншлыг дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг, хөдөлмөр бүтээлч, хариуцлагатай, нийгмийн идэвхтэй иргэнийг бэлтгэх, тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр идэвх санаачилагатай ажиллаж байгаа СӨБ, ЕБС, хамт олныг дэмжих, урамшуулах, тэргүүн туршлагыг бусад байгууллагад нэвтрүүлэх зорилготой юм.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Н.Учрал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсанаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн Хөгжлийн Хорооны дарга Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эрхлэгч, нийт 1250 хүн хамрагдлаа.

Аяны хүрээнд “Тогтвортрой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн 225 сургууль, 623 цэцэрлэг, боловсролын 8 төвийг хамруулан хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд:

  • Хүүхдийн хүмүүжил, багш суралцагчдын сэтгэлгээний хандлага, сургалт хүмүүжлийн чанарт гарсан ахиц тооцсон байдал
  • Судалгаанд үндэслэгдсэн сургалтын модуль, хөтөлбөр, арга зүй, гарын авлага, ном товхимол, контент гаргасан байдал
  • Хүмүүжлийн аяны хүрээнд санаачилсан тэргүүн туршлагыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх
  • Тэргүүн туршлагаа олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, таниулах ажлыг хийсэн байдал
  • Хүүхэд бүрт биеэ зөв, боловсон авч явах арга зүйн дадал, хэвшил болгосон байдал

зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн НИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, НБГ-ын хамтарсан ажлын хэсгийн гишүүд гурван үе шаттайгаар шалгаруулсан бөгөөд төгсгөлийн шатанд шилдгээр шалгарсан байгууллагуудад шагнал гардууллаа.

            Мөн тус аяны хүрээнд багш-суралцагч-эцэг эхийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр сургууль, цэцэрлэгийн амжилттай хэрэгжүүлсэн туршлага амжилтыг бусад сургуулиудад хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм.

           “Монгол хүн” хүмүүжлийн аяны зэрэгцээгээр НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулах арга хэмжээ, “Уншлагыг дэмжих-2021” төслийг хэрэгжүүлж байна. Уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлж, шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэх зорилготой дээрх төслийн үр дүнд нийслэлийн дүүрэг бүрийг номын сантай болгож, суудлын тоо нь нэмэгдэж, сурагчдад номын сангаар үйлчлүүлэх, ном унших боломж бий болох юм.

        “Монгол хүн” хүмүүжлийн аян нь цаашид 2020 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хэрэгжиж, мэдлэг боловсрол, соёл хүмүүжлийн өв тэгш мэдлэгтэй “Монгол хүн”-ийг төлөвшүүлэхийг эрмэлзэн ажиллахаар төлөвлөгдөн амжилттай хэрэгжиж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ