Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын 52 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
ОГНОО : 2018/10/05 УНШСАН: 166

Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын

52 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

 

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр                                                 

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдөр өнөөдөр тохиож, монгол улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадуудад  зориулсан 1000 багшийн баярын арга хэмжээ “Корпорэйт” цогцолборт боллоо.

1966 оноос уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэ өдөр эрдмийг эрхэмлэдэг, багш нарын алдрыг хүндэтгэдэг өдөр юм.

2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар 1 сарын хугацаатай өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. Цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаан, бүтээлч санааны уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн үзүүллээ.

Мөн энэ үеэр өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны кино, улс, нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийн үзэсгэлэнг тус тус гаргалаа.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа, БСШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Баярсайхан, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсанаа, нийслэлийн засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИХТ Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2018 оны тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр Баянзүрх дүүргийн Ж.Жагарсүрэн эрхлэгчтэй 64 дүгээр цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн Д.Цэрэндолгор эрхлэгчтэй 42 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.

Харин нийслэлийн 2018 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Баянзүрх дүүргийн “Улаанбаатар” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургууль тус тус тодорсон юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Баганууур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг тодруулж өргөмжлөл гардуулав.

Боловсролын салбартай тууштай, тогтвортой хамтран ажилладаг, Монголын боловсролын салбарын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалт хийх, сургууль, цэцэрлэг барьж байгуулах, өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжил хамгаалалд жинтэй хувь нэмэр оруулах зэргээр хүндтэй үйлсийг бүтээсэн байгууллагуудад “Боловсролд ээлтэй байгууллага”-аар тодруулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын өргөмжлөлийг гардууллаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ