БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ОГНОО : 2018/10/03 УНШСАН: 1361

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНТУЛГА БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

 

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, Сөүл хотын Боловсролын газрын дэд дарга Ким Вончан, Насан туршийн мэргэжлийн боловсролын газрын ерөнхий захирал Пак Хажа, Хамтын ажиллагаа, оролцооны хэлтсийн дарга Ян Хидү, Сургуулийг дэмжих хэлтсийн дарга Хан Чанхуа, Хамтын ажиллагаа, оролцооны хэлтсийн дэд дарга Ан Сонкүг, тус газрын мэргэжилтэн Пак Сү Ён нар оролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Монголын боловсролын өнөөгийн тогтолцоо, боловсролын чиг хандлага, нийслэлийн боловсролын газрын үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хийгдсэн өөрчлөлт, явцын талаар товч мэдээлэл өгч, цаашид боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Анх 2006 онд Сөүл хотын Боловсролын байгуулагатай хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд өнөөдрийг хүртэл хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс манай нийслэлийн ЕБС, цэцэрлэгүүдэд хийгдэж байгаа олон сайхан ажлууд болон хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх зорилгоор багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтууд, туршлага солилцох уулзалтууд, ЕБС-ийн  төгсөгчдийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах зэрэг олон ажлууд хийгдсэн байдаг.

2009 оноос хойш жил бүр БНСУ-ын Сөүл хотын боловсрол газрын урилгаар нийслэлийн мэдээлэл технологийн багш нар тус улсын  соёл, мэдээлэл технологийн хөгжил дэвшилтэй танилцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр ирсэн. Эдгээр багш нар  ерөнхий боловсролын сургуульд үр дүнтэй ажиллаж байгаа гэдгийг онцлон хэллээ.

Мөн Сөүл хотын боловсролын газраас нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр  тодорхой тооны компьютерийг явуулдаг бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэл зүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх нэг эх үүсвэр болж байна.

Улаанбаатар, Сөүл хотуудын боловсролын хамтын ажиллагаа 12 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ