Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ОГНОО : 2018/08/28 УНШСАН: 554

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-аас

цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ-аас өргөтгөсөн хэвлэлийн хурал хийлээ.

Хуралд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны бүх газрын дарга нар оролцсоноос гадна сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн сонирхсон асуулт болон нийгэмд хүлээлт үүсгээд буй зарим асуудлаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн эхэнд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийг ирэх есдүгээр сарын 01 буюу бямба гаригийн 14.00 цагт хийх шийдвэр гаргалаа.

Харин их дээд сургуулиуд энэ сарын 03-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ зохион байгуулна гэдгийг мэдэгдлээ.  Үүнээс гадна есдүгээр сарын 01-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг шинээр сүндэрлэж, шинэхэн анги танхим сурагчдаа хүлээн байгаа гэдгийг онцоллоо.

Сургуулийн өмнөх боловсрол:

• 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

• 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс 9 дүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

• Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28,5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.

• Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна.

"Сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ"

Ерөнхий боловсролын сургууль, суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилд:

• Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597,2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.

• Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333,8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263,4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.

• Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24,4 мянгаар нэмэгдэнэ.

• Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)

• Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ