НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
ОГНОО : 2018/08/09 УНШСАН: 94

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт,  үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

2018 ОНД 18 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар танилцуулга хийлээ.

2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн өргөтгөл, хоёр шинэ сургууль, долоон сургуулийн өргөтгөл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон шинэ сургуулийн барилга баригдах юм. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нийслэлд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөж байгаа.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 222, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 114250 хүүхэд хамруулах тооцоо байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 20-30-ны хооронд сургууль дээрээ явагдана.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний таван цэцэрлэг ашиглалтад орсон байгаа. Тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно. Үлдсэн найм нь энэ ондоо багтааж үүдээ нээнэ. Мөн энэ онд сургууль, цэцэрлэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болоод бусад санхүүгийн эх үүсвэрээр 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 84 их засвар, тохижилтын ажил хийгдэж байна” гэсэн таницуулгыг хийлээ.

Эдгээр асуудалтай холбогдуулан хотын дарга С.Батболд холбогдох албаныханд үүрэг болгов.

            Нэг. Нийслэлийн Боловсролын газарт даалгах нь:

  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах;
  • Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох ажлыг шуурхай зохион байгуулах;
  • Сургууль, цэцэрлэгийн анги танхим, ариун цэврийн байгууламж, гадна талбайн засвар, үйлчилгээг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор дуусгаж хичээл сургалтын үйл ажиллагааг эхлэх бэлтгэлийг хангах.

 

Хоёр. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудад даалгах нь:

  • Монгол Улсын 2017 оны төсөвт батлагдсан газрын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа 8 байршилд газрын асуудлыг 2018 оны 08 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-д;
  • Тендер шалгаруулалт үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж дуусгахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Гүндсамбуу/-т;
  • Сургууль, цэцэрлэгийн барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврын комиссын хурлыг тухай бүр хуралдуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т;
  • Сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийг холбогдох хууль, журмын дагуу шуурхай батлуулж, барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т тус тус үүрэг болгов”.

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ