НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2018/07/25 УНШСАН: 600

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ


  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлсэн.

 

          Цэцэрлэгийн хүртээмж хангалттай бус байгаагаас үүдэн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа эцэг эхчүүдэд ихээхэн хүндрэл учруулдаг байсныг ил тод, нээлттэй, шуурхай зохицуулахын тулд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн болно.

          Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 2018-2019 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахтай холбогдуулан дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

I. Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

  1. Дүүргийн хэмжээнд хэлтсийн даргаар ахлуулсан “Цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах  ажлын хэсгийг томилон төлөвлөх, зохион байгуулах, хянаж үнэлэх үйл ажиллагааг  гүйцэтгэх
  2. Цахим бүртгэл, элсэлтийг хариуцах мэргэжилтэнг тогтмол ажиллуулах, холбогдох мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаарыг иргэдэд    мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах [1]
  3. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог тогтоох, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо, эрхлэгчийн болон бүлэг даан ажиллах багш нарын судалгаа, төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийн танилцуулга зэрэг шаардлагатай мэдээллийг тухай бүрд зохих түвшинд гүйцэтгэн ирүүлэх, бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д нэмэлт сайжруулалт, баяжилтыг тогтмол хийх
  4. Иргэдэд хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбогдох таниулан сурталчлах ажлыг бүртгэл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах
  5. Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг дүүрэг дээр  2018 оны 07 дугаар сарын 25-аас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж хяналт тавих
  6. Мэдээлэл технологийн газраас зохион байгуулах сургалтад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан болон цахим бүртгэл, элсэлтийн техникийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгүүдийн хэсэг (бүс)-ийн төлөөллийг   бүрэн хамруулах (2018 оны 08 дугаар сарын 08-нд 10.00 цаг Багшийн хөгжлийн ордон)
  7. 24 цагийн  цэцэрлэгийн (бүлгийн), тусгай, сувиллын цэцэрлэгүүдийн түүнчлэн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн болон багш, ажилчдын хүүхдийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
  8. “Цахим элсэлт” зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдлагаар хангах, зөвлөн туслах (Анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, оролцогч талуудын төлөөллийг  бүрэн хамруулсан байдал, мэдээллийн ил тод байдал гэх мэт)
  9. Шинээр элсэх хүүхдийн тоо нь хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох  нэгдсэн мэдээллийг тухай бүр өгч ажиллах
  10. Бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2018 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх

[1] Монгол Улсын хууль Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.

II. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд

“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” [2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

  1. Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүйд арга зүйч болон эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажилтан хариуцан зохион байгуулах
  2. Цахим бүртгэл, элсэлттэй холбогдох мэдээллийг тухай бүрд нь үнэн зөв, үндэслэл сайтай, тодорхой гаргаж ирүүлэх, шаардлагатай  тохиолдолд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д мэдээллийг шинэчлэх асуудлыг  тогтмол гүйцэтгэх
  3. 2018-2019 оны хичээлийн жилд үргэлжлэн суралцах хүүхдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д шинэчлэн байршуулах
  4. Зөвхөн шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах ба цэцэрлэгийн хэв шинж, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаанаас үл хамааран өмнөх жилүүдэд  суралцаж байсан бүх хүүхдүүд цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д бүртгэлтэй эсэхээ магадлаж баталгаажуулсны дараа гэрээгээ сунгуулах болохыг багш, ажилчид, иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлан таниулах (Цахим системд бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын гэрээг сунгах)
  5. Шинээр элссэн болон системд бүртгэлээ баталгаажуулсан үргэлжлэн суралцах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах болон  сунгах асуудлыг 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдөрт багтаан дуусгах
  6. 2016 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаанд  цэцэрлэгт явах эсэх асуудлыг  зохистойгоор шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно.)
  7. Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох (“Бага” бүлэгт  30-аас ихгүй байхаар)
  8. Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож, дараах баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн нэмж элсүүлэх

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

 

Асран хамгаалагч тогтоогдсон. 

 

  1. Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж
  2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  3. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
  4. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  5. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
  6. Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

  1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
  2. Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

 

Эцэг нас барсан.

  1. Эцгийн нас барсан гэрчилгээ
  2. Эхийн иргэний үнэмлэх
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 
  5. Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

  1. Эхийн нас барсан гэрчилгээ
  2. Эцгийн иргэний үнэмлэх
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

  1. Шүүхийн шийдвэр 
  2. Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 
  5. Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын  хурлаар тогтоогдсон.

  1. Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./
  2. Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  3. Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  4. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  5. Гурвалсан гэрээ
  6. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт 
  7. Холбогдох бусад бичиг баримт

9. Шинээр элсэх 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах ба энэхүү үйл ажиллагааг эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэх

10. Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг цэцэрлэг дээр 2018 оны 08 дугаар сарын 13-аас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх

11. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангаж, холбогдох төлөөллийг оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх

[1]Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.1.5.

III. Эцэг эх, асран хамгаалагчдад

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 07 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2018 оны 08 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу.)

А. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг цахимаар бүртгүүлэхдээ:

  • 2016 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  tsetserleg.ulaanbaatar.mn системд бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ tsetserleg.ulaanbaatar.mn-д нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доорх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарна.
  • Шалгах товчийг дарснаар таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Б. Цахим элсэлт:

  • Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгээр цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, БСШУ-ны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалын хавсралтад заасан сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.

В. Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг баталгаажуулахдаа:

  • Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем  (tsetserleg.ulaanbaatar.mn)-ээс мэдээллээ шалгаж, бүртгэлээ баталгаажуулах
  • Баталгаажуулахдаа дээрх систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж шалгах товчийг дарснаар “Таны хүүхэд /....../ цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу.” гэсэн мэдээлэл гарч ирэх ба эцэг эх, асран хамгаалагч нь холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар таны гар утсанд 6 оронтой дугаар ирнэ.  Уг дугаарыг системд оруулснаар бүртгэл  баталгаажихыг анхаарах
  • Бүртгэлийн дугаараа баталгаажуулсан тохиолдолд дурдсан хугацаанд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах

Г. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн  бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд  цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Зорилтот бүлэгт хамрагдах иргэд дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд;
  2. Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;
  3. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны  өдрүүдэд;
  4. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;
  5. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах

  • “Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;
  • Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;

Заавар:

Нэвтрэх нэр:  Энэ хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

Нууц үг: Энэ хэсэгт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд таны гар утсанд очсон 6 оронтой бүртгэлийн дугаарыг хийж цэцэрлэгийн аппликэйшнд нэвтрэн орж, таны хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг ШАЛГАЖ болно.

Энэхүү аппликэйшнийг та бүхэн гар утсандаа татаж ашигласнаар дараах мэдээллийг өдөр тутамдаа авах боломжтой.  Үүнд:

  • Төрийн өмчийн цэцэрлэгийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл;
  • Сургалтын хөтөлбөр, багшийн тухайн өдөр заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг контент хэлбэрээр;
  • Цэцэрлэгийн тухайн 7 хоногийн хоолны цэс, илчлэгийн мэдээлэл;
  • Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн танилцуулга мэдээлэл;
  • Эцэг эх, асран хамгаалагчид утсаар холбогдож бүлгийн багшаас чөлөө авдаг байсан бол энэхүү аппликэйшнийг ашиглан чөлөөний хүсэлтийг илгээж болно.

Тус аппликейшн цахим бүртгэл дуусаж, цахим элсэлт эхлэхийн өмнө идэвхжих болно.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ