ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
ОГНОО : 2018/06/18 УНШСАН: 699

ТӨСЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

 

БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл- хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард байгуулсан билээ.

Төслийн хүрээнд хийгдэх ажлын ерөнхий төлөвлөгөө болон цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, хамтрагч талуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 6-р сарын 14-ний өдөр зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Боловсролын газрын ХШҮХ-ийн дарга С.Ганчимэг,  КОЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ү Дун Уан, “WITH” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Гуаг Миран, ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцов.

2018-2020 онд хийгдэх ажлын үндсэн чиглэл, зорилтуудын талаарх мэдээллийг “WITH” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Гуаг Миран танилцуулж, цаашид цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах арга замын талаар талууд санал бодлоо солилцлоо.

Төслийн хүрээнд бага насны хүүхдийн хоол шим тэжээлийн онцлог, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, хүнсний хангамжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 20, 21-ний өдрүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээлийн асуудлууд” хамтарсан семинарыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ