БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ АЖИЛТНУУДЫГ ЁС ЗҮЙН БОЛОН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2018/06/13 УНШСАН: 78

Боловсролын салбарын удирдах ажилтан, багш ажилтнуудыг ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулЛАА

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”  2016-2019, 2020-2023 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан.

Хөтөлбөрийн зорилго нь төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд оршиж байна.

Боловсролын салбарт 2016 онд хийгдсэн судалгааны дүгнэлтэд “Боловсролын салбарт авлигын нөхцөл байдал хүнд ноцтой биш хэдий ч бусад салбартай харьцуулахад хамрах хүрээ нь өргөн, тохиолдол нь илүү олон, иргэд, олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудын ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна” гэж дүгнэсэн байдаг.

Авлигын эсрэг энэхүү ажлын хүрээнд нийслэлийн төрийн өмчийн сургуулийн захирлуудад сургууль дээрээ ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож НБГ-аас 2017 оны 10 сар болон 2018 оны 4 сард албан бичгээр чиглэл өгч ажиллалаа.

Мөн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ тайланг сургууль цэцэрлэг тус бүрээр нарийвчлан гаргаж дүгнэлт хийх, өргөдөл гомдол гаргаж байгаа асуудлуудад дүн шинжилгээ хийж бодлогын түвшинд авч үзэх, цаашид ёс зүйн асуудлаар өргөдөл гомдол буурахад нөлөө үзүүлэхүйц ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахад анхаарч байна.

2017-2018 оны хичээлийн жилд “Ерөнхий боловсролын сургуулийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх уулзалт хэлэлцүүлгийг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, “Монголын сайн дурынхны төв”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” ТББ-уудтай хамтран нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, удирдах ажилтнуудад зохион байгууллаа. /Боловсрол сэтгүүлийн 12 сарын дугаарт гарсан/

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд эдгээр 122 сургууль тус бүр “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх СУРГУУЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ-тэй болсон ба үүнээс 20 сургуулийг сонгон авч үйл ажиллагааг нь чанартай хэрэгжүүлүүлэх үүднээс зөвлөн туслах ажлыг 2018 оны 3-5 сард зохион байгууллаа. (Төвийн 6 дүүрэг тус бүрээс 3, 3 сургууль, Налайх, Багануур дүүргээс тус бүр 1, 1 сургууль) 

Дээрх 20 сургууль нь Байгууллагын ил тод байдлыг сайжруулах, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургуулийн ажлын хэсгийг захирлын тушаалаараа байгуулж, сургуулийн төлөвлөлтийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

  • Сургуулийн дотоод журам, багш ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ нэмэлт өөрчлөлтүүд оруулах
  • Багш, сурагч, эцэг эхэд авлига, ашиг сонирхлын эсрэг хуулийг сурталчилах
  • Авилга, ашиг сонирхлын зөрчлийн талаарх багш ажилтнуудын мэдлэг, хандлагыг судалж мэдэх тандалт судалгааг хийж, нөлөөллийн сургалт зохион байгуулах
  • багш сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн, “Бид авилга өгөхгүй” эссэ бичлэгийн уралдаан, “Авилгагүй ирээдүй” гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна. (Тухайлбал: СБД-ийн 58-р сургууль)
  • Ил тод нээлттэй байдлын \ мэдээллийн самбар ажиллуулах\ санхүү, ёс зүй, хандив мөнгөтэй холбоотой мэдээллийг эцэг эх олон нийтэд ил тод байрлуулж, тогтмол ажиллуулах, санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах зэрэг ажлууд хийгдэж байна. (Тухайлбал: 14, 58, 51, 52)
  • Багшийн харилцаа, ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 4 дүгээр сарын 30-д багш сурагчдын оролцоотойгоор зохион байгуулсан. (Тухайлбал: ХУД-ийн 52-р сургууль)
  • СБД-ийн 1-р сургууль багш нарт хамааралтай хууль эрх зүйн гарын авлага хийж багш бүрт өгсөн, мөн төлөвлөгөөний хүрээнд хийсэн ажлуудынхаа мэдээллийг сургуулийнхаа facebook групп болон сургуулийн мэдээллийн самбарт байршуулан сурталчилсан байна.

Ийнхүү БХАН, Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн "Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх" үйл ажиллагааны 1-р үе шат нийслэлийн 122  сургуульд, 2-р үе шат 20 сургуульд амжилттай хэрэгжиж дууслаа. 

Эдгээр сургуулийн сайн үр дүнд хүрсэн үйл ажиллагааг нийслэлийн бүх сургуулиудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ