БНСУ-ын Пусан хотод туршлага судлах сургалтанд хамрагдлаа
ОГНОО : 2018/06/06 УНШСАН: 399

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчид БНСУ-ын Пусан хотод туршлага судлах сургалтанд хамрагдлаа

 

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор  БНСУ-ын Пусан Олон Улсын Хамтын Ажиллагааны Сангаас санаачлан “Сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтнүүдийн туршлага судлах сургалт”- ыг анх удаа 2018 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Пусан хотноо зохион байгууллаа.

2016 оны 8 сард БНСУ-ын Пусан хот, Улаанбаатар хоттой “Эгч дүүс” хот болох баримт бичигт гарын үсэг зурсны дагуу 2017 оноос эхлэн Пусан Олон Улсын Хамтын Ажиллагааны Сангаас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын бага насны хүүхдийн цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулах ажлыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 цэцэрлэг дээр эхлүүлээд байгаа билээ.

Сургалтад НБГ-ын орлогч дарга Л. Дашдэмбэрэл, ХШҮХ-ийн дарга С.Ганчимэг, СӨБ хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа болон нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нийт 15 төлөөлөгч оролцов.

Сургалтаар Пусан хотын бага насны хүүхдийн боловсролын бодлого, сургалтын чиг хандлагаын талаар лекц семинарууд зохион байгуулсны зэрэгцээ Пусан хотын тэргүүний цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа болон орчинтой газар дээр нь танилцаж туршлага судаллаа. 

Мөн энэ үеэр Пусаны Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын институт, Пусан хотын Боловсролын алба, Пусаны Олон соёлт  боловсролыг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцах, мөн Пусан хотын улсын цэцэрлэг “Ёон Сан” ба “Бусан Жин” цэцэрлэгүүд, хувийн цэцэрлэг “Кимнан-байгаль”, “Нити - Хайлаас мод” цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Сургуулийн өмнөх боловсролын “Нури” хөтөлбөрийг цэцэрлэг тус бүр өөр өөрийн онцлогтой уялдуулан хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаарх олон сайхан туршлагуудаас суралцаж ирлээ. 

Пусан хотын захиргааны алба болон Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газраар айлчилсан бөгөөд БНСУ-ын Пусан хотын орлогч дарга ПАК ЖЭ МИН, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Д.Бямбадорж зэрэг албаны хүмүүс манай сургалтанд оролцогчдыг хүлээн авч уулзлаа.  

Сэтгэгдэл
Шинэ мэдээ