“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС–ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
ОГНОО : 2018/05/22 УНШСАН: 159

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС–ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН”

 амжилттай зохион байгуулагдлаа

 

Нийслэлийн Боловсролын удирдах ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг  “ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ҮНДЭС–ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” спорт наадмын энэ удаагийн арга хэмжээг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, дүүргийн сургуулийн захирлууд хариуцан зохион байгууллаа.

Тэмцээн волейбол, ширээний шагай, нисдэг таваг, хөгжилтэй бөмбөлөг гэсэн спортын 4 төрлөөр явагдаж, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, боловсролын байгууллагын 300 гаруй удирдах ажилтнууд оролцож хурд хүч,авхаалж самбаа, авьяас чадвараа сорин уралдсан юм.

Энэ удаагийн тэмцээний төрлүүд нь 5-аас доошгүй хүнтэй багийн спортыг голчилсон нь онцлог байлаа.

Спорт наадмын нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ–ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням–Очир, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Нийслэлийн Боловсролын Газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох болон дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцлоо.

Нээлтийн үеэр Чингэлтэй дүүргийн ахмад захирал Монгол Улсын Гавьяат багш ахмад захирал Г.Дашган, ахмад захирал Ж.Бааст, Ц.Өлзийжаргал нарт дурсгалын зүйл гардуулан хүндэтгэл үзүүлсэн бол Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан тэмдгээр СХД-ийн ”Ирээдүй цогцолбор сургууль”-ийн ерөнхий захирал Г.Цагаанцоож, Багахангай дүүргийн “Хангай цогцолбор сургуулийн сургалтын менежер н.Баатархүү, Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн захирал н.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуулийн захирал А.Мөнхчимэг, БЗД-ийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нар шагнагдлаа. Мөн Чингэлтэй дүүргийн захирлуудын зүгээс 8 дүүргийн Боловсролын хэлтэс, Багахангай дүүргийн ЕБС тус бүрт волейболын бөмбөг гардуулсан.

Тус спорт наадмын арга хэмжээнд оролцож байгаа хүндэт зочдод зориулж СУИС-ын харьяа “Бадмаараг” ахлах сургуулийн “Алтан ураг” хамтлаг, 61 дүгээр сургуулийн “Дорнын хүрээ” хамтлаг, 5 дугаар сургуулийн Уран гимнастикч хүүхэд багачууд урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.

Волейболын төрөл 1-р байранд Цогзолмаа ахлагчтай Баянзүрх дүүргийн баг, 2, 3-р байранд төрийн бус өмчийн сургуулийн захирлууд, Сонгинохайрхан дүүрэг, ширээний шагайн төрөлд 1-р байр Жаргал ахлагчтай Баянгол дүүргийн баг, 2, 3-р байрыг Баянзүрх дүүрэг, төрийн бус өмчийн сургуулийн захирлууд, нисдэг тавгийн төрөлд Жаргал ахлагчтай Баянгол дүүргийн баг, 2, 3-р байранд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, хөгжилтэй бөмбөлгийн төрөл 1-р байр Ж.Гантулга ахлагчтай нийслэлийн Боловсролын газрын баг, 2, 3-р байранд, Баянгол дүүрэг, төрийн бус өмчийн захирлуудын баг тус тус шалгарлаа.

Багийн дүнгээр 1-р байр Жаргал ахлагчтай Баянгол дүүргийн баг шалгарч шилжин явах цомын эзэд болсон бол 2-р байранд Ж.Галбадрах ахлагчтай төрийн бус өмчийн сургуулийн захирлуудын баг, 3-р байранд Цогзолмаа ахлагчтай Баянзүрх дүүргийн багууд орсон байна.

Ирэх оны тэмцээнийг Сүхбаатар дүүрэг зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ