“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
ОГНОО : 2018/04/26 УНШСАН: 860


“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА”
ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/98 дугаар тушаалаар дүүргийн боловсролын хэлтсүүдийн “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх үзүүлэх сургууль-2017 ” ажлыг нийслэлийн 8 дүүргийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл амжилттай зохион байгуулсан.

Энэхүү ажлыг дүгнэж, урамшуулах “НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо.

Арга хэмжээнд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Багануур дүүргийн засаг Ц.Сандаг-Очир, ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Амартүвшин болон дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн төлөөлөлүүд оролцлоо.

Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг шалгаруулан “Батламж” гардууллаа. Энэхүү 24 шилдэг ажлын туршлагыг нийслэлийн боловсролын хүрээнд түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох төдийгүй “Нийслэлийн боловсрол- Бидний туршлага” мэдээллийн санд оруулахаар болсон билээ. Мөн шилдэг бүтээлийн “Батламж”-ийн эздийн боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх юм.

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн дүүргүүдийн боловсролын хэлтэс дахин шинэчлэгдэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаагаараа онцлог бөгөөд үзүүлэх сургуулийн үнэлгээгээр “Хангалттай сайн” үнэлэгдсэн 8 дүүргийн боловсролын хэлтсийн хамт олныг “Батламж” мөнгөн шагналаар шагналаа. 

Дүүргийн боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан туршлага солилцох өргөн боломжийг олгосонд үзүүлэх сургуулийн ач холбогдол оршиж байгаа юм.

Дүүргийн боловсролын хэлтсүүдийн үзүүлэх сургуульд  тухайн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга нар, дүүргийн Засаг дарга нар, ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар оролцож, санал бодлоо солилцсон.

Мөн төрийн болон төрийн бус өмчийн бүх сургууль цэцэрлэг хамтран зохион байгуулсанд үзүүлэх сургуулийн үр дүн оршино. Үзүүлэх сургуулийг зохион байгуулсан дүүрэг бүхэн тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай сурталчлах ажлыг зохион байгуулсан ба НБГ-аас Боловсролын мэдээлэл сэтгүүлээр дамжуулан 2 удаа  анхан шатны нэгж байгууллагууддаа дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгагдсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НБГ-аас эх хэлний боловсролыг дэмжих “Цээж бичиг” нэгдсэн ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх “Амжилтын гараа” уралдаан, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, боловсролын удирдлагын багийг дэмжих, багш нарыг урамшуулах “Индексийн урамшуулал олгох журам”, тогтвортой хөгжлийн боловсролыг  дэмжих  “Эко сургууль, цэцэрлэг” аян, багш нарыг алдаршуулах “Нийслэлийн багш-Бидний бахархал”, сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг чанаржуулах “Цахим элсэлт” ажиллагаа  зэрэг олон ажлыг  Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсан.

 

 

Багануур дүүрэг:

  1. Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын санаачилгаар оюуны спортыг хөгжүүлэх, олон улсын спортын цолтой тамирчдыг нэмэгдүүлэх, зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Дүүргээрээ шатарчин” 2012 оноос эхлэн зохион байгуулж буй ажлын нэг. ЕБС-ийн 1-12 дугаар анги, цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийн 41,8% буюу 2820 хүүхэд шатрын спортоор тогтмол хичээллэж байна.

     

  2. Багануур дүүргийн 235 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүйн санаачилгаар Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Тоглонгоо суралцах нь” энэхүү ажлыг 2013 оноос эхлэн одоог хүртэл зохион байгуулсаар ирсэн. 2014 онд Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 110 дугаар тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлэн 6183 дугаартай Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Мөн 1000 гаруй багшид үзүүлэх ажил зохион байгуулсан байна.

     

  3. 2015 оноос Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Эрдэнэчимэгийн санаачилсан “Соронзон сургалтын хэрэглэгдэхүүн” ажил нь хүүхдийг бүтээлчээр сэтгэх, үйлийн эзэн байх, багшийн үзүүлэн, тараах материалыг бэлтгэх ажлыг хөнгөвчлөх зорилготой юм. 13 багш, давхардсан тоогоор 920 хүүхдэд хүргэн ажиллаж буй энэ ажлын үр дүнд багш нар багаар хамтарч ажиллах, интернет ашиглах чадвар нэмэгдэж, хүүхдийн сурах сонирхлыг татаж, сурах орчин сайжирсан. Байгууллагын төсөв, эцэг эх, багш, ажилчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсаар байна.

Сонгинохайрхан дүүрэг:

  1. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийн олимпиад нь Нийслэлийн олимпиадад оролцох суралцагчдыг сонгон шалгаруулах, сургалтын чанарыг сайжруулах, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 2000 гаруй суралцагчид, 100 гаруй багш хамрагдсан бөгөөд УИХ-ын 6 гишүүн санхүүжүүлсэн байна. 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн олимпиадад 3-4 байраар ахисан амжилттай.

     

  2. 2013 оноос хойш 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Багш солилцоо” хөтөлбөрийг Уул уурхай Хүнд үйлвэрийн яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга М.Баяраа анх санаачилсан юм. Багш нар багаар ажиллаж харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлж бусдад түгээн дэлгэрүүлэх, сургуулийн сургалтын орчинтой танилцах зорилготой энэхүү ажилд 1200 багш хамрагдсан. Энэ ажлын үр дүнд багш нар бие биенээсээ суралцах боломж бүрдэж, нийгмийн идэвх оролцоо, ур чадвар сайжирсан.

     

  3. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилсан “Алтан ЭЕШ” ажил нь сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргах зорилготой. 12 дугаар ангийн 5000 гаруй сурагч, 200 гаруй багш хамрагдсан юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүүргийн дундаж оноо 13 оноогоор өссөн үзүүлэлттэй.

Налайх дүүрэг:

  1. Налайх дүүргийн Засаг дарга З.Раднаабазарын санаачилсан “Боловсролын бүх шатны байгууллагуудын хамтын ажиллагааг бодлогоор дэмжих нь” ажил нь Сургууль, цэцэрлэг, багш, сурагчдын хөгжлийг дэмжиж, боловсролын чанарыг дээшлүүлэх, дүүргийн боловсролын салбарын бүх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, үр нөлөөтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой 2016 оноос эхлэн зохион байгуулагдсан. 471 багш, 9345 сурагч хамрагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын бүх байгууллагууд хамтарч ажиллах бичиг баримттай болсон үр дүнтэй. Мөн их сургууль, МСҮТ, ЕБС, СӨБ-ын залгамж холбоо, хамтын ажиллагаа сайжирсан. Ерөнхий боловсролын сургуулийн зарим хичээл, их сургууль, МСҮТ-ийн орчин үеийн тоног төхөөрөмжид хичээллэснээр сургалтын чанарт сайнаар нөлөөлсөн. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын мэргэжлийн чадвар дээшилж, арга зүй сайжирсан.

     

  2. Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал 2015 оноос эхлэн санаачилсан “Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайны сургалт” нь СӨБ-д хамрагдаагүй хүүхдэд боловсролын үйлчилгээг зохих хэмжээнд хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой бөгөөд энэхүү сургалтад 4-5 насны 2400 хүүхэд, 1300 эцэг эх хамрагдсан байна. Хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар нэмэгдэж, суралцах хүсэл сонирхол сайжирсан. Хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар нэмэгдэж, суралцах хүсэл сонирхол сайжирсан.

     

  3. Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, Монгол Улсын Гавьяат багш Ц.Тунгалаг 2013 оноос эхлэн санаачилсан “Хүүхдэд ээлтэй ус ариун цэврийн байгууламж” ажил нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эрүүл, аюулгүй, цэвэр орчинд бага насны хүүхдийг сургаж хөгжүүлэх зорилготой юм. НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, Гүүд Нэйборс Олон улсын байгууллагын дэмжлэгтэй энэхүү ажилд 14 багш, 210 хүүхэд хамрагдсан. Сайжруулсан ус ариун цэврийн байгууламжтай гэр бүлэгт хамран сургалт 71% хүрсэн үр дүнтэй.

 

Баянзүрх дүүрэг:

  1. Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мандалсүрэн 2015 оноос санаачилсан “Ээж багш” төсөл нь цэцэрлэгээс гэр бүлийн хамтын ажиллагаа, харилцан түншлэл, эцэг эхийн дэмжлэг дээр тулгуурлан үйл ажиллагаагаа дэмжих зорилготой юм. 13 бүлэгт ажилласан ээж нарын цалинг эцэг, эхийн хандив тусламжаар 15 багш, 884 хүүхэд, 884 эцэг эх хамрагдсан байна. Эцэг, эхийн дэмжлэгээр бүлгийн багш, туслах багш 2 хамтран хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг нэмэгдэж, хүүхдийн хөгжлийн ахицад эерэгээр нөлөөлсөн үр дүнтэй.

     

  2. Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн бага боловсролын сургалтын менежер Н.Пүрэвсүрэнгийн санаачилгаар 2016 оноос “Уртын дуугаа дуулж өвлөцгөөе” төсөл хэрэгжсэн. Суралцагч уртын дуу дуулж сурах явцдаа эрэл хайгуул хийж, бүтээлчээр сэтгэх, хамтран ажиллах, монгол арга ухааныг эргэцүүлэн бодох зорилготой бөгөөд эцэг эхийн дэмжлэгээр 108 сурагчдад хувцастай болсон. Энэхүү төслийн хүрээнд 2016 онд бага ангийн сурагчдын 58%, 2017 онд 71% хамрагдсан. Монгол хүн гэдгээрээ бахархаж, өв соёлоосоо суралцдаг болсон үр дүнтэй.

     

  3. А.Наранцацрал эрхлэгчтэй “Их монголын үрс” цэцэрлэгийн хамт олны санаачилгаар бага насны хүүхдийн соргог мэдрэмжтэй хөгжлийн суурь үед нь хөгжмийн хэмнэл, сонсголын мэдрэмжийг хөгжүүлэх ба тэсвэр тэвчээр, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг ахиулах зорилгоор “Хөгжмийн сургалт”-ыг 2016 оноос эхлэн зохион байгуулсан байна. 220 багш, хүүхэд хамрагдсан бөгөөд “Их монголын үрс” цэцэрлэгээс 15.000.000 төгрөгөөр санхүүжигдсэн энэхүү ажлын үр дүнд “Алтан-Цом” урлагийн наадамд хөгжим, бүжгийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медальт байр эзэлсэн амжилтуудтай.

 

Баянгол дүүрэг:

  1. Монгол Улсын Гавьяат багш, Монгени цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва нь 2017 оноос “Программчлагдсан робот” ажлыг санаачилсан бөгөөд хүүхэд залуусыг инженерийн сэтгэлгээтэй болгох зорилгоор эхлэн зохион байгуулсан. Технологийн ахлах сургууль, Монгени цогцолбор сургуулийн санхүүжилтээр 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 60 багш, 300 сурагч хамрагдаж, хүүхдүүд тооцоолол, судалгааны арга ухаанд суралцаж эхэлсэн үр дүнтэй.

     

  2. Хэл шинжлэлийн ухааны доктор, Шинэ эхлэл сургуулийн Монгол хэл, бичгийн багш Д.Туяагийн сурагчдын судлаач байх боломжийг ээлжит хичээлийн төлөвлөлтийн арга зүйгээр шийдвэрлэж болохыг харуулах зорилгоор “Ус уух хувь заяа” ажлыг 2017 оноос санаачилсан бөгөөд энэ ажилд 30 багш, 1540 сурагчид хамрагдсан байгааг дуулгахад таатай байна. Сурагчид судалсан зүйлээ олон талаас нь харж үнэлгээ дүгнэлтэд суурилж, илэрхийлж байгаа байдал, бусдын үзэл бодолтой харьцуулсан үнэлгээ дүгнэлт, гаргаж байгаа байдал, сурагчид үнэлгээг өөрсдөө хэрхэн удирдан хийж байгаа нь эерэг үр дүн гарсан.

     

  3. Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуулын санаачилгаар “Сургалтын хэрэглэгдэхүүн декупаж урлал” шинэлэг ажил нь 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Сургалтад олон төрлийн хэрэглэгдэхүүн ашиглаж хичээлийг сонирхолтой заах арга зүйг эзэмшүүлэх зорилготой энэ ажилд багш нарын бүтээлийн сангаар 1.200.000 төгрөгөөр санхүүжигдэж, 80 багш, 640 хүүхэд хамрагдсан байна. Багш нар гарын доорх материал ашиглан хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх аргад суралцсанаар багшийн ажил 50% хөнгөвчлөгдсөн ололттой.

 

Хан-Уул дүүрэг:

  1. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Эко дүүрэг” аяныг сургууль, цэцэрлэгүүдэд эко орчин бүрдүүлэх зорилгоор 2017 оноос зохион байгуулж эхэлсэн. Сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн нөөц, боломжоор санхүүжигдэж, дүүргийн 3 сургууль, 10 цэцэрлэг хамрагдсан. Энэ ажлын үр дүнд сургууль, цэцэрлэгүүд эко булан байгуулж, байнгын ажиллагаатай болгож чадсан.

     

  2. Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ч.Энхтуул 2017 оноос санаачилсан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “ЗӨВ ХҮҮХЭД-ЗӨВ ИРЭЭДҮЙ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг эхийн амлалт баталгаажуулах ёслол” нь 300 гаруй хүүхэд, 39 багш, ажилтан, 600 гаруй эцэг эх хамрагдсан. Энэ ажлын хүрээнд 8675 орчим сургалтын хэрэглэгдэхүүн, цэцэрлэгийн ил тод, аюулгүй байдлыг хангаж цэцэрлэгийг камержуулж, хүүхэд суралцах таатай, тухтай орчин дахин бүрдүүлээд байна.

     

  3. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Ихзаяагийн санаачилгаар “Монгол хүн” хүмүүжлийн аяныг идэвхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлтэй тэмцэх, аавуудын үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ааваараа бахархана” өдөрлөгийг 2017 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэхүү ажилд тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 56 багш, аавуудын төлөөлөл 189 тэргүүний аавууд хамрагдсан. Дүүргийн Засаг даргын төсвөөс 1.200.000 төгрөгөөр санхүүжигдсэн байна. “Аавдаа бичих захидал” уралдаан явуулж, аавуудын нэгдсэн уриалга гаргаж цаашдын ажилдаа тусган хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Чингэлтэй дүүрэг:

  1. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир 2015 оноос байгууллагын менежментийг сайжруулах зорилгоор “Ажлын төлөвлөлт” ажлыг санаачилсан юм. Дүүргийн хэлтэс алба, сургууль, цэцэрлэгийн удирдлага нийт 200 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд дүүргийн хэлтэс алба, сургууль, цэцэрлэгийн хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагаа сайжирсан амжилттай.

     

  2. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгалийн санаачилгаар бага ангийн багш нарыг чадваржуулах зорилгоор “Бага ангийн багш нарын ур авьяасын уралдаан”-ыг 2016 оноос зохион явуулж байгаа билээ. Энэ уралдаанд 350 гаруй багш, 20 000 гаруй сурагч хамрагдаж, бага ангийн багш нарын заах арга барил, ур чадвар сайжирч хүүхдийн сурлагын амжилтад ахиц гарсан амжилттай.

     

  3. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаагийн санаачилсан “Бид бүгдээрээ хөгжимчин” төсөлт ажил нь хүүхдэд урлаг гоо зүйн мэдрэмж олгох, хөгжмийн хэмнэл аялгууг сонгож, энгийн хөгжмийн зэмсэг ашиглан хөгжим тоглох зорилготой хэрэгжсэн бодит ажил юм. Энэхүү ажилд 111 багш 2984 хүүхэд, 260 эцэг эх хамрагдсан бөгөөд бага насны хүүхдийг энгийн болон ардын хөгжим тоглох арга зүйд сургаж, авьяасыг хөгжүүлсэн ололттой.

Сүхбаатар дүүрэг:

  1. Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Сосорбарам 2014 оноос эхлэн санаачилсан “Монгол хүүхдийн мөрөөдлийн газрын зураг бүтээх аргачлал” нь сурагчдын хүсэл мөрөөдлийг илрүүлэх, сурах чиглэл-ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход зөвлөн туслах зорилготой юм. Нийт 296 сурагч, 27 багш хамрагдсан бөгөөд тус арга зүйгээр дамжуулан багшийн хөгжлийн дэмжих замаар хүүхэд бүрийн хөгжил төлөвшилд Тогтвортой хөгжлийн бодлогын алсыг харах стратегийн цогц чадамжийг хэрэгжүүлэх, сурах чиглэл ажил мэргэжлийн чиг баримжаанд шинэ хандага төлөвшүүлж буй ололтуудтай.

     

  2. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал нь 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн санаачилсан “Нүүр тулсан уулзалт” өдөрлөг нь сурагчийн сурлагын түвшин, төлөвшлийн байдал, давуу болон сул тал, хандлагыг мэргэжлийн багш бүр тодорхойлж эцэг эхэд мэдэгдэх, “зангиагүй” яриа өрнүүлж хүүхдээ ойлгох, цаашдын зорилгоо нэгтгэх, сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчдын хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлох, эцэг эх олон нийтийн оролцоог сайжруулах зорилготой юм. Энэхүү ажлыг “Бид арваннэгдүгээр сургуулийнхан” ТББ санхүүжүүлдэг. 32 багш, 19 захиргаа аж ахуйнхан, 681 сурагчид хамрагдсан бөгөөд эцэг эхийн үнэлгээгээр нийт үзүүлэлтийн 79,8 хувьд хангалттай сайн гэж үнэлсэн байна.

     

  3. Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Я.Отгонжаргал 2015 оноос эхлэн санаачилсан “Хүүхдийн урлан” ажил нь хүүхдийг зурах, жүжигчилж тоглох явцад хөгжүүлэх зорилготой бөгөөд багш, ажилчид, эцэг эхийн дэмжлэгээр хийгдсэн юм. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү ажилд 15 багш, 13 туслах багш, 553 хүүхэд хамрагдсан бөгөөд 2-3 удаа 3-5 хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн гаргасан. 2018 оны байдлаар хүүхдийн ахисан түвшин 79 хувьд хүрсэн амжилттай.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ