“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо
ОГНОО : 2018/04/03 УНШСАН: 280

“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо.

Сургалтын нээлтэд нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна.

Сургалт энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хамрагдах ажээ.

Сургалтаар бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргүүлэх талаар яригдсан ба сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна.

Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан бөгөөд уг ажлын хүрээнд ЭМЯ-аас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ  хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн.

Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулиас ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, “Гүүд нейборс” ТББ-ын дэмжлэгтэйгээр 4000 ширхэгийг хэвлүүлж тараажээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ