“МОНГОЛ ХҮН БЭЛТГЭХЭД ЕБС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
ОГНОО : 2018/03/09 УНШСАН: 469

“МОНГОЛ ХҮН БЭЛТГЭХЭД ЕБС-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар паласын Их танхимд боллоо.

Зөвлөгөөд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, БСШУСЯ-ны СӨБ-ийн бодлогын газрын дарга Б.Үүлэнсолонго, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын хурлын даргын урилгаар ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер болон дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар, 3000 гаруй багш оролцож боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцлоо.

НИТХ-ын дарга С.Амарсайхан, "Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа. Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль, багшийн хөгжлийн чиг хандлага, сурагчдын сурах  хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Хүн болох багаасаа" гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан олон ажлууд хэрэгжиж байгаа" гэлээ.

Мөн зөвлөгөөнд НИТХ-ын урилгаар  ирсэн ХБНГУ-ын  Потсдамийн  их сургуулийн доктор, профессор ноён  Брэнд Майер  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх "PISA" олон улсын сурлагын амжилтын үнэлгээний  шалгалтад хэрхэн бэлтгэх, ОУ-ын боловсролын шинэ ойлголт, Даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар илтгэл тавилаа.

"PISA"-д хамрагдснаар тухайн улсын боловсролын стандарт ОУ-ын стандарттай хэрхэн дүйж байгаа эсэхийг  тодорхойлохоос  гадна  хамгийн сайн боловсрол эзэмшүүлж буй орнуудын боловсролын онцлог, нөгөөтэйгүүр бусад улс орнуудын сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт зөв шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжийг олгодог байна.

Манай улс  2014 онд УИХ-аар  батлагдсан 2024 он хүртэлх төрөөс боловсролын  талаар баримтлах бодлогын хүрээнд цөм хөтөлбөрөө  батлуулж  олон  улсад магадлан итгэмжлүүлэх юм. Үүний дараа  2021 онд "PISA" буюу эдийн засаг хамтын ажиллагааны  хөгжлийн байгууллагаас  зохион байгуулдаг  ОУ-ын боловсролыг зэрэгжүүлдэг шалгалтад орохоор болжээ.

Мөн “Монгол хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломж”-ийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.

2020 хүртэл 4 үе шаттайгаар үргэлжлэх  “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны  зорилго нь Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, зөв шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ