“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төсөл хэрэгжиж байна
ОГНОО : 2018/03/02 УНШСАН: 1192

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг

дэмжих нь” төсөл хэрэгжиж байна

 

Монголын Эмэгтэйчүүдийн Сан  /МОНЭС/ нь 2017 оны 1-р сараас эхлэн Ананда ОУБ-ын санхүүжилтээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” /2017-2019/ төслийг гурван жилийн хугацаатай Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 11 цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд төслийн хүрээнд БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, МУБИС-СӨБС, ГБХЗХГ, Хөөрхөн зүрхнүүдийн аян, Хүүхэд хамгааллын сүлжээ ТББ-уудтай хамтран ажиллаж байна. 

Төсөл нь бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт  (хүүхэд, эцэг эх, багш) болон олон талт оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх тогтолцоо бий болгох зорилготой юм.

Төслийн эхний жилд суурь судалгааны мэдээллийг цуглуулж, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр  ажилладаг  төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран  4 -5 настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын  арга зүйг боловсруулсан.  Тус сургалтын модулиудаар Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Дорнод аймгийн 11 цэцэрлэгийн 207 багш, туслах багш нарт, 3 аймаг 5 дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, ГБХЗГ-ын мэргэжилтэн, орон нутгийн таван ТББ, сум/хорооны зургаан хамтарсан багийн гишүүдийг Сургагч багшаар  бэлтгэлээ.

Сургалтаар бэлтгэгдсэн цэцэрлэгийн багш нарт бага насны хүүхдэд биеийн нууц хэсэгт хэн хүрч болох, болохгүй, хэрэв хэн нэг нь тэдний биеийн нууц хэсэгт хүрвэл хэнд, хэрхэн мэдээлэх талаар сургалт арга зүйг явуулсан ба эцэг эх асран хамгаалагчдад бага насныхаа хүүхэдтэй хүчирхийллийн асуудлаар хэрхэн ярилцаж, хамгаалах, хүчирхийллийн тохиолдлыг хаана мэдээлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг олгох сургалтад давхар хамрууллаа.

Цаашид төслийн хүрээнд бага насны хүүхдүүдэд зориулсан гурван цуврал сургалтын хүүхэлдэйн кино боловсруулагдан гарах ба киноны агуулгаар дамжуулан бага насны хүүхдэд өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэг, чадварыг олгох зорилготой юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ