МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТӨРӨЛХ СУРГУУЛЬДАА ЗОЧИЛЖ, Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2018/02/02 УНШСАН: 157

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТӨРӨЛХ СУРГУУЛЬДАА ЗОЧИЛЖ, Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх  нийслэлийн ерөнхий боловсролын II дунд сургуульд зочилж, сургуулийн өмнөх жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Д.Сүхбаатар жанжны нэрэмжит II сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн бөгөөд тэрээр жанжны нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж, энд суралцаж байгаа та бүхэн жанжны нэрээр нэрлэгдсэн сургуульд данстай яваа нь нэр төрийн хэрэг гэж хэлье. Та бүхэн минь эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг захин, сайн сайхан бүхнийг хүсэе хэмээн сэтгэлийн үгээ хэлж, ерөөлөө.

Мөн энэ Засгийн газар 2018 онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж улсын хэмжээнд 127 цэцэрлэг, 93 сургууль, нийслэлийн хэмжээнд 34 сургууль, 52 цэцэрлэг, 5 спорт заал, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана. Ингэснээр гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болж, хүүхдүүд азын сугалаагаар цэцэрлэгт ордог цагийг бид халах болно.

Жанжин Д.Сүхбаатарын түүх бол Монгол Улсын тусгаар тогтнолын түүх. Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлж, туурга тусгаар болгохын төлөө амь хайргүй тэмцэж явсан, МАН-ыг үүсгэн байгуулсан анхны долоогийн нэг Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх учиртай гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш, сурагчидтай уулзах үеэрээ тэмдэглээд 1948 оны 02 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид тогтоол гарган II сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон гэдгийг онцоллоо. Нийслэлийн шилдэг, Сүхбаатар дүүргийн тэргүүний энэ сургууль өдгөө 140 багш, ажилчин, 2850 сурагчтай бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын стандарт хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаа, үр дүнг тогтмол үнэлж сайжруулах зорилго тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ