Ч.Ганцэцэг: Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй багш, удирдах ажилтнууд онлайнаар саналаа өгөх боломжтой
ОГНОО : 2018/01/17 УНШСАН: 188

Ч.Ганцэцэг: Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй багш, удирдах ажилтнууд онлайнаар саналаа өгөх боломжтой

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн маргааш болно. Үүнтэй холбоотойгоор бид БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын чанарын үнэлгээний бодлого хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганцэцэгтэй ярилцлаа. 

 

- “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний ач холбогдол нь юу вэ? 

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ хариуцан  “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 18 -наас хоёрдугаар сарын 03 өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Энэхүү улсын зөвлөгөөн нь 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн зөвлөгөөн нь Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг багш, удирдах ажилтны оролцоотой хэлэлцэж, тэдний санал бодол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, ерөнхий боловсролын үйлчилгээний чанарт ахиц гаргах зорилготой. Ингэснээр Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэх юм.

- Зөвлөгөөнд ерөнхий боловсролын салбарын багш, удирдах ажилтнууд оролцно гэсэн хэчнээн багш оролцох вэ? 

- Зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургууль бүрээс нийт багш, удирдах ажилтны 10% буюу 3,400 төлөөлөгч хамрагдана. Үүнээс багш 60%, сургуулийн захирал, менежер 30%, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн 10% оролцоно. Зөвлөгөөнийг Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд 3 хэсэг болгон зохион байгуулна.

Харин хөдөө орон нутагт Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 03 хүртэл зохион байгуулна. 

- Тэгвэл зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй багш, удирдах ажилтнууд хэрхэн саналаа өгөх вэ?

- Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтанд үг хэлэх, боловсролын бодлогод санал бодлоо тусгах бүрэн боломжтой. Зөвлөгөөнтэй холбоотой бүх мэдээ, мэдээллийг www.zuvluguun.edu.mn цахим хуудсанд байршуулсан. Энэхүү сайтаар дамжуулан багш, удирдах ажилтан, олон нийт саналаа өгөх боломжийг бүрдүүлсэн. 

- Зөвлөгөөнөөр ямар ямар асуудлыг авч хэлэлцэх вэ? 

- Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл, Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл, Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл, Хүүхдийн хөгжил, хамгаалал,хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл гэсэн үндсэн 4 чиглэлээр хэлэлцэнэ. Чиглэл тус бүрээр нийт 16 дэд асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно. 

Эх сурвалж: http://ikon.mn/n/177y
Сэтгэгдэл
Шинэ мэдээ