"Театр үзэгч" хөтөлбөрийн хүрээнд уралдаанууд зохион байгуулагдана.
ОГНОО : 2017/03/28 УНШСАН: 1014

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. Театр хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Анх 1962 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг олон улсын театрын баярын өдөр болгон дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэн ирсэн бөгөөд манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж  байна.  Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид болон театрын урлагийн үнэнч  бяцхан үзэгчдийн баярын өдөр юм.

Дэлхийн Театрын өдөртэй холбогдуулан УДЭТ-аас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд АЖ Н.Сувд, ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, Сультимов Доржо Норбосампилович, Дорнод Сибирийн Соёл Урлагийн Их Сургуулийн профессор ОХУ-ын гавьяат жүжигчин Төрийн шагналт найруулагч Бадагаева Туяна, АЖ Сарантуяа, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх болон УДЭТ-ын удирдлага, уран бүтээлчид оролцлоо.

Энэ жил “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн,  дунд ангийн сурагчдын дунд “Царцаа Намжил” шилдэг бүтээлийн, бага ангийн сурагчдын дунд “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, СУИС-тай хамтран зарласан бөгөөд шалгаруулалтыг 04 дүгээр сард 3 үе шаттайгаар зохион явуулна. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ