ЦАЦРАГИЙН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/10/16 УНШСАН: 855
XXI дүгээр зуунд Монгол Улс  “Шинжлэх ухааны шинэ мэдлэг, дэвшилтэт технологид суурилан хөгжигч улс байх” зарчмыг мөрдлөг болгож, 2020 он гэхэд улсын нийгэм эдийн засгийн зүтгүүр болох үндэсний инновацийн тогтолцоог төлөвшүүлэх, шинэ, дэвшилтэт мэдлэгийг бий болгох, ашиглах замаар ард түмнийхээ амьдралын чанар, аюулгүй байдлыг хангаж чадахуйц шинжлэх ухаан, технологийн дэвшил, хөгжлийн тогтолцоог тасралтгүй дэмжих, дэлхийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулагч үндэстэн байхад чиглэнэ  гэсэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын алсын хараанд суурилан дэвшилтэт цөмийн техник, технологийг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, нутагшуулах, улмаар үндэсний технологи бий болгох, судалгааг өргөжүүлэх, цөмийн болон цацрагийг аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангуулах, цөмийн технологийн үр өгөөжийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чадварлаг, мэргэшсэн хүний нөөц чухал үүргийг гүйцэтгэнэ.

Иймээс Цөмийн энергийн салбарт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн хүний нөөцийн бүрдүүлэх, мэргэшүүлэх, давтан сургахад олон нийт, тухайлбал дунд сургуулийн багш нарын хувь оролцоо маш чухал үүрэгтэй юм. 

Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 80 гаруй физикийн багш нарт Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 2017 оны 10 дугаар сарын сарын 12-ны өдөр цөмийн энергийн салбарын болон цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын агуулга нь ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, цөмийн технологийн энхийн хэрэглээ, цөмийн эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөв, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, ураны нөөц, ашиглалт олборлолтын технологи, Монгол Улсын цөмийн энергийн салбарын хууль эрх зүйн орчин, ерөнхий боловсролын сургуульд физикийн хичээлээр судлах цөмийн тухай ойлголт бүлгийн агуулга  Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тухай танилцуулга, түүнчлэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах зэрэг мэдээлэл байв. 

Сургалтын явцад цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмж,түүний төрлүүд, хэрэглээ, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгслийн талаар танилцуулж, хамгаалалтын хувцас, хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар дасгал ажил гүйцэтгэв. 

Олон нийт, оюутан сурагч, багш нарт зориулан  Япон Улсын сурагчдад зориулан хэвлэгдсэн цацрагийн үндсэн ойлголт, хүний эрүүл мэндэд цацрагийн үзүүлэх нөлөө, олон төрлийн зориулалттай хэмжих багаж төхөөрөмж, ослын үеийн бэлэн байдал, цацрагийн төрөл бүрийн хэрэглээний талаарх “Ионжуулагч цацрагийн талаар мэдлэг олж авцгаая”сургалтын материалыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 2016 онд монгол хэл дээр хөрвүүлсэн ба сургалтад оролцсон багш нартаа бэлэг болгон гардууллаа. Сургалтын энэхүү материал нь дунд сургуулийн сурагчдад цөмийн шинжлэх ухааны талаар сонирхол төрүүлэх болон боловсролын салбарын сургалтын хөтөлбөрт багш нарын гарын авлага, сурагчдын  унших эх сурвалж бүрдүүлэх маш чухал ач холбогдолтой болжээ гэдгийг Олон улсын атомын энергийн агентлагаас илэрхийлсэн байна

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ