32 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2017/12/20 УНШСАН: 1498

ХАН-УУЛ  ДҮҮРГИЙН Т.ЭНХБОЛДЫН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 32 ДУГААР СУРГУУЛЬ

ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн П.Энхболдын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 32 дугаар сургууль шинэ байрны нээлтээ хийлээ.

640 хүүхдийн хүчин чадал бүхий тус сургуулийн байрны бүтээн босголтыг улсын төсвийн концессоор, 5.8 тэрбум төгрөгийн өртөгөөр “Ганьт” ХХК-ий хамт олон хийж гүйцэтгэсэн байна.  

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Лу.Болд, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, ХУД-ийн Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

Ийнхүү тус сургуулийн шинэ байр ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэж байсан сурагчид 1 ээлжинд шилжиж сурах тав тухтай орчинтой боллоо.

Мөн 160 гаруй хүүхэд нэгэн зэрэг сууж ном унших хүчин чадалтай, иж бүрэн тохижилттой номын сангийн заал, бялдаржуулах танхим ирсэн зочдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.

“Шинэ сургуулийн байр ашиглалтанд орох хугацаанд өөр сургууль дээр хичээллэж байсан багш, сурагчид маань өнөөдөр шинэ хичээлийн байрандаа халуун бүлээрээ эргэн цуглаж байгаад үнэхээр их баяртай байна. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа монгол уламжлалт ёс заншлаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч чадварлаг монгол иргэн хүмүүжүүлэх болно.” хэмээн 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр хэлсэн юм.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ