НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
ОГНОО : 2017/12/19 УНШСАН: 520

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

БНСУ-ын Сөүл хот, Ёжү хотын Боловсролын газар, Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд  нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан баг Сөүл хотын Боловсролын газрын урилгаар 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд айлчлал хийж тус улсын боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

Айлчлалын үйл ажиллагаанд Монгол улсын талаас нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлал боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгах, тус улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжуудыг судалсан, үр ашигтай айлчлал боллоо.

БНСУ-ын Нийслэлийн Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад санал бодлоо  солилцон, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш нарын дунд сургалт зохион байгуулах,  ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг тэтгэлэгт хамруулах, компьютер бэлэглэх зэрэг олон ажил хийгдсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Төлөөлөгчид Сөүл хотын Боловсролын газрын номын сангаар айлчиллаа. Номын санд орон орны ном, сурах бичиг байсан ба нийслэлийн орлогч дарга Ш.Анхмаа солонгост суралцдаг монгол хүүхдүүддээ зориулж ерөнхий боловсролын бага ангийн сурах бичгийн багцыг тус номын санд хандивлахаар боллоо.

Дараа нь Сөүл хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулийн захирал И Ган Э-д талархлаа илэрхийллээ. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлын нэг нь хүүхдүүдийн боловсролын талаарх асуудал байдаг. Энэ тал дээр харамгүй сэтгэл гаргаж, тусалж байгаад талархаад хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас санаачлан Сөүл хотын Самюк эрүүл мэндийн их сургууль, Ёжү хотын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 37 удирдах ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд хөтөлбөрийн дагуу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцах танхимын сургалтад хамрагдахаас гадна БНСУ-ын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцлаа.

Мөн Монгол Солонгосын боловсролын байгууллагуудын хооронд шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоох бүтээлч ярилцлагууд өрнөж байлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ