“Дотоод орчны бохирдол түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ОГНОО : 2017/12/06 УНШСАН: 93

“Дотоод орчны бохирдол түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

 

2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг хэрэгжүүлэгч Байгаль орчин аялал жуулчлалын яам, нийслэлийн Боловсролын газар хамтран “ДОТООД ОРЧНЫ БОХИРДОЛ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар дотоод орчны  бохирдол гэж юу болох, ямар ямар эх үүсвэрээс бий болдог болон энгийн аргаар сэргийлэх ямар арга замууд байдаг тухай нэгдсэн мэдээлэл, зөвлөмжийг мэргэжлийн судлаач, багш нар өглөө. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс авч буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газраас санаачлан нийслэлийн бүх сургууль цэцэрлэгийн анги, бүлгүүдэд дотоод агаар цэвэршүүлэх HEPA шүүлтүүрийг нийлүүлэх саналыг гаргаж улмаар Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдлаа.

2016 онд “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд гэр хороололд байрлах 4 цэцэрлэгийн 8 бүлгийг сонгон авч өндөр нягтаршил бүхий шүүлтүүр /HEPA/-тэй агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулан харьцуулсан туршилт хийж дотоод орчны агаарын бохирдлыг 3,2 дахин бууруулж, хүүхдийн нойрсох хугацааг уртасгаж байгааг судлан тогтоосон байна.

Судалгаанд үндэслэн анхны 200 төхөөрөмжийг агаарын бохирдол ихтэй бүсэд байрлаж буй  51 цэцэрлэгийн анги бүлэгт суурилуулсан.

2017 онд 750 ширхэг төхөөрөмжийг ханган нийлүүлснээр агаарын чанарыг сайжруулах нэг болон хоёрдугаар бүсэд байрладаг 91 цэцэрлэг дотоод орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсон. Энэ ажлын үр дүнд агаарын бохирдолд хамгийн их өртөмхий 2-5 насны  31000 гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдсэн байна.

Мөн дээрх сургалтын хүрээнд агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж байгаа цэцэрлэгүүдийн арга зүйч нарт уг төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах заавар, цаашид урт удаан хэрэглэх зөвлөмжийг өглөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ