Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэж байгаа ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ОГНОО : 2017/12/05 УНШСАН: 189

Монгол Улсын Ерөнхий сайд  Ухнаагийн Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

 

            2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургуулийн 154 бүлэгт 6154 хүүхэд гуравдугаар ээлжинд хичээллэж, 152 багш, 140 ажилтан, ажилчид илүү цагаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд ажиллалаа.

Тус сургууль дээрх үйл ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БСШУСЯ-ы сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, НЗД-ын орлогч Ш.Анхмаа, Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, ерөнхий сайдын зөвлөхүүд болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга болон 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэл хотод 2016-2017 оны хичээлийн жилийн эхэнд 3 ээлжээр хичээллэж байгаа сургууль 31 байсан бол шинээр ашиглалтад орсон сургууль, хамран сургах тойргийн зохицуулалтыг оновчтой зохион байгуулсны үр дүнд  өнөөдрийн байдлаар нийслэлд 20 сургууль болж буурсан байна.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй 20 сургуульд 152 бүлгийн 6154 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна.

МУ-ын 2018 оны төсөвт нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 сургууль, 26 сургуулийн өргөтгөл барих хөрөнгө тусгагдсанаас гадна Азийн Хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 2 сургууль, 7 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар 7 сургууль, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөлийн барилга тус тус баригдахаар болсон.

Дээрхи хөрөнгө оруулалтын ажил хийгдсэнээр 3 ээлжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэх юм.

СХД-ын 65 дугаар сургууль 2007 оноос хойш 10 дахь жилдээ 3 ээлжээр хичээллэж байгаа бөгөөд 3545 сурагчтай, үүнээс гуравдугаар ээлжинд гурав, дөрөвдүгээр ангийн 12 бүлгийн 493 сурагч хичээллэж байна.

Тус сургуулийн хувьд 2018 онд 640 хүүхдийн хүчин чадал бүхий өргөтгөлийн барилга баригдана. Барилгын нийт төсөвт 3 тэрбум төгрөг тусгагдсанаас 900 сая төгрөг нь  2018 оны төсөвт батлагдсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцлаа. Бага ангийн сурагчид гуравдугаар ээлжинд хичээллэж оройтож тардагаас болж зам, тээврийн осол гэмтэл, эрсдэлд өртөх магадлал өндөр, хүүхэд хөгжүүлэх дугуйлан, сонгон хичээллэх боломжгүй, оройтож гэртээ очдог болохоор гэрийн даалгавар хийх цаг хомс, үүнээс болж хичээлийн хоцрогдол үүсч байна, мөн 19 цагт хичээл тарахад  гэрэлтүүлэггүй харанхуй, согтуу хүмүүс, нохойноос айдаг гэсэн олон бэрхшээлийг хүүхдүүд ярьж байлаа.

Тэрээр нийслэлийн гурван ээлжийн сургуулийн гуравдугаар ээлжинд ажиллаж байгаа багш, захиргааны болон үйлчилгээний ажилчдын илүү цагийн хөлсөнд шаардлагатай төсөв мөнгөний асуудлыг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад үүрэг болголоо.

Мөн гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг хотын удирдлагуудад, эдгээр  сургуулиудын орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, эргүүлийн цагдаа нэмж ажиллуулахыг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид тус тус үүрэг болголоо. 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ