БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 38 ДУГААР СУРГУУЛЬ ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
ОГНОО : 2017/10/25 УНШСАН: 886

БАЯНГОЛ  ДҮҮРГИЙН АЛЕКСАНДР ФОН ХУМБОЛЬДТЫН НЭРЭМЖИТ
ГЕРМАН ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
38 ДУГААР СУРГУУЛЬ 
ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Александр Фон Хумбольдтын нэрэмжит герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургууль шинэ байрны нээлтээ хийлээ.

Сургуулийнхаа “38” гэсэн тоог билэгдэж, тус сургуулийн захирал Ч.Отгондаваа өөрийн сургуулийн 37 багшийн хамт Н.Жанцанноровын хөгжим “Цагаан суварга” хөгжмөөр нээлтээ эхлүүлсэн нь өвөрмөц сонирхолтой гэнэтийн бэлэг боллоо.

1500 хүүхдийн хүчин чадал бүхий тус сургуулийн  байрны бүтээн босголтыг улсын төсвийн концессоор, 14.8 тэрбум төгрөгийн өртөгөөр “ӨВМТХ” ХХК-ий хамт олон 2015-2017 оны хооронд  хийж гүйцэтгэсэн байна. 

Тус сургуулийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн  Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл  болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Бага боловсролыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан 3000 долларын өртгөөр тохижуулсан 1-5 дугаар ангийн хүүхдийн уншлагын танхим, Японы Ротари клубын хөрөнгө оруулалттай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжмөөр хөгжүүлэх зорилготой “Бяцхан хөгжимчид” төсөлд хамрагдан 3,5 сая төгрөгийн өртгөөр тохижуулсан хөгжмийн анги, мөн эцэг эхчүүдийн хандив, тусламжаар тохижуулсан ёслол хүндэтгэлийн танхим, сургуулийн эмчийн өрөө гээд олон сайхан ажил хийгдсэн нь зочдын талархлыг хүлээж байлаа.

Гурван жил гаруй хугацаанд сургууль дамжин хуваагдан хичээллэж байсан багш, сурагчид маань өнөөдөр шинэ хичээлийн байрандаа халуун бүлээрээ эргэн цуглаж байгаад үнэхээр их баяртай байна. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа монгол уламжлалт ёс заншлаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд анхаарч чадварлаг монгол иргэн хүмүүжүүлэх болно.

Дүүргийн хамран сургах тойргийн хүүхдүүдээс гадна герман хэл сурах сонирхолтой Баянгол дүүргийн аль ч сургуулиас хүүхдүүд манай сургуульд сурч болно” хэмээн 38 дугаар сургуулийн захирал Ч.Отгондаваа хэлсэн юм.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ