Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх өдрийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
ОГНОО : 2017/10/06 УНШСАН: 351

Дэлхийн багш нарын 23 дахь өдөр, Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

 

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр                                                                      Улаанбаатар хот


Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр өнөөдөр тохиож, Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадуудад  зориулсан баярын арга хэмжээ боллоо.

1966 оноос уламжлал болгон тэмдэглэж ирсэн энэ өдөр эрдмийг эрхэмлэдэг, багш нарын алдрыг хүндэтгэдэг өдөр юм.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр Баянгол дүүргийн Ө.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа.

Харин нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ТОЛЬТ” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль тодорсон юм.

Оны тэргүүний эрхлэгчээр Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Хоролмаа шалгарлаа.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулав

Сэтгэгдэл
Шинэ мэдээ