“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” УЛСЫН II ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
ОГНОО : 2018/01/18 УНШСАН: 668

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ” УЛСЫН II ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийж, багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар зөвлөлдөж эхэллээ.

Зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор БСШУСЯ санаачлан /Ерөнхий зохион байгуулагч/, Монгол улсын боловсролын их сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн,  нийслэлийн Боловсролын газар, Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Урлагийн газруудтай хамтран зохион байгуулж байна.

Улсын хоёрдугаар зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нээж илтгэл тавилаа. Тэрээр: “....Монголын боловсрол, монголын багш нар монгол ухаан, соёл, уламжлал, эрдэм боловсролыг хойч үед өвлүүлж, монгол хүний хөгжлийг хангаж, улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгааг хангах эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Зөвхөн сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахууны цагаар багшийн ажлын нормыг тогтоож, сургалтыг тооцон санхүүжүүлдэг санхүүгийн тогтолцоог өөрчлөх шаардлага бий болж байна. Сонгон, секц, дугуйланг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орон зай, цагийн нөөц, хичээлийн бүрэлдэхүүн хэсэг болгож, санхүүжүүлэх шаардлага гарч ирж байгаа.Сургалтад мэдээлэл, холбооны технологийг нэвтрүүлэх, цахим сургалт, боловсролын нээлттэй эх үүсвэрүүдийг хөгжүүлж бусад нөөц бололцоог өргөнөөр ашиглах замаар хөтөлбөрийн зорилтыг бүрэн хангах, сургалтыг чанартай, үр дүнтэй болгох шаардлага бий болж байна..” гэж илтгэлдээ онцоллоо.

Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд Ерөнхий боловсролын салбарын эрх зүйн орчин, зарим дүрэм, журмуудыг шинэчлэх төслийг хэлэлцэж, Багшийн цалин хөлсний бодлогын шинэчлэл, ажлын үр дүнгээс хамаарсан урамшууллын тогтолцоо бүрдүүлэн бодит орлогыг нэмэгдүүлэх,  нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, боломжуудыг хэлэлцэн санал, зөвлөмж боловсруулна.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, суралцагчийн үнэлгээний чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэж, цаашид боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна. Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургуулийн орчны хүчирхийллээс сэргийлэх,  хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  бодлогын чиглэлийг хэлэлцэн тодорхойлж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн. Зөвлөгөөнд оролцогчдын  70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм.

Зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцоогүй хот, хөдөөгийн багш нар, удирдах ажилтнууд www.zuvluguun.edu.mn сайтаар дамжин онлайнаар оролцож, боловсролын бодлогод санал бодлоо тусгах боломжтой. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулснаар Боловсролын тухай хууль болон Бага дунд боловсролын тухай хууль, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход багш, удирдах ажилтны саналыг тусгах боломж бүрдэж байна.

Зөвлөгөөн Улаанбаатар хотод өнөөдрөөс эхэлж, 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ба ерөнхий боловсролын салбарын 36000 багш, ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнуудаас бүрдсэн нийт  3400 төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно.

Тус салбар зөвлөгөөнүүдийн хүрээнд ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг 4 чиглэл тус бүрээр нийт 16 дэд асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Салбар зөвлөгөөний сэдэв:

1.    Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл     - (МУБИС, 312 тоот танхим)

2.    Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл   - ( БХО, 202 тоот танхим )

3.    Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл        - (МУИС, Дугуй заал)

  4.     Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл  

         - МУБИС, Багшийн сургуулийн урлаг заал

Зөвлөгөөний хуваарь:

•      2018.01.18-19: Төрийн ордонд: Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай   

      дүүрэг, Төв аймаг

•      2018.01.22-23: Төрийн ордонд: Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг

•      2018.01.24-25: Төрийн ордонд: Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг

•      2018.01.28-29:  Ховд бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд

•      2018.01.28-29: Өвөрхангай бүс: Архангай, Баянхонгор, Дундговь,

      Өвөрхангай,   Өмнөговь

•      2018.02.02-03: Дорнод бүс: Дорноговь, Дорнод,Говьсүмбэр, Хэнтий,  

      Сүхбаатар

•      2018.02.02-03: Орхон бүс: Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл

Сэтгэгдэл
Шинэ мэдээ