НЯРАВ, ТОГООЧ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АНХАН ШАТНЫ БАРИМТ ХӨТЛӨХ ЗААВАР, АРГАЧЛАЛ, АРГАЗҮЙН ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2016/06/16 УНШСАН: 11424

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЯРАВ, ТОГООЧ  АЛБАН ТУШААЛТНУУДЫН  АНХАН ШАТНЫ БАРИМТ  ХӨТЛӨХ ЗААВАР, АРГАЧЛАЛ, АРГАЗҮЙН  ЗӨВЛӨМЖ

 

Байгууллагад байгаа эд хөрөнгийг дансалж байдаг албан тушаалтан нь нярав хүн байдаг.

Дансална гэдэг нь эд хөрөнгө, үнэт зүйл, бараа материалын  орсон гарсан хөдөлгөөнийг бүртгэлд тусгана гэсэн үг.
Няравын хамгийн түрүүнд сурсан байх зүйл  бол хариуцлагад байгаа эд хөрөнгийг хадгалах агуулах, бараа материалын нэр төрөл, чанар, хадгалалт хамгаалалт, марклалт болон санхүүгийн анхан шатны баримтууд, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар мэддэг байх ёстой.

Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааны эхний  шат болох  анхан шатны баримт бүрдүүлэхэд анхаарлаа  хандуулах нь чухал.

Ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог анхан шатны баримт гэдэг.

Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6 сарын 18-ны 171/111 дугаар хамтарсан тушаалаар төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг хавсралтаар баталсан.

Нярав албан тушаалтан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.5 дах заалт  “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 13.6 дах заалт “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7 дах заалт “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэснийг  тус тус дагаж мөрдөж ажиллана.

Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.

Файлыг татаж авах: ТАТАХ

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ