СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ ТАНХИМЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ
ОГНОО : 2016/05/18 УНШСАН: 10851

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АНГИ ТАНХИМЫН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

/2015-2016 оны хичээлийн жил/

Хичээлийн жил бүр сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил зөвхөн  тухайн байгууллага, хамт олноос гадна эцэг эх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг, хүчээр хийгдэж бүтэж байдаг ажил билээ. Энэ ажлыг чанаржуулах, сургууль цэцэрлэг, эцэг эх асран хамгаалагчдын хооронд ойлголцол, эерэг уур амьсгал бүрдүүлэх, сурагч багачуудын  сурах таатай орчныг сайжруулах  зорилгоор энэхүү зөвлөмжийг өгч байна.

Сүүлийн 3 хичээлийн жилд Боловсролын газраас баталсан "Нээлттэй мэдээллийн самбар" ажиллуулах үлгэрчилсэн  загварын дагуу нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд засварын ажлын гүйцэтгэл, зарцуулалтыг эцэг, эхчүүд, олон нийт, холбогдох газруудад ил тод мэдээлж, тайлагнасан. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн анги танхимын засвар хийхэд жил бүр төсөв хөрөнгө хүрэхгүй хүндрэл бэрхшээл үүсэж эцэг эхээс  мөнгө, материалын хандив авч уг ажлыг гүйцэтгэдэг байдал байсаар байна. Энэ  нь дараах нөхцлүүдээс үүсэж байна. Тухайлбал:

  1. 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 123 сургууль, 204 цэцэрлэгт нийт сургуулийн 197660, цэцэрлэгийн 70388 хүүхэд сурч хүмүүжиж, анги дүүргэлт улсын дунджаас хэт өндөр байгаагаас анги танхимын ашиглалт муудаж, өнгө үзэмжээ хурдан алдахад нөлөөлж байгаа бөгөөд улсын төсөвт тусгагдсан урсгал засварын зардлаар нь чанартай засвар хийхэд хүрэлцдэггүй.
  2. 2016 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн урсгал засварын зардал 286,7 сая төгрөг, цэцэрлэгийн урсгал засварын зардал 58,9 сая төгрөг нийт 345,6 сая төгрөг батлагдсан нь сургууль, цэцэрлэгийн анги танхим, нийтийн эзэмшлийн талбайг засварлахад хүрэлцэхгүйн улмаас сургалтын таатай орчин бүрдэхгүй байна.
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын урсгал засварын ажилд эцэг, эх асран хамгаалагчид мөнгө хандивлах, эд материалын дэмжлэг үзүүлэх талаар санал хүсэлт тавьдаг.
  4. Одоогоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийг, засварлахад дунджаар сургууль 300,0 мянган төгрөг, цэцэрлэгийн нэг ангийг засварлахад дунджаар 400,0 мянган төгрөг тус тус зарцуулж /Үүнд: Нийтийн эзэмшлийн талбай ороогүй/ байна. Энэ тооцооноос үзэхэд сургуулийн 5664 анги танхимын засварт 1699,2 сая төгрөг, цэцэрлэгийн 1406 анги танхимын засварт 562,0 сая төгрөг нийт 2261,2 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

 

 

Дээрх нөхцөл байдлаас үүдэн дараах асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болоод байна.

  1. Анги танхимыг бүрэн засварлах ажлыг эцэг эхийн зөвлөлтэй хамтран чанартай зохион байгуулах
  2. Хүүхдээ эрүүл ахуйн болон гоо зүйн шаардлага хангасан анги танхимд сургах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд хуулийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог хангах
  3. Сурагчийн зуны амралтаас өмнө анги танхимыг засах урсгал засварын зардлын тодорхой хувийг эцэг эхийн зөвлөлийн шийдвэрээр эцэг, эх асран хамгаалагч, аж ахуйн нэгжээс дэмжлэг авч гаргуулах асуудлыг шийдвэрлэх

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн хэд хэдэн үндэслэл байгаа нь уг ажлыг зохион байгуулах нэг гарц юм. Тухайлбал: “Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;[1] “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах”[2], “Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх[3] гэсэн заалтууд нь эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна.

Иймд  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн анги танхимын засварын ажлыг эдгээр болон бусад эрхзүйн зохицуулалтад үндэслэн эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор хийж гүйцэтгэхийг сургууль, цэцэрлэг, эцэг эх асран хамгаалагч нарт зөвлөж байна.

Зөвлөмжийн  хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.  Үүнд:

  1. Анги бүр эцэг эх, асран хамгаалагчдын оролцоотой баг гарган анги танхимыг засварлахад шаардлагатай бодит зардлын тооцоог хийж, эцэг эхчүүдэд танилцуулах

    2.    Ангийн эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцэж, анги танхимын засварын ажилд  эцэг эх, асран хамгаалагчдаас авах дэмжлэгийн хэмжээг зөвшилцөж тогтоох

    3.    Мөнгөнөөс өөр хэлбэрээр буюу өөрөөр хэлбэл засварт шаардлагатай материалыг эцэг эх өгөх арга хэлбэрийг дэмжих

  2. Эцэг эх, асран хамгаалагчид будах, шохойдох, засах, сэлбэх гэх зэргээр засвар үйлчилгээг өөрийн биеэр хийж өгөх боломжийг олгох
  3. Засвар тохижилт, үйлчилгээний зардал тооцоо, гүйцэтгэлд хяналт тавих, эцэг эх, сургуулийн захиргаанд тайлагнах зэргээр эцэг эх, асран хамгаалагчдын оролцооны боломжийг харгалзан зохион байгуулах.

Дээрх ажлын зохион байгуулалтыг дараах байдлаар гүйцэтгэнэ.

 

1.    Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимыг засварлах ажлыг жил бүрийн 06 дугаар сарын 07-оос 08 дугаар 15-ны хооронд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, дүүргийн Боловсролын хэлтсүүд засварын ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, дүн мэдээг нэгтгэн Дүүргийн Боловсролын хэлтэст 08 дугаар сарын 15-ны дотор, Дүүргийн Боловсролын хэлтсээс нийслэлийн Боловсролын газарт 08 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ. НБГазар нь урсгал засварын мэдээллийн сан бүрдүүлнэ.  

  1. Засварын ажлыг зохион байгуулах сургууль, цэцэрлэгийн комиссыг захирал, эрхлэгчийн тушаалаар батална. Комисс нь багш, эцэг эхийн төлөөлөл, сургууль цэцэрлэгийн зөвлөлийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд анги танхимын засварын ажлын зохион байгуулалт, чанар, гүйцэтгэлд хяналт тавина.
  2. Эцэг эхээс үзүүлэх дэмжлэгийг хүүхдээр дамжуулахгүй, эцэг эх, асран хамгаалагч өөрийн биеэр ирж хэлэлцэж зөвшөөрсний үндсэн дээр энэ ажлын зохицуулалтыг сургууль цэцэрлэг бүр хангаж ажиллана.
  3. Дээрх дэмжлэгээр хийгдэх ажлын материалын чанар, засварын ажлын гүйцэтгэл,зарцуулалтыг анги даасан багш эцэг, эхчүүд, олон нийт, холбогдох газруудад ил тод мэдээлж, тайлагнана.

Сургууль, цэцэрлэгийн анги танхимын засвар үйлчилгээний үр дүнд эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан анги танхимд үр хүүхдээ сургах нь та бидний хүсэн хүлээсэн боловсролын чанарт сайнаар  нөлөөлөх юм.

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР



[1]Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.1.5.

[2]Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14.2.6.

[3]Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Чиглэл батлах тухай” 2007 оны 17 дугаар тушаал

Сэтгэгдэл
Шинэ мэдээ