Сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах заавар
ОГНОО : 2016/04/15 УНШСАН: 5638

Нийслэлийн Боловсролын газрын даргын
201
6 оны 04 дугаар сарын 15 ний өдрийн
A/32 дугаар  тушаалын хавсралт

               

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН

АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН

ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗААВАР

 

Нэг. Үндэслэл

 

1.1 Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно.

 

Хоёр. Сонгон шалгаруулах комисс,

дэд ажлын хэсгүүдийн эрх, үүрэг

 

2.1 Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар батлагдсан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулна.

 

2.2 Комиссын дарга нь нийслэлийн Боловсролын газрын удирдах албан тушаалтан байх бөгөөд бүрэлдэхүүнд нь Боловсролын газрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зөвлөл, цэцэрлэгүүдийн удирдах  ажилтны холбооны төлөөлөл орно.

 

2.3 Сонгон шалгаруулалтын “Заах арга, ур чадвар”-ын болон өрсөлдөж буй байгууллагын “Хөгжлийн хөтөлбөрийн боловсруулалт, танилцуулах” шалгалт /цаашид “хөтөлбөрийн шалгалт” гэх/-ыг  дэд ажлын хэсгүүд  /цаашид “дэд ажлын хэсэг” гэх/ зохион байгуулж дүгнэнэ.

 

2.4 Заах арга, ур чадварын болон хөтөлбөрийн шалгалтын дэд ажлын хэсгийн ахлагч нь комиссын гишүүн байх бөгөөд нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллага болон Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зөвлөл, цэцэрлэгүүдийн удирдах  ажилтны холбооны төлөөллөөс бүрдсэн 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

 

2.5 Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг энэ зааврын 2.4-т заасан байгууллагуудтай зөвшилцөн Нийслэлийн боловсролын газрын дарга томилно.

 

2.6 Комисс нь шалгалтад орох иргэний тоо, шалгалт авах байрны багтаамжаас хамаарч шалгалтуудыг хэд хэдэн байранд нэгэн зэрэг зохион байгуулж болно.

 

2.7 Шалгалтыг шударга, иргэдэд нээлттэй зохион байгуулах зорилгоор  шалгалтад мэдээллийн технологийн дэвшилтэт технологи, техник хэрэгсэл /дуу, дүрс бичлэг/ ашиглаж болно.   

 

2.8 Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтад орж буй иргэнтэй ашиг сонирхолын зөрчилгүй байх бөгөөд энэ тухай мэдүүлэг өгнө.

 

2.9 Комисс нь сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

2.9.1 Холбогдох хууль тогтоомж болон энэхүү зааврын дагуу байр,        бусад бэлтгэл ажлыг хангах;

2.9.2 Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийг тухайн ажлын байрны шаардлага, энэхүү зааврын 3 дугаар зүйлийг үндэслэн бүртгэх;

2.9.3 Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй хамтран сорилын шалгалтыг зохион  байгуулах;

2.9.4 Заах арга, ур чадварын болон Хөтөлбөр, ярилцлагын шалгалтын дүнг холбогдох ажлын хэсгүүдээс авч нэгтгэх, нээлттэй мэдээлэх;

2.9.5 Ажлын хэсгийн гишүүдийн ажлын үр дүнг үнэлж урамшуулах, ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох талаарх саналыг холбогдох байгууллагад нь хүргүүлэх;

2.9.6 Шаардлагатай тохиолдолд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах заавар болон удирдамжийг тухай бүр шинэчлэн батлуулах

2.9.7 Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө,  гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэж батлах;

 

2.10 Комиссын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:  

2.10.1 Комиссын хуралдааныг зарлах, даргалах;

2.10.2 Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих;

2.10.3 Сонгон шалгаруулалтын дүнг шалгаруулалт дууссанаас хойш 24 цагийн дотор нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх;

2.10.4 Бусад;

 

2.11 Комиссын нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

2.11.1 Комиссын дарга, гишүүд, дэд ажлын хэсгийн гишүүдэд  шалгалтын үнэлгээний хуудас, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөх, өдөр тутмын мэдээллээр хангах;

2.11.2 Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг хүлээн авах;

2.11.3 Сонгон шалгаруулалттай холбоотой гарсан санал гомдлыг хүлээн авч комиссын дарга болон хуралдаанд танилцуулах;

2.11.4 Комиссын хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг нь зохих зааврын дагуу албажуулах;

2.11.5 Сонгон шалгаруулалтын материалыг архивт шилжүүлэх;

 

2.12 Дүүргүүдийн Боловсролын хэлтэс нь заах арга, ур чадварын болон хөтөлбөрийн шалгалтын мэдээллийг тухайн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, сурагч /цаашид “тухайн байгууллагын төлөөлөл” гэх/-д, эцэг эхчүүдэд нээлттэй мэдэгдэж, талуудын оролцоог хангах, техник хэрэгсэл, хичээл заах анги,  хичээл бэлтгэх ангид хяналт тавих мэргэжилтэнг ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана. 

 

                                    Гурав. Сонгон шалгаруулалтад орох иргэнд тавигдах ерөнхий шаардлага, бүртгэх үйл  ажиллагаа

 

3.1 Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:

3.1.1 Сургуулийн захирал боловсролын салбарт 5-аас доошгүй, цэцэрлэгийн эрхлэгч мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

3.1.2 Заах арга зүй сайтай байх;

3.1.3 Санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх;

3.1.4 Сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орох  иргэн ерөнхий боловсролын, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд орох иргэн сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй байх;

3.1.5 Дипломын дээд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

3.1.6 Удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах чадвартай байх;

 

3.2 Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэд дор дурдсан материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

 

3.2.1 Төрийн албан хаагчийн анкет /маягт№1/;

3.2.2 Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.3 Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.4 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.2.5 Ажил байдлын тодорхойлолт /Өмнөх болон одоогийн ажил олгогчийн 2- оос доошгүй/

3.2.6 Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;

3.2.7 4x6 хэмжээтэй 4% зураг;

3.2.8 Тухайн байгууллагыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хууль, эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалтанд ирэхдээ авчирах;

 

3.3  Дор дурдсан  тохиолдолд бүртгэхгүй.

3.3.1 Тухайн ажлын байрны шаардлага болон энэ зааврын 3.1 дэх заалтыг  хангаагүй, 3.2 дахь заалтад заасан материалыг дутуу бүрдүүлж ирүүлсэн;

3.3.2 Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;

3.3.3 Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

3.3.4 Гадаадын болон харьяалалгүй иргэн;

3.3.5 Сүүлийн 2 жилийн хугацаанд дүүрэг болон нийслэлийн “Багшийн ёс зүйн зөвлөл”-өөр хэлэлцэгдэж арга хэмжээ авагдсан;

 

3.4 Сонгон шалгаруулалтад орох иргэн нь давхацсан ажлын байр зарлагдсан тохиолдолд зөвхөн нэг ажлын байрыг сонгож материалаа ирүүлнэ.

 

3.5 Комисс шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулах, тухайн хүний хувийн байдлыг тогтоолгох зорилгоор холбогдох газруудад хандаж тодорхойлолт, мэдээлэл авч болно.

 

3.6 Шалгалтанд орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

3.7 Бүртгүүлсэн иргэн нь энэхүү зааврын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжаар баталсан маягтын дагуу мэдүүлнэ.

 

Дөрөв. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

 

4.1 Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор дүүргийн Боловсролын хэлтсээс тухайн ажлын байрыг нөхөх захиалгыг нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ.

4.2 Нийслэлийн Боловсролын газраас сонгон шалгаруулалтын урилгыг шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудсаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

4.3 Сонгон шалгаруулалтын урилгад тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, бүртгэх зааварчилгаа зэргийг заана.

 

4.4 Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:

 

4.4.1. Сорилын шалгалтын нийт асуултын 60 ба түүнээс дээш хувийг зөв хариулсан нөхцөлд сонгон шалгаруулалтад оролцогч тус шалгалтад тэнцсэнд тооцогдох бөгөөд дараагийн шалгалтад оролцох эрхтэй болно. Сорилын шалгалт 40 асуулттай байх бөгөөд асуулт бүрт хариулах хугацаа 1 минут байна. Сорилын шалгалтын зөв хариулт бүрт 0.5 оноо ногдоно.

 

4.4.2 Заах арга, ур чадварын шалгалтыг тусгай шалгуур үзүүлэлтээр дэд ажлын хэсэг, үнэлгээний хүснэгтээр тухайн байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүдийн үнэлгээг нэгтгэж тус тусад нь гаргана. Тусгай шалгуур үзүүлэлтэд мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг 5 хүртэлх оноогоор үнэлж дүгнэх бөгөөд нийтдээ 35 хүртэлх оноогоор дүгнэнэ.

 

4.4.3 Хөтөлбөрийн шалгалтыг тусгай шалгуур үзүүлэлтээр дэд ажлын хэсэг, үнэлгээний хүснэгтээр тухайн байгууллагын төлөөлөл, эцэг эхчүүдийн үнэлгээгээр тус тусад нь гаргах бөгөөд 20 хүртэлх оноогоор дүгнэнэ.

 

4.4.4 Ярилцлагын шалгалтыг комисс зохион байгуулж 5 асуумжаар гишүүн тус бүр үнэлгээ өгч 15 хүртэлх оноогоор дүгнэнэ. Гадаад хэлний мэдлэгийн түвшингийн шалгалтыг “шаардлага хангасан”, “шаардлага хангаагүй” гэж үнэлнэ.

 

          4.4.5 Ерөнхий шаардлагын үнэлгээг 10 хүртэлх оноогоор дүгнэнэ.

 Үүнд: Боловсролын түвшингийн үнэлгээг 5 хүртэл оноогоор дүгнэнэ.

·         Бакалаврын болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн-2.0-3.0 бол 2 оноо, 3.1-4.0 бол 3 оноо

·         Магистр-4 оноо

·         Магистраас дээш цолтой бол-5 оноо

           Туршлага, мэргэшсэн байдлыг 5 хүртэл оноогоор дүгнэнэ.

·         Туршлага, мэргэшсэн байдлыг комиссын гишүүд тус бүр дараах үнэлгээний хуудсаар дүгнэнэ. 

                  

Үнэлгээний шатлал

5 хүртэл оноо /оноог бүхэл тоогоор өгөх/

Маш сайн

5

Сайн

4

Хангалттай

3

Дунд

1-2

 

4.5 Комиссын гишүүн болон дэд ажлын хэсгийн гишүүн тус бүрийн өгсөн оноог нэмж,  үнэлгээ өгсөн гишүүдийн тоонд хувааж тухайн шалгалтын дундаж оноог гаргаж баталгаажуулна.

4.6 Шинээр ашиглалтанд орох сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад оролцогчдын хувьд 4.4.2, 4.4.3-т заасан шалгалтыг дэд ажлын хэсэг дүгнэнэ.

 

Тав. Сонгон шалгаруулалтын дүн гаргах

 

5.1. Комисс энэ зааврын 4.4-д заасан шалгалтуудын онооны нийлбэрээр нийт оноог нэгтгэж гаргана.

 

5.2. Нийт онооны нийлбэр 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг "тэнцсэн" гэж үзэж онооны дарааллаар жагсаана.

 

5.3. Комисс сонгон шалгаруулалтын дүнг хурлаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана. Уг хурлын шийдвэрийг 2 хувь үйлдэж комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

5.4. Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зохих зааврын дагуу албажуулж, 24 цагийн дотор Нийслэлийн Боловсролын газар болон Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлнэ.

 

Зургаа. Нэр дэвшүүлэх

 

6.1 Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан 1 иргэнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн Нийслэлийн Засаг даргад холбогдох материалын хамт  хүргүүлнэ.

 

6.2 Сонгон шалгаруулалтад тэнцсэн боловч тухайн ажлын байранд  томилогдоогүй оролцогч тухайн албан тушаалын нөөцөд 2 жилийн хугацаанд бүртгэлтэй байна. Нөөцийн бүртгэлийн шинэчлэлт, өөрчлөлт, хасалтыг нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтэс хариуцаж хийнэ.

 

6.3 Албан тушаалын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн тухайн сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд зааврын 6.2-т заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно.

 

6.4 Нийслэлийн Боловсролын газар нөөцөд бүртгэлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй.

 

 

Долоо. Гомдол гаргах хугацаа, хүлээн авах, шийдвэрлэх

7.1 Сонгон шалгаруулалттай холбоотой дараах гомдлыг сонгон шалгаруулалтад оролцогч бичгээр комисст гаргана.
7.1.1 Сонгон шалгаруулалтын бүртгэлтэй холбоотой гомдол;
7.1.2 Комиссын болон дэд ажлын хэсгийн гишүүний заавар, удирдамж зөрчсөн тухай гомдол;
7.1.3 Сонгон шалгаруулалтын шалгалтын явцад гарсан зөрчил;
7.1.4 Сонгон шалгаруулалтын шалгалтын нууцлалтай холбоотой гомдол;
7.1.5 Сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнтэй холбоотой гомдол;
7.1.6 Сонгон шалгаруулалттай холбоотой бусад гомдол;

 

7.2 Гомдол гаргагч нь 7.1.1-т заасан гомдлыг бүртгэл дуусахаас өмнө, 7.1.3-т заасан гомдлыг тухайн шалгалт дуусахаас өмнө, нэгдсэн дүнтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор гаргана.
7.3 Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурьдаж, өөрийнхөө тавьж буй асуудлаар нотолгоо болон холбогдох бусад баримтыг хавсаргасан байна.
7.4 Комисс нь гомдлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны тайлбар, санал дүгнэлтийг сонсож, маргааныг шийдвэрлэхэд шаардагдах материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан, гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.
7.5 Комисс нь гомдлыг шаардлагатай бол зохих байгууллагад шилжүүлж болно.

7.6 Гомдол гаргах хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авахгүй.

                                                                   Найм. Бусад зүйл

 

8.1 Комисс, ажлын хэсгийн гишүүд нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа ажил үүргийн нууцыг хадгалах, бусдын нөлөөнд автахгүй байх үүрэгтэй.

 

8.2. Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн шалгалтын зардал 20000 /хорин мянган/ төгрөг байна. Энэхүү зардлыг Комисс зөвхөн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулна

 

 

---000---

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ