Нэг тэрбум төгрөгийн үнэтэй сургалтыг албан ёсоор зогсоолоо
ОГНОО : 2015/12/10 УНШСАН: 1213

Нэг тэрбум төгрөгийн үнэтэй сургалтыг албан ёсоор зогсоолоо

БСШУ-ы сайд Л.Гантөмөр 2012 онд гаргасан А/92 тоот тушаалаараа ерөнхий боловсролын сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглосон билээ. Уг тушаалын хэрэгжилтийг төрийн өмчийн бүх сургууль хангаж ажиллахыг үүрэг болгосон юм. Ингэхдээ нийслэл, аймгийн боловсролын газрууд, дүүргийн боловсролын хэлтсүүдийн удирдах албан тушаалтнуудыг дуудаж хэрэгжилтийн асуудалд хатуу анхаарч ажиллахыг хүссэн аж. Тэгвэл энэ удаа төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад "Франклин Ковей Монголиа" компаниас "Бяцхан манлайлагч" хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулна гэсэн нэрийдлээр хүүхэд тус бүрээс 300 мянган төгрөг хураахыг оролдсон байна. Энэ сургалтдаа "Арвис", "Монгени", "Гурван тамир" улсын тэргүүний 84 дүгээр сургуулиудыг багтаажээ. Эдгээр сургуулиудын сурагчдыг сургалтад хамруулахад дунджаар нэг тэрбум төгрөг болох тооцоог холбогдох компанийнхан хийсэн байна. Энэхүү "Франклин Ковей Монголиа" компани нь уг хууль бус үйлдэлдээ БСШУЯ-ны хопбогдох албан тушаалтнуудын нэрийг ч ашигласан гэдэг нь өнөөдрийн байдлаар тоггоогдоод буй. Тухайлбал, улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захиргаа дээрх сургалтад хамрагдахын тулд арваннэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд эцэг, эхийн хурал зарлаж, сургалтын танилцуулга мэдээллийг албан ёсоор өгчээ. Тиймээс тус сургуулийн сурагчдын эцэг, зхчүүд гомдол гаргаж эхний ээлжид хэвлэл мэдээллийнхэнд хандсан байна.

Харин энэхүү мэдээллийг 84 дүгээр сургуулийн захирал С.Марта үгүйсгэсэн хариулт өгч, хэвлэлээр залруулга гаргаж өгөхийг хүссэн байна. Тэрбээр, "Франклин Ковей Монголиа" компанийн "Бяцхан манлайлагч" хөтөлбөрийг өөрийн сургууль дээр хэрэгжүүлэх боломж байгаа талаар танилцуулга хийж эцэг, эхийн хурал зарласан. Гэхдээ энэ хурал дээр эцэг, эхчүүдэд уг хөтөлбөр сургалтыг хэрэгжүүлэх ёстой, зайлшгүй шаардлагатай гэсэн утгаар яриагүй, зөвхөн хэрэгжүүлж болох эсэх талаар ярьсан. "Иймээс уг хөтөлбөрийг дэмжих, эс дэмжих талаар эцэг эхчүүдэд өгсөн санал асуулгын хуудсыг хурааж авахгүй, нэгтгэхгүйгээр энэ асуудлыг бүрэн зогсоож байна" гэсэн албан бичгээ өчигдөр БСШУЯ-нд хүргүүлжээ.

Тэгвэл салбарын яамны зүгээс уг асуудалд дараахь байр суурьтай байгаагаа илэрхийлэв. "Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улсын тэргүүний 84 дүгээр сургуулийн захиргааныхан сурагчдаас хууль бусаар, ингэхдээ яамны холбогдох албан тушаалтнуудын нэрсийг барьж, их хэмжээний мөнгө хураахыг оролдсон тохиолдол гарсан. Бид мэдээллийн дагуу шалгахад яамны мэргэжилтнүүдийн нэрсийг барьж, хөтөлбөрт сурагчдыг хамруулж мөнгө хураах талаар эцэг эхийн хурал зарласан нь тогтоогдсон. Тиймээс бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж тус сургууль дээр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлан, мөнгө хураахыг хориглосон шийдвэр гаргалаа" гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сайтаас

Сэтгэгдэл
Шинэ мэдээ