БАГШ БҮР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО
ОГНОО : 2015/11/10 УНШСАН: 3079

БАГШ БҮР ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРТОЙ БОЛЛОО

 

Монгол улсын Засгийн Газраас баталсан "Зөв Монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Багшийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр багш нэг бүрт зөөврийн компьютер олголоо. 

 

Нийт 25000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байна. Монгол улсын Засгийн Газрын 2013 оны 127 тоот тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулсанаар энэхүү түүхэн хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдсэн юм. 
 

Багш бүрт - Зөөврийн компьютер гардуулах  арга хэмжээний үеэр  БСШУ-ны сайд Л.Гантөмөр  хэлэхдээ "Өнөөдөр Монгол улсын 25,000 гаруй багш бүрийг зөөврийн компьютерээр хангах түүхэн агшны гэрч болон та бид энд хүрэлцэн ирээд байна. Миний бие салбарын сайдаар 2012 онд томилогдсоноос хойш уг салбарт Монголын харилцаах холбоо технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч "Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, "Боловсролын салбарын шинэчлэл"-ийг гүнзгийрүүлэхэд мэдээллийн технологийг үндсэн суурь бүтэц, арга зам болгох стратегийг баримтлан ажиллаж ирсэн билээ.  Тухайлбал,

 

·  Боловсролын салбарын мэдээллийн системийн үндсэн архитектур болон платформыг боловсруулан статистик, хүний нөөц, боловсролын удирдлага  зэрэг системийг нэвтрүүлснээр түүхэнд анх удаа боловсролын салбарын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, элсэлт, төгсөлт зэрэг процессын мэдээлэл улсын хэмжээнд бодит, нэгдсэн байдлаар бүрдлээ.

·  Эрдэмнэт сүлжээний төвийг түшиглэн Боловсролын дата төвийг бий болгож 21 аймаг, алслагдсан 2 дүүргийн 200 гаруй ерөнхий боловсролын сургууль, боловсролын газрыг хамарсан сүлжээ үүсгэж, шилэн кабелиар холбогдсон 230 орчим сумын сургуулийг тус төвд холболоо. Мөн “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй орон нутгийн болон нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийг шилэн кабелиар боловсролын нэгдсэн сүлжээнд холбоно.

·  Багш нарын мэдээллийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамран сургалтууд зохион байгууллаа. Багшийн мэрэгжил дээшлүүлэх институтээр дамжуулан танхимын болон онлайн сургалтууд зохион байгуулж, нийт 11,095 багш ажилтанд сургалт зохион байгуулсан байна.

·  Орон нутгийн болон нийслэлийн 50 сургуулийн 300 ангийг смарт анги болгон тохижууллаа.

·  8-12-р ангийн математик, физик, хими, биологийн хичээлийн 144 сэдвээр сургалтын цахим объект боловсруулж нийтийн хүртээл болголоо.

·  Багш, сурагчийн 168 сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлэн түгээх ажлыг хийлээ” гэсэн юм.    

 

Эх сурвалж: http://www.meds.gov.mn/laptop

Сэтгэгдэл
Шинэ мэдээ