Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн үйл ажиллагааг сэргээлээ
ОГНОО : 2014/12/16 УНШСАН: 2852
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар өнөөдөр Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтэд оролцож, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын дарга З.Энхболд сургуулийг нээж хэлсэн үгэндээ, "Инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэхийг улс бодлогоор дэмжих ёстой. Зохион бүтээгчид Монгол улсын өнөө, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулна гэдэгт би итгэдэг. Тиймээс инженерийн мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүдийг багаас нь бэлтгэх, тэдний техникийн боловсрол, сэтгэлгээг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх шаардлагатай. 

Харин өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр үүнийг ажил хэрэг болгож, өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль нээгдэж байгаад баяртай байна" хэмээн онцолсон юм. Хүүхэд өвсөр үеийнхний техник сэтгэлгээ, зохиож бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдан олон зуун хүүхдийг хичээлийн бус цагаар төрөл бүрийн техникийн дугуйланд хичээллүүлдэг байсан "Залуу техникчдын ордон" нийгмийн шилжилтийн явцад үйл ажиллагааных нь чиг үүрэг өөрчлөгдөж, техникийн дугуйлангууд нь хичээллэхгүй болсон байлаа. 

Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд 2014 оны 08-р сард  тушаал гаргаж, тус ордонд хичээллэж байсан сургуулийг "Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургууль" болгож, техник технологийн чиглэлээр сургалт дугуйлангууд явуулах кабинет, лабораториудыг байгуулахад тусалж дэмжихийг их сургуулийн захирлуудаас хүссэн байна. 
Энэхүү хүсэлтийг МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС хүлээн авч авто загвар, нисэх загвар, усан загвар, робокон, электроник, график дикайн, хувцас загварын кабинетуудыг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглож, багшлах арга зүйн дэмжлэг үзүүлжээ. 

Мөн БШУ-ны сайд Л.Гантөмөрийн хэлснээр тус сургуулийг удахгүй цахим сургууль болгох юм байна. Ингэснээр манай сурагчид гадаадын зохион бүтээгчдийн сургуулийн сурагчидтай хамтарч, хамтын бүтээл  гаргах боломж бүрдэх юм.  

Эх сурвалж: meds.gov.mn
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ