Ц.Отгонбагана: Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг хүүхэд болгонтой ажиллана гэсэн үг биш
ОГНОО : 2014/04/14 УНШСАН: 1790

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

- Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн ажлыг олон нийт хэрхэн хүлээн авч байна вэ?

Бид өмнөхөө үгүйсгэж цоо шинэ зүйл эхлүүлээгүй. Үе үеийн Засгийн газрын хийсэн ажлуудын үргэлжлэл явж байгаа гэж  ойлгох хэрэгтэй. Түүнчлэн хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэсэн санаа зөвхөн Монгол улсад хийгдэж байгаа зүйл биш бөгөөд НҮБ-ын илтгэлд орж дэлхий нийтээрээ хэрэгжүүлж буй ажил юм. Харин ч Монгол улс идэвхтэй хэсэгт багтаж байгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эргэлзэх юм байхгүй. Дараагийн Засгийн Газар гарч ирээд үгүйсгэнэ гэсэн айдас ч байх үндэсгүй.

Товчхондоо бид хүүхэд бүрийг бие даан ажиллаж, амьдрах чадвартай болгох асуудлыг л ярьж байна. Өөрөөр хэлбэл хатуу тогтоосон хичээлийн хөтөлбөрт бус хүүхдийн чадварт суурилсан сургалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Бодит хэрэгцээ шаардлагаас урган гарсан хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй бусад хөтөлбөрөөс илүү амжилт олно гэж бодож байна.

- Лаборатори сургуулиуд дээр туршилтын хөтөлбөр ямар үр дүнг авчирсан бэ?

Боловсролын шинэчлэл бол хоёр, гуравхан жилд хийхээр ажил биш учраас Боловсролын яам үечилсэн байдлаар бодлогоо хэрэгжүүлж байна. Эхлээд 2012-2013, 2013-2014 оны хичээлийн жилд 40 сургуулийг сонгож шинэчилсэн хөтөлбөрийг туршлаа. Ирэх намраас олсон туршлагадаа үндэслээд бүх сургуулийн бага ангид хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дараа жилээс дунд ангид, хоёр жилийн дараа ахлах ангид гэсэн үе шаттай.

Хүүхэд бүр хөгжиж чаддаг гэдэг нь лаборатори сургуулиуд дээр хийгдсэн туршилтын үр дүнгээс харагдлаа. Тухайлбал нэг ангид процентын бодлогыг хүүхэд болгон өөр өөрийн аргаар бодож чадаж байна.

Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг манай багш нараас одоогийнхоос өөр арга барил шаардаж буй учраас дасан зохицоход багагүй хугацаа орно. Багш нараар зогсохгүй эцэг, эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Олон эцэг, эхчүүд хүүхдэдээ итгэдэггүй, зөнд нь хаядаг. “Манай хүүхэд эх орны алтан гурав дэгээдэхэд болно доо” гэж ярих ээж, аавууд цөөнгүй. “Миний хүүхэд чадна, бид дэмжих ёстой” гэсэн хандлага төлөвшөөгүй.

Анги хамт олны дунд ч бас нэг нэгнээ сурлагаар нь ялгах буруу ойлголт бий. Багш нар ч өөрсдөө онц сурлагатнуудаа илүү анхаарч, хичээлийн агуулгыг ойлгож амжаагүй сурагчдаа гаргуунд нь гаргадаг.

Дараагийн нэг чухалчлах асуудал бол хөтөлбөр төлөвлөлт. Ирэх намраас бид шинэчилсэн байдлаар бага ангиудад туршина. Өнөө болтол бидний дагаж ирсэн жишгээр намар болгон багш нар дээрээс заасан хатуу графикийн дагуу нарийхан хонгилоор орж хойтон жилийнхээ зургаан сард цаад үзүүрт нь хүрдэг. Багш хичээлийн хөтөлбөртэй уян хатан ажиллах ямар ч бололцоо байгаагүй. Өөрөөр хэлбэл “ойлгосон хүүхдийн зол, ойлгоогүйн хохь” гэсэн маягтай явж иржээ. Түүнээс гадна сургууль бие дааж ажиллах эрхгүй байсан.

Өнөө болтол бид “ойлгосон хүүхдийн зол, ойлгоогүйн хохь” гэсэн маягтай явж иржээ.

Гуравдугаарт шинэчлэлийг дагаж сурах бичиг өөрчлөгдөнө. Урьд нь багш зөвхөн сурагчийн сурах бичиг ашигладаг байсан бол одоо багшийн сурах бичгийг ашигладаг боллоо.

- Сургууль, багшийн хүртээмжгүй байдал, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй хоёр хэрхэн холбогдох вэ?

Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг хүүхэд бүртэй ажиллана гэсэн үг биш. Анхандаа би ч гэсэн нэг ангид 40-50 хүүхэд сурч буй тохиолдолд энэ санааг хэрэгжүүлэхэд хэцүү гэж бодож байсан.  Харин өнөөдрийн үр дүнгээс харахад багш аль болох бага ярьж хүүхдээр өөрөөр нь хийлгэх чухал гэдэг нь тодорхой болов. Тухайлбал математикийн хичээл дээр заавал нэг бодлогыг бүх сурагчдаар бодуулалгүй чадах чадахаар нь олон хувилбар гаргаж өгвөл илүү үр дүнтэй.

- Багшийг урамшуулах журмын талаар тодорхой ярихгүй юу?

Бага боловсрол бол боловсролын тогтолцооны маш чухал үе шат. Учир нь бага ангийн багш нар хүүхдийн цаашид суралцаж чадах эсэхийг хар толгойгоороо хариуцдаг. Тиймээс олигтой цалингүй, ачаалалтай ажилладаг багш нараа дэмжих зорилгоор Нийслэлийн захиргаанаас урамшуулал олгож эхэлсэн. 483 сая төгрөгийг урамшуулалд зориулсан.

Түүнчлэн багшийг урамшуулах ажлын хүрээнд нийслэлийн тавдугаар ангийн бүх сурагчдаас чанарын шалгалт авсан. Шалгалтын дүнгээр 50 бага ангийн багшид 100 сая төгрөгний урамшуулал өгсөн. Тэдний олонхи нь таван жилийн турш тухайн ангиа хариуцсан багш нар байсан нь сонирхолтой.

- Шинэчлэлтэй холбоотой шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн бүтэц, байршилд өөрчлөлт орох уу?

Боловсролын үйлчилгээг иргэдэд яаж ойроос, хялбархан хүргэх тал дээр анхаарч ажиллана. Шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгүүд ихэвчлэн гэр хорооллууд дунд баригдана. Хүүхдүүд ойролцоогоор 500 метрээс холгүй явж сургуульдаа хүрэхээр тооцоолсон. Мөн 120 ортой цэцэрлэгт хүмүүжсэн хүүхэд ойрхон байрлах 180 хүүхдийн суудалтай бага сургуульд элсэхээр бодож гаргасан. Нийслэлийн хэмжээнд 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт шийдэгдсэн.

2012-2013 оны хичээлийн жилд бага ангийн сурах бичгийн хүрэлцээ 100 хувь хангагдав.

Ер нь дэлхийн практикт бага ангийн хүүхдүүд тусдаа сургуультай байдаг.

Цэцэрлэгийн хувьд төвлөрсөн олон цэцэрлэгийн барилга барих хэрэг байна уу үгүй юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Түүний оронд байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах явдлыг дэмжвэл асуудлыг хялбархан шийднэ. Төвлөрсөн цэцэрлэг барьсан ч багшийн ачаалал их байхаас гадна эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж, авахад төвөгтэй хэвээр байна.

- Сургууль, цэцэрлэгийн засаглал, үйл ажиллагааны нээлттэй байдлыг сайжруулахад ямар ажлууд хийгдэж байна вэ?

Нийслэлийн боловсролын газраас сургуулийн удирдлагыг чадавхижуулах, сургуулийн үйл ажиллагаанд багш, эцэг эх, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нэлээдгүй ажлыг хийж байгаа. Удахгүй нийслэлийн ЕБС-ийн сургуулийн шинэчилсэн дүрмийг батлана. Сургууль дээр хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдол цөөнгүй гардаг ч хариуцлагаа ухамсарлахгүй байнга хүүхдийн эрх ярьдаг сургуулиуд  байдаг. Тиймээс Монголын сурагчдын холбоотой хамтраад “Сурагчийн дүрэм”-ийг боловсруулж байна.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт цогцолбор нийлсэн 340 гаруй барилга барих шаардлагатай.

Сурагч хүн эрхээ эдлэхийн зэрэгцээ тухайн сургуулийн суралцагч болохын хувьд тодорхой хариуцлага үүрэх ёстой. Тухайлбал хичээл дээр гар утас ашиглах, сургуулийн орчинд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх газар ажиллуулах, интернетээр хориотой контентууд цацахыг хориглох хэрэгтэй. Хичээлийн 40 минутын турш хэн ч тухайн анги, багш хоёрт саад болох ёсгүй. Түүнчлэн эцэг эхэд юуг мэдээлж байх  ёстой, ямар үүрэгтэй зэрэг асуудлыг сургууль болон сурагчийн дүрэмд тусгана. Өнөөдөр сургуулийн зөвлөл гэж байдаг ч үйл ажиллагаа нь үхмэл. Гүнзгийрүүлсэн сургалтын төлбөр авахаас өөр ажил бараг хийдэггүй.

Үнэндээ захиралын зөвлөл, эцэг эхийн зөвлөл, багш нарын зөвлөл, сурагчдын зөвлөл, үйлдвэрчний эвлэл гээд 10 орчим байгууллага ажилладаг. Тэдний уялдаа холбоо, үүрэг оролцоог тодорхой болгоно.

Нийтлэлч:Г.Даваадорж

Эх сурвалж:Сайт: Vip76.mn

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ