Үр дүнгийн урамшуулал олгох ЗГ-ын 393 дугаар тогтоол
ОГНОО : 2014/01/23 УНШСАН: 9328

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 11 дүгээр  сарын  30-ны  өдөр           Дугаар  393                     Улаанбаатар  хот      

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


Төрийн албаны тухай хуулийн 31.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн  урамшил олгох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Журмыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3. Улирлын ажлын үр дүнгийн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  54 дүгээр  тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ



Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР

 

Засгийн газрын 2013 оны 393
дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН ӨМЧИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА,

ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ,

БУСАД АЛБАН ХААГЧИД УЛИРЛЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН

УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1. Хүүхэд  нэг бүрийг хөгжүүлэх, зөв хүмүүжил төлөвшүүлэх, авьяас чадварыг  нь нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх,  бүтээлч үйл ажиллагааг нь дэмжих, боловсролын чанарыг баталгаажуулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэн боловсролын үр ашиг, үр өгөөжийг дээшлүүлэхэд “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн  урамшил олгох журам” (цаашид “үр дүнгийн урамшил” гэх)-ын зорилго оршино.

1.2. Үр дүнгийн урамшлыг төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын  (цаашид “сургалтын байгууллага” гэх) багш, бусад  албан хаагчид ажлын үр дүнг нь харгалзан олгоно.

Хоёр. Үр дүнгийн урамшил олгох

2.1. Үр дүнгийн урамшлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх чиглэлээр баталсан журмуудад заасан шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласны төлөө  олгоно

2.2. Үр дүнгийн урамшлыг энэхүү журмын 2.4, 2.5-д заасан шийдвэрийг үндэслэн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн үндсэн цалингаас дараах хувь хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно:

 2.2.1. 70-80 оноо авсан бол-10 хувь
2.2.2. 81-90 оноо авсан бол-13 хувь
2.2.3. 91-100   оноо авсан бол-15 хувь.

2.3. Төрийн өмчийн сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчийн ажлыг үнэлж, дүгнэх журамд заасан шалгуурын биелэлт 70-аас доош хувьтай үнэлэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид үр дүнгийн урамшил олгохгүй

2.4. Сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшил олгох шийдвэрийг тухайн сургалтын байгууллагын эрхлэгч, захирал гаргана.

 2.5. Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд үр дүнгийн урамшил олгох эсэх асуудлыг тухайн албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан холбогдох үнэлгээг харгалзан шийдвэрлэнэ.

---o0o---

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ