ШИНЭЭР 13 ЦЭЦЭРЛЭГ, 7 СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/07/09 УНШСАН: 1044

ШИНЭЭР 13 ЦЭЦЭРЛЭГ, 7 СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах байдаг.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох нар 2019 оны 07 дугаар сарын 5-ны өдөр нийслэлийн 2019-2020 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө.

Энэ жилийн хувьд нийт 49 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс  барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт,  эрүүл ахуйн шаардлагыг хангасан 13 цэцэрлэг, 7 сургуульд  сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 1083, сургуулийн суудлын  тоо 1081-ээр нэмэгдэж байна.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл үүсгэн байгуулагч нарт МУ-ын боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмуудыг мөрдөж ажиллахыг сануулахын зэрэгцээ боловсролын сургалтын үйлчилгээ үзүүлнэ гэдэг нэр төртэй хийгээд асар их үүрэг хариуцлага давхар оногдож буй хэрэг тул хүүхдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, сурагчдын сургалтын амжилт, чанарт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ