Нийслэлийн их ба нээлттэй өгөгдлийг зохицуулах журам батлах тухай
ОГНОО : 2016/03/03 УНШСАН: 987

2016 оны 03 сарын 03-ны өдөр                                                                         Дугаар А/170                                                                         Улаанбаатар хот
 
 

Нийслэлийн их ба нээлттэй өгөгдлийг
зохицуулах журам батлах тухай

 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, ”е”, 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 54 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн бүх шатны байгууллагуудын өгөгдөл, өгөгдлийн сан, сервер системийг нийслэлийн дата төвд байршуулж, их өгөгдөл үүсгэх, нийслэлийн дата төвтэй шууд холболт үүсгэх, зарим өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр нийтлэх, түүнийг дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн их ба нээлттэй өгөгдөл зохицуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.
 
       2.Байгууллагын үйл ажиллагаандаа батлагдсан журмыг мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллагуудын удирдлагуудад, өгөгдөл, өгөгдлийн сан, түүний аюулгүй байдлыг хангаж өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгосугай.
 
          3.Батлагдсан журмыг хэрэгжүүлэхэд Нийслэлийн бүх шатны байгууллагуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж, хамтарч ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны

03 дугаар сарын 03-ны өдрийн

А/170 дугаар захирамжийн

хавсралт

 

 

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ИХ БА НЭЭЛТТЭЙ

ӨГӨГДЛИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

  1. . Энэхүү журмын зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон нийслэлийн өмчит хуулийн этгээдийн өгөгдөл, өгөгдлийн сан, сервер системийг нийслэлийн дата төвд байршуулах, шууд холболт үүсгэх, зарим өгөгдлийг иргэдэд нээлттэйгээр нийтлэх зэрэг өгөгдөл солилцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  2. . Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон нийслэлийн өмчит хуулийн этгээд бүр холбогдох хууль тогтоомж болон энэхүү журамд нийцүүлэн өөрийн байгууллагын өгөгдлийг нийтлэх дотоод журам боловсруулан мөрдөж болно.
  3. . Нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон нийслэлийн өмчит хуулийн этгээд /цаашид байгууллага гэх/-ийн удирдлага болон албан хаагчид энэхүү журмын хэрэгжилт, өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.

 

Хоёр. Журмын нэр томьёоны тодорхойлолт

 

  1. Энэ журамд дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
    1. “Өгөгдөл” гэж аливаа үйл явдал, баримтыг илэрхийлсэн, тодорхой бүтэцтэй бичвэр эсвэл тоон утгын цуглуулгыг;
    2. “Мэдээлэл” гэж аливаа харилцаа эсвэл өгөгдөл, баримтын талаарх мэдлэгийг илэрхийлж байгаа бичвэр, тоо, график, дуу, дүрс, газрын зураг зэргийг;
    3. “Их өгөгдөл” гэж их хэмжээтэй, олон төрлийн формат бүхий, боловсруулах боломжтой, анхдагч эх сурвалжаас үүссэн үнэн зөв, хувийн нууцыг чандалсан, техникийн шинэ архитектурын хэрэглээг шаардсан болон бизнес, үйлчилгээний үр ашгийг тооцоолох шинжилгээ хийх боломжтой өгөгдлийг;
    4. “Нээлттэй өгөгдөл” гэж хэн ч чөлөөтэй ашиглаж, үндсэн зорилгоос өөрөөр хэрэглэж, цааш нь түгээж болдог, сэдэвчилсэн, зохиогчийн нэрийг заавал дурдах, ижил нөхцөлөөр түгээх лицензтэй өгөгдлийг;
    5. “Бүтэцлэгдсэн өгөгдөл” гэж тодорхой бүтэц зохион байгуулалттай өгөгдлийг;
    6. “Мета-өгөгдөл” гэж мэдээлэл эсвэл өгөгдлийн бүрдлийн бүтэц, формат, чанар, агуулга, бэлтгэн нийлүүлэгч, эх үүсвэр, боловсруулсан арга зүй, байрлалыг тодорхойлсон эсвэл тайлбарласан өгөгдлийг;
    7. “Өгөгдлийн бүрдэл” гэж тодорхой форматуудаар бичигдсэн, цахим хэлбэрээр авах боломжтой, нэг үүсгэгчээр цуглуулж, нийтлэгдсэн өгөгдлийн цуглуулгыг;
    8. “Хувийн өгөгдөл” гэж Монгол Улсын хууль тогтоомжоор нууцад хамаарах эсвэл байгууллагын нууцын тухай журмаар нийтэд ил тод болгохыг хориглосон өгөгдлийг;
    9. “Өгөгдлийг нийтлэх” гэж өгөгдлийн платформд цахим файлаар болон байгууллагад ашигладаг мэдээллийн системээс хуулж, мета-өгөгдлийг боловсруулж оруулахыг;
    10. “Өгөгдлийн хэрэглэгч” гэж бусдын нийтэлсэн өгөгдлийг авч ашиглах аливаа иргэн, хуулийн этгээд, байгууллагыг;
    11. “Нийтлэгч” гэж байгууллагын өгөгдлийг нийтлэх, өгөгдөлтэй холбоотой асуудлаар харилцах эрх бүхий албан хаагчийг;
    12. “Нээлттэй формат” гэж нийтэд хэрэглэгддэг, аливаа хуулийн этгээд өмч биш, платформоос хамааралгүй, өгөгдлийг автоматаар боловсруулах болон хайлт хийх бүрэн боломжтойгоор зохион байгуулагдсаныг;
    13. “Нийслэлийн дата төв” гэж сервер, сүлжээний мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг байрлуулсан байнгын болон нөөц цахилгааны эх үүсвэр, сүлжээний холболт, хяналтын систем, камерын хяналт, галын хамгаалалт, хөргөлтийн систем болон гадны цахим халдлагаас хамгаалах хамгаалалтын төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон төвийг;

 

Гурав. Өгөгдлийн талаар баримтлах ерөнхий зарчим

 

  1. Байгууллагын боломжит өгөгдлийг нээлттэй болгох нөхцөлийг хангаж өгснөөр мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэд олон нийтийн итгэлийг бэхжүүлэх;
  2. Нийслэлийн дотоод болон иргэдэд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, хувь хүн, аж ахуйн нэгж, компаниуд нээлттэй өгөгдөл ашиглан шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн болон инноваци бий болгох урьдчилсан нөхцөлийг хангах;
  3. Нээлттэй өгөгдлийг иргэд болон хувийн хэвшил ашиглах, эрэлхийлэх, нөгөө талаас нийслэлийн байгууллагууд өгөгдлийг нээлттэй нийтэлдэг байх тогтолцоог бий болгох;
  4. Их өгөгдлийн шинжилгээ хийж төрийн үйлчилгээг оновчтой болгох, шинэ үйлчилгээ гаргах, хурдан, оновчтой, өгөгдөлд түшиглэсэн шийдвэр гаргах;

 

Дөрөв. Өгөгдлийг нийтлэх

 

  1. Байгууллага болон түүний үйл ажиллагааны тухай мэдлэгийг сайжруулах, олон нийтийн хүсэл, хэрэгцээг хангах, зорилгыг дэмжих, хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын нягт хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн боломж олгох зорилгоор өгөгдлийн бүрдлийг тодорхойлж нийтэлнэ.
  2. Өгөгдлийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд нийтэлнэ.
  3. Өгөгдлийг бэлтгэхдээ “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо”, “Кирилл болон монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552:2005 стандартыг мөрдлөг болгоно.
  4. Хууль тогтоомж, байгууллагын нууцын тухай журамд заагаагүй бусад бүх өгөгдлийг Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 болон 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу нээлттэй болгож нийтэлнэ.
  5. Байгууллага бүр өгөгдлийг Засгийн газрын 2013 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан иргэн, хуулийн этгээдэд Мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмын хоёрдугаар зүйлийн 2.1-д заасны дагуу цахимаар үнэ төлбөргүй өгнө.
  6. Өгөгдлийг нийтлэхэд тавигдах шаардлага

    4.6.1.   Хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд өгөгдлийг нийтлэх;

    4.6.2.   Анхдагч эх үүсвэрээс цуглуулсан, үнэн зөв өгөгдлийг нийтлэх;

    4.6.3.   Өгөгдлийг үүссэн даруйд нь нийтлэх;

    4.6.4. Нийтэд нийтлэг ашигладаг файлын нээлттэй форматаар өгөгдлийг нийтлэх;

    4.6.5. Өгөгдлийн нийтлэг схем, стандартыг баримталсан байх;

    4.6.6. Хуульд заасан шаардлагатай өгөгдлийг англи хэл болон бусад хэл дээр бэлтгэж нийтлэх;

    4.6.7. Байгууллага албан ёсны эх сурвалжийг үндэслэн хувийн болон нээлттэй өгөгдлийн бүрдлийг тодорхойлж, өгөгдлийн бүрдэл болон өгөгдлийн бүрдлийн мета-өгөгдлийн  хүснэгтийн дагуу үүсгэж хамтад нь нийтлэх;

    4.6.8. Байгууллага нь нээлттэй өгөгдлийн бүрдэл бүрийг нээлттэй өгөгдлийг түгээхэд ашиглах зөвшөөрлийн аль тохирохыг заавал сонгож нийтлэх;

  7. Өгөгдлийг нийтлэхэд баримтлах зарчим

    4.7.1.   Нээлттэй өгөгдөлд тэгш эрхтэй, ялгаваргүй хандах боломжийг олгох;

    4.7.2. Өгөгдлийн үнэн зөв байдлыг хангасан байх;

    4.7.3. Өгөгдлийг хуулж авахад хялбар, цахим хэлбэрээр шуурхай түгээдэг байх;

    4.7.4. Нээлттэй өгөгдлийг ашиглан ашгийн болон ашгийн бус хэрэглээг дэмжиж чөлөөтэй ашиглах зөвшөөрлөөр түгээх;

    4.7.5.   Өгөгдлийг үнэ төлбөргүй авах, ашиглах боломжтой байх;

    4.7.6. Өгөгдлийн бүрдлийн шинэчлэлийг тухай бүр идэвхтэй, тогтмол нийтэлдэг байх;

  8. Өгөгдлийг шинэчилсэн, өөрчилсөн тохиолдолд тухайн өгөгдлийн өмнөх хувилбарыг архивлаж нууцлахгүйгээр өгөгдлийн сүүлийн хувилбарын хамт ялгаж эсвэл өмнөх хувилбарыг устгаж оронд нь байршуулна.
  9. Байгууллагын хувийн өгөгдлийг өгөгдлийн хэрэглэгчид дамжуулах тохиолдолд тухайн этгээдэд авах эрхийг хугацаатай эсвэл хугацаагүй зааж өгнө.
  10. Тухайн байгууллагын нийтэлсэн өгөгдөл бусад байгууллагын өгөгдөлтэй ижил зүйлийг агуулсан бол нэг ижил стандарт, нээлттэй форматаар гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөгдлийг нэгтгэхийг эрмэлзэн ажиллана.
  11. Байгууллагын нийтэлж буй өгөгдөл бусад байгууллагын нийтэлсэн өгөгдөлтэй яг ижил байвал, өөрөөр хэлбэл хоёр өөр газар өгөгдлийг үүсгэдэг нь тогтоогдсон бол тухайн байгууллагууд хэлэлцэж аль нэг байгууллагын өгөгдлийг анхдагч өгөгдлөөр тодорхойлно. Цаашид анхдагч байгууллага нь өгөгдлийг нийтэлж байна.

 

Тав. Өгөгдлийн тасралтгүй үйл ажиллагаа

хамгаалалт, найдвартай байдлыг хангах

 

  1. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар дараах үүрэгтэй байна.
    1. Их болон нээлттэй өгөгдлийн платформын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцан ажиллах;
    2. Их өгөгдлийн шинжилгээг тогтмол хийж оновчтой шийдвэр, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах;
    3. Өгөгдлийн платформ, түүний өгөгдөл дээр ажиллах програмын интерфейс (API), өгөгдлийг цэвэрлэх, нэгтгэх туслах хэрэгсэл програмыг хөгжүүлэх;
    4. Нийтлэгдсэн өгөгдлийн бүрдлийг өгөгдлийн хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тусгайлан, шууд, саадгүй авах боломжийг бүрдүүлж, тасралтгүй хэвийн ажиллах нөхцөлийг дэвшилтэт технологитой уялдуулан байнга хөгжүүлэх;
    5. Өгөгдлүүд дээр ажилласан тайлан, дүгнэлт, урьдчилсан таамаглалын дүнг тухайн байгууллагуудад танилцуулж олон нийтэд мэдээлэх ёстой ба бусад байгууллагын хувийн өгөгдлийг бусдад зөвшөөрөлгүй дамжуулахгүй байх;
    6. Өгөгдлийн бүрдэл бүрийн хувьд өгөгдлийн хэрэглэгчийн нэмэлт өгөгдөл эсвэл мета-өгөгдөл хүсэх, өгөгдлийн төрлийг өөрчлөх тухай санал хүсэлт, зөвлөмжийг онлайнаар авах нөхцөлийг олгох;
    7. Аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тухайн байгууллагад хувийн ба нээлттэй өгөгдлийг нийтлэхтэй холбоотой дүрэм журам, стандарт, бусад бодлогын бичиг баримтыг дагаж мөрдөх талаар заавар, зөвлөмж өгөх;
    8. Өгөгдлийн порталын ашиглалтын тайланг гаргаж бусад байгууллагад танилцуулах;
    9. Өгөгдлийн платформд өгөгдлийн каталогийг ойлгомжтой тодорхойлж, байгууллагын нийтлэгч бүрт өгөгдлийг нийтлэх, засварлах, устгах, хувийн өгөгдлийг бусдад ашиглуулах эрхийг зааж өгөх платформын эрхийг үүсгэж өгөх;
  2. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар дараах эрхтэй байна:
    1. Байгууллагуудаас өгөгдлийн сангийн хуулбар хувийг авах, нөөц үүсгэх, дата төвтэй шууд холболт үүсгэх, мөн байнгын шинэчлэлтийг авах;
    2. Байгууллага бүрийн өгөгдлүүд дээр боловсруулалт хийх, тайлан мэдээ гаргах, урьдчилсан таамаг дэвшүүлэх, анализ хийх;
  3. Өгөгдлийн хэрэглэгч дараах эрхтэй байна:
    1. Байгууллагын хувийн өгөгдлийг авах хүсэлт гаргах, хариугаа ажлын 5 хоногийн дотор авах, хугацаа хэтэрсэн тохиолдолд шаардах;
    2. Өгөгдлийн хамгийн сүүлийн шинэчлэлийг авах, шаардах;
    3. Байгууллагын хувийн өгөгдлийг нээлттэй болгох саналыг тухайн байгууллагад тавих;
    4. Нээлттэй болон хувийн өгөгдлийг зөвхөн ашиглах зөвшөөрлийн дагуу хэрэглэх;
    5. Зөвхөн байгууллага хоорондоо хувийн өгөгдлийн мета-өгөгдлийг үзэх;
  4. Байгууллага дараах үүрэгтэй байна:
    1. Өгөгдлийн сангаа дата төвд байршуулах, хэрвээ тухайн байгууллага нь босоо удирдлагатай бол дээд шатны байгууллагадаа хандаж зөвхөн нийслэлтэй холбоотой өгөгдлийн санг байршуулах эсвэл холболт үүсгэх;
    2. Өгөгдлийн сангаа аль болох шууд холболтоор нийслэлийн дата төвтэй холбохыг эрмэлзэх ба эцсийн өгөгдлөө байрлуулах, холбох;
    3. Өгөгдлөө байрлуулах, шинэчлэх, өөрчлөхдөө цахим хуудсанд гэмтэл саатал учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах;
    4. Хувийн өгөгдлөө дамжуулахдаа ашиглах зөвшөөрлийг тодорхой зааж өгөх;
    5. Нээлттэй өгөгдлийн бүрдэл бүрийг “нээлттэй өгөгдлийг түгээхэд ашиглах зөвшөөрөл”-ийн аль тохирохыг сонгож нийтлэх;
    6. Байгууллагын хувийн өгөгдлийг авах өгөгдлийн хэрэглэгчийн хүсэлтэд ажлын 5 өдрийн дотор хариу өгч ашиглах эрхийг шийдвэрлэх;
  5. Байгууллага дараах эрхтэй байна:
    1. Их өгөгдлийн платформд холбосон өөрийн өгөгдлийн сангийн нууцлалыг хангаж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шаардах, шаардлагатай тохиолдолд нууцын гэрээ байгуулан холболтыг үүсгэх;
    2. Өөрийн болон бусдын ашиглахыг зөвшөөрсөн өгөгдөлд их өгөгдлийн шинжилгээ хийх;
  6. Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бүрдүүлэхдээ MNS ISO 17799:2007, MNS ISO/IEC 27001:209; MNS ISO/IEC 13335-1:2009 стандартыг мөрдлөг болгон ажиллана.

Зургаа. Хариуцлага, хяналт

 

6.1. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь бусад байгууллагын өгөгдлийн бүрдлийн чанар, хэмжээнд хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй бол дутагдлыг арилгуулна.

6.2. Энэхүү журмыг зөрчсөнөөс үүдэн байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ӨГӨГДЛИЙН БҮРДЛИЙН МЕТА-ӨГӨГДЛИЙН ХҮСНЭГТ

 

Өгөгдлийн бүрдлийн мета-өгөгдөл - Common Core Metadata Schema v1.0

 

Талбар

Тайлбар

Гарчиг

Монгол хэлээр бичсэн нэршил байна.

Тайлбар

Өгөгдлийн хэрэглэгчид өгөгдлийн талаар бүрэн ойлголт өгөхүйц монгол хэл дээр товч хэлбэрээр бичигдсэн тайлбар байна.

Түлхүүр үг

Тухайн өгөгдлийг илэрхийлж чадах түлхүүр үгийн жагсаалт байна.

Шинэчлэлт

Хамгийн сүүлд өөрчлөгдсөн хугацаа байна.

Нийтлэгч

Нийтлэгч байгууллага, хэлтэс, албаны нэр байна.

Хариуцагч

Өгөгдлийг хариуцагч албан тушаалтны овог, нэр байна.

И-мэйл хаяг

Өгөгдлийг хариуцагч албан тушаалтны цахим шуудангийн хаяг байна.

ID

Тухайн өгөгдлийн дахин давтагдашгүй ID болон API-ийн ID байна.

Хандах эрхийн түвшин

Өгөгдөл нь бүхэлдээ болон хэсэгчлэн нээлттэй болон хаалттай эсэх тухай мэдээлэл байна.

 


 

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙГ ТҮГЭЭХЭД

АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

 

Энэ баримт бичгээр байгууллагын нийтлэх нээлттэй өгөгдлийг түгээх, хэрэглэх лицензийг (ашиглах зөвшөөрөл) тодорхойлов.

Creative Commons[1] (CC)

CC зөвшөөрлийг өгөгдөл болон бусад зохиогчийн эрхээр хамгаалах, бүтээлийг ашиглах эрхийг зааж өгөхөд өргөн хэрэглэдэг. Эдгээр зөвшөөрөл нь чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон  дамжуулах, өөр зорилгоор хэрэглэх, үүсмэл ажил хийх боломжийг зохиогчийн эрх эзэмшигчээс асуулгүйгээр хэрэглэхийг зөвшөөрдөг нээлттэй өгөгдлийн зөвшөөрөл юм. Эдгээр зөвшөөрлийн таних тэмдгийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д тодорхойлсоны дагуу ойлгоно. Таних тэмдгийг тухайн өгөгдлийн мета-өгөгдөлд зааж өгнө.

 

 

Нэр

Зурган
таних тэмдэг

Үсгэн
таних тэмдэг

Тайлбар

Creative Commons Zero

88x31-3.png

CC 0

Ямар ч нөхцөлгүйгээр бүх зүйлд чөлөөтэй ашиглахыг зөвшөөрнө

Creative Commons Attribution

88x31.png

CC BY

Чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон дамжуулах, ямар ч зорилгоор (ашгийн болон ашгийн бус) хэрэглэх, үүсмэл ажил хийхийг зөвшөөрнө гэхдээ зохиогчийг заавал дурдах ёстой

Creative Commons Attribution-Share-Alike

88x31-2.png

CC

BY-SA

Чөлөөтэй хуулах, нийтлэх, түгээх болон дамжуулах, ямар ч зорилгоор (ашгийн болон ашгийн бус) хэрэглэх, үүсмэл ажил хийхийг зөвшөөрнө гэхдээ зохиогчийг заавал дурдаж, ижил лицензээр цааш түгээх боломжтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



[1] www.creativecommons.org

Сэтгэгдэл
Шинэ мэдээ