Нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын үүсэл
НЭМСЭН:edub@yahoo.com
ОГНОО : 2014/11/25 УНШСАН: 5034

1924 онд олон аймгийн захиран тушаах хэлтэст сургуулийн хэргийг эрхлүүлжээ. Ийнхүү түүхэнд анх удаа хөдөлмөрчин олны соёл боловсролын ажлыг төрийн хэрэг болгосон нь онцгой чухал ач холбогдолтой алхам боллоо гэж монголын түүхэнд бичигдэн үлджээ. 1925 онд бага сургуулийн анхны программыг боловсруулсан бөгөөд энэ үед 19 сургуульд 731 сурагч суралцаж байжээ.1926 онд МАХН-ын тавдугаар их хурал, улсын гуравдугаар их хурлаас Ардын Гэгээрлийг хөгжүүлэх 10 жилийн /1926-1936/ төлөвлөгөөг батлан гаргажээ. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, багш цөөн, ажиллах хүрээ хязгаарлагдмал, ачаалал нь хөнгөн бага байсан үед хотын сургуулийн хэргийг 1931 оныг хүртэл Ардыг Гэгээрүүлэх яам шууд удирдан хянаж байжээ.Тухайн үеийн төр засгийн удирдлага тухайлбал, Улсын бага хурлын дарга Догсом, орлогч дарга Лосол, Их хурлын тэргүүлэгчдийн дарга Дамдинсүрэн, Гэгээрүүлэх яам ба хотыг захирах яамны харъяа сургуулиудыг эргэн үзэж заавар, зөвлөгөө, даалгавар өгч байсан баримт бичгүүд архивт хадгалагдаж байна.1930-аад оны эхээр Улаанбаатар болон бусад томоохон аймгуудад гэгээрлийн хэлтэс ажиллах болжээ. Улаанбаатарын гэгээрүүлэх явдлын хэлтэс 1921 оны 9-сарын 21-ний өдөр хуралдсан Монгол Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Засгийн Газрын хамтарсан хурлын тогтоолоор байгуулагдсан юм. Энэ хуралдаанаар Монгол улсын орон нутгуудын зохион байгуулалтыг шинэчлэн тогтоох тухай хуулийг өөрчлөн, захиргаа ба эдийн засгийн талаар тогтоосон гол бодлогод нийцүүлэн, Төв аймаг, Улаанбаатар хотын захиргааг нутаг дэвсгэрийн холбогдлоор нэгтгэж, ерөнхий, санхүүгийн, гэгээрлийн зэрэг 9 хэлтэс товчоотой байхаар тогтоосон нь эдүгээгийн Улаанбаатар хотын Засаг даргын дэргэдэх Боловсролын Газрын тулгын чулуу болжээ.

            Ардыг Гэгээрүүлэх яамны сайдын тушаалын төсөлд “Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн өвлийн бэлтгэлийг хангах, багш нарын амралтыг зохицуулахыг хотын гэгээрлийн хэлтсийн дарга Санжайдоод даалгасугай” гэсэн нь хэлтсийн анхны дарга хэн байсныг гэрчлэн харуулж байгаа юм. Үүнийг улам тодруулбал мөн яамны сайдын 1932 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалд монгол улсын 13 аймаг, Гэгээрлийн хэлтсүүд нь үндсэндээ аймгийн захиргааны дүрэмд оруулсан өөрчлөлт ёсоор Ардыг Гэгээрүүлэх яамны шууд харъяа газрууд болох тул аймгийн захиргааны соёл гэгээрлийн хэлтсийн дарга нарыг хавсралтаар томилсугай гэсний дотор Улаанбаатар аймгийн соёлын хэлтсийн Рэнчин, Улаанбаатар хотын соёл, гэгээрлийн хэлтсийн эрхлэгчээр Санжайдоог томилсон байдаг.1932 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тушаалаар орон нутгийн гэгээрлийн хэлтсийн харъяалах газар, хариуцах ажлын жагсаалтыг баталж, Улаанбаатар хотын гэгээрлийн хэлтсийн харъяалах газруудад: 

1. Аймаг, хотын доторх 14 бага сургууль

2. Аймаг ба хотын бүх театр ба бусад клуб, улаан булан

3. Мөн театр байгууллагаас гадуур хотын доторх ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан кинонууд

4. Аймаг ба хотын доторх бичиг үсэггүйг арилгах газар ба шинэ үсгийн анги, багш нар

5. Хотын доторх улаан гэрүүд 

6. Хүүхдийн байшин болон аймаг хотын дотор орон нутгийн хувиар олон ардын дунд явуулах ажлуудыг багтаасан байна.

Үүнээс гэгээрлийн хэлтсийн эрх мэдэл гүйцэтгэх үүрэг, шийдвэрлэх ажил, хүлээх хариуцлага нь тодорхой болжээ. Ийнхүү 1931,1932 оны заагаар хотын гэгээрлийн “Зуслангийн байр”, “Сургалтын төв”, “Хүүхдийн кино театр” /Элдэв-Очирын нэрэмжит кино театр/ “Найрамдал” зуслан гэх хүүхдийн байгууллагыг бий болгосон.1923 оны цагаан сараар 40 сурагч бүхий дунд сургуулийн бэлтгэл ангийг байгуулав. Энэ дунд сургуулийн анхны захирал нь Базарын Ишдорж дараа нь Цэрэндоржийн Цэвэгжав түүний дараа Бямбын Ринчен, дараа нь Жамъян нар ажиллажээ. Түүнийг Төв хороонд шилжихэд 1924 онд Бадрах захирал болсон бололтой. Энэ ондоо шинэ хүүхэд элсүүлэн 75 сурагчтай болжээ. Тэр үед дунд сургуульд үзэж байсан 9 хичээлийг заах ном сурах бичгийг зохиох, хичээл заах ажилд Орос улсаас ирсэн, тэр үед багшийн сургуульд багшилж байсан буриад Жамсранов, Эрдэнэбатухан, Абшеев, Хазгаев, Ишдорж нарын зэрэг багш нар ихээхэн хүчин зүтгэл гаргажээ.1922 онд “Дэлхийн байдал”, “Цагаан толгой”, “Зурхайн бодлого”,“Анхан сурах хөвгүүдийг удирдан сургах хичээлийн бичиг” гэдэг номуудыг 500-1000 хувь хэвлэн тараасан бөгөөд эдгээрийн эхний 3 номыг түшмэл Өсөхбаяр зохиосон ажээ. 1920-иод оны үед бага сургуульд голдуу Жамъян гуайн зохиосон “Цагаан толгой” номыг хэрэглэх болжээ. Үүнээс гадна 30 гаруй цагаан толгойн номыг хэрэглэж байсныг Б.Ринчен гуай жагсаан бичсэн бий. Хожим бас судар бичгийн хүрээлэнгийн түвэд үсгийн орчуулагч Шагжа гуайн 1927 онд зохиосон цагаан толгойг хэрэглэж байжээ. Энэ үед сурагчдын мэдлэгийг хэрхэн дүгнэж байсан нь сонин байна.1923 онд сургуулийн сурагчдын шалгалтын дүнг гаргахад “хоёрдугаар ангийн сурагчдын тэргүүн зэрэг 8 сурагч, дунд зэрэг 5 сурагч, доод зэрэг 5 сурагч, нэгдүгээр ангийн сурагчдын тэргүүн 5 сурагч, дунд зэрэг 10 сурагч, доод зэрэгт 6 сурагчийн нэр бичигджээ. ”Энэ бүгд 39 хүүхдийн нэр байгаагийн дотор тэргүүн зэрэг сурагчдын дотроос Бавуу, Батсүх, Гонгоржав нарын зэрэг, доорд зэргийн сурагчдаас Гаваа, Намхайцэрэн нарын зэрэг улс эх орондоо их зүйл бүтээж нэр хүндтэй алдар гавъяатан болсон хүмүүс байна. Хожим Л.Намхайцэрэн, Гаваа нар нь соёл урлагийн нэрт зүтгэлтэн болсон билээ.Сурагчдын мэдлэгийн дүнг тоогоор биш тэргүүн зэрэг, дунд зураг, доорд зэрэг үгээр илэрхийлж байсан нь сонин. 1923 оны үед тэнхимийн сургуулийг “Улсын сургууль”, “Түүгээр байгуулсан /орон нутагт улсын биш хөрөнгөөр байгуулсан/ сургууль” гэж ялган нэрлэж байжээ. Энэ нь уг сургуулийг хэн санаачлан байгуулав, ямар зардал төсвөөр ажиллаж байв гэдгийг илэрхийлж байжээ. 1923 оноос эхлэн бага сургуулиудын зардлыг улсын жинхэнэ төсөвт оруулж бүх сургуулийн зардалд 46883 лан мөнгө төсөвлөн баталжээ. 1922-1923 онд ажиллаж байсан 29 сургуульд 43 багш сургагч ажиллаж, 590 орчим сурагч хичээллэж байсныг сургуулийн нэрээр жагсаан бичсэн баримт архивт бий.

Сургуулийн сургалтын ажлыг сайжруулах талаар авсан арга хэмжээнүүд

1925 онд Багш нарын II хурал Ардыг гэгээрүүлэх яамны илтгэлийг авч хэлэлцээд багшлах боловсон хүчин бэлтгэх, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэхийг чухалчлан сургуулийн сурах бичиг, хичээлийн хэрэглэл, хоол хүнсний хангамж,түүнд тавих хяналтыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчнийг гадаадад явуулан бэлтгэх, хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах, тэдний улс төрийн ухамсарыг дээшлүүлэх явдлыг онцлон заасан байна.Тус II хурлаас нийт бага сургуулиудын анхдугаар программыг баталж улсын хэмжээнд сургуулиудыг нэгдсэн нэг программтай болгожээ. Энэ программыг зохиогчид нь: 

 Монгол бичиг – Авирмэд, Чимид, Аюурзана, НамсрайØ

 Тоо бодлого – Каниев, Намсрай, Гомбосүрэн, ЛэгшидØ

 Улс төрийн байдал – Дагдан, Жадамба, БаатарØ

 Зураг зурахад – Дагдан, Цэрэн-Очир, Мөр-ОчирØ

 Биеийн тамир сайжруулахад – Дэлгэрсум, Дашаев, ТовуудоржØ

 Аж ахуйд – Бат-Ухаан, Рэнчин нар байжээ.Ø

1925 онд “БНМАУ – ын дунд сургуулийн дүрэм хэмжээ” –г шинэчлэн баталж гаргажээ.

1925 оны 11 дүгээр сард БНМАУ-ын II их хурлаас Ардыг гэгээрүүлэх яамны илтгэлд гаргасан тогтоолд “багш нарыг жил бүр зуны цагт хуралдуулж давтан сургаж байх, сургуулийн хэргийг зөв сайнаар гүйцэтгэж байгаа эсэхийг цаг үргэлж хянаж байцаах, гадаадад зохих насны хүмүүсийг томилон явуулж, сургууль хийлгэн боловсруулах, орон нутагт байгуулсан сургуулиудад тусалж сайжруулахыг хичээвэл зохино гээд...Гадаадад зохих насны хүмүүс үлэмжхэнийг томилон явуулж, сургууль хийлгэж боловсруулах нь чухал тул монгол бичиг үсэгтэй бөгөөд сурах төлөвтэй ба чанар сайтай бас ч бие махбод эрүүлийг нь явуулж байвал зохино” гэж дурьджээ.

Ингээд 1926 онд дунд сургуулийн 3,4-р ангиас Герман, Франц, Орос улсад 170-аад хүүхдийг суралцуулахаар явуулсан бөгөөд энэ сурагчид тэр үед 14-20 настай байлаа. Тэдний дунд хожим нь Орхон үүлдрийн хонь бий болгосон зоотехникч Т.Аюурзана, зохиолч Д.Нацагдорж, Ардын багш Г.Батсүх, зураач Намхайцэрэн, геологийн доктор Ж.Дүгэрсүрэн, “Баянмонгол”,“Соёл-Эрдэнэ”,“Үхэрчин хүү” зэрэг дуу зохиосон эмч, орчуулагч Наваан-Юндэн нар байв. Эдгээр сурагчдыг 1926 онд Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатухан өөрөө тэр улсуудад хүргэж өгч хүүхдүүддээ сайн суралцаж буцахыг даалгаж байсан байна. Ингэж хөгжилтэй орны соёл боловсролын жишээнээс шууд суралцах ажлыг Европын орнуудад хүүхэд залуучуудыг явуулж сургах, Япон хэлнээс ном орчуулж хэвлэх мэтээр эхэлсэн нь маш чухал арга хэмжээ байсан боловч хэдэн жилийн дараа баруунтан, зүүнтэн гэсэн улс төрийн харалган үе эхэлж суралцагчдаа Европын орнуудаас татаж, гурав дахь хэлнээс ном орчуулж хэвлэх ажил зогссон байна. Эрдэнэбатухан сайд 1925 онд Герман, Франц улсад суралцахаар явсан хүүхдүүдийг хүргэж өгөхөөр Герман улсад очихдоо “Дэлхийн байдлыг үзүүлэн сургах атлас” хэмээх зургийн дэвтэрийг 1926 онд хэвлүүлж авчирчээ. Энэ атлас тэнгэрийн байдлын зураг 1ш, бөмбөрцгийн зураг 1ш, Европын зураг 2ш, Австралийн зураг 1ш, Монгол орны зураг 1ш, азийн зураг 4ш, америкийн зураг 2ш, Африкийн зураг 2ш бүгд 13 ш зургийн багтаамжтай. Азийн тивийн зураг, олон овогтны зураг, газрын зургуудыг өнөөгийн бидний заадаг газар зүйн ухааны сонгодог аргаар бүтээсэн, тайлбарыг нь уйгаржин монгол бичгийн хичээнгүй бичмэлээр маш гоё гаргацтай бичсэн үзэмжтэй атлас байдаг. Энэ атлас нь дэлхийн ба газрын зургийг орчин үеийн зураг зүйн шинжлэх ухааны аргаар хийсэн манай улсын газарзүйн хичээлийн анхны атлас юм. Атласанд орсон “Монголын эрт цагийн түүх” гэдэг зураг нь:

1. Чингисийн дайлж явсан улс 1227 он

2. Хубилай хааны дайлж явсан улс 

3. Хорезмын улс 

4. Төмөр хааны эзэлсэн улс 1405 он

5. Эдүгээ бүхий Монгол улс гэжээ.

Энэ атласын “Монголын эрт цагийн түүх” гэдэг зураг нь эзэн Чингис хааны үе, түүний дараах их хаадын үеийн (III- XV зуун)-ы Монголын газар нутгийн тухай анхны шинжлэх ухааны үндэстэй зураг болох биз. Эрдэнэбатухан сайд Герман улсад очихдоо дагуулж явсан манай анхны дунд сургуулийн багш монгол манж бичигтэй гүн Авирмэд атласын тайлбарыг бичсэн гэдэг. Энэ атласыг 1930-аад он хүртэл сургуульд хэрэглэдэг байж билээ гэж манай дунд сургуулийн 3 дахь захирлаар ажиллаж байсан академич, доктор профессор Б.Ренчин гуай бичсэнийг дээр дурдсан. Мөн монгол бичгийн машин хийлгэж авчирсан байна. Авчирсан машинаараа алив бичгийг олон хувь бичиж гаргахыг хараад монгол бичгийн их хүн Дашням гүн “Монголд сайн бичээч гарахаа болилоо, төмөр бичээч гараад ирж” гэж хэлж байсан хэмээн ахмад багш Б.Содов гуай ярьсан байсныг Улсын түүхийн төв архивт байгаа Гэгээрүүлэх яамны архивын материал нь муутуу цаасан дээр гараар гаргацтай тогтуун бичсэн байдаг бөгөөд 1928 оноос хойш машиндсан материал үзэгдэх болсныг дурьдая. Эрдэнэбатуханы авчирсан бичгийн машин нь манай уйгаржин бичгийн анхны машин болох байх. Ийм машин улсын түүхийн музейн үзмэрт бий. Германд суралцаж байсан хүүхдүүд 1927 онд “Сурагчдын сэтгүүл” гэдэг сэтгүүл гаргаж байснаа Гэгээрүүлэх яаманд ирүүлсэн байдаг.

1925 онд баталсан МАХН-ын хөтөлбөрт “...Монгол үсэг бичгийг засамжлан шинэтгэх, амар дөхөм болгох ба олон ард түмнийг сурч боловсроход тустай болгох” гэж тусгасан нь бичиг үсгээ халан солих эхлэлийг тавьсан бөгөөд бас “олон сургуулийн заах зүйлүүдэд улс төрийн хэрэгт суралцах зүйлийг оролцуулах” гэж заасан байсан нь сургуулийн ажлыг улс төржүүлэх ажлын эхлэл болж байлаа.1926 онд хуралдсан Улсын III их хуралд Гэгээрлийн Яамнаас тавьсан илтгэлд сургуулиудыг сурах бичгээр хангаж ирсэн талаар дурдсан нь “..Шинэ зохиосон цагаан толгойн хичээлийн гуравдугаар дэвтэр, хүүхдийн сонирхон унших зурагтай дэвтэр, улс төрийн байдал, тоо бодлогын дэвтэр нийлж бүгд 115000 дэвтрийг Халх, Чандмань таван аймгийн яаманд хүргүүлэн тушааснаас гадна сурган боловсруулах газар цагаан толгой 5000-ыг хэвлүүлэн гаргажээ. Хэмжих зурах ухаан, дэлхийн байдал, шинжлэх түүх,...тооны ухаан...үсгээр үлгэрлэн бодох томъёоны ухаан,таван тивийн байдал зэрэг ном дэвтрүүдийг орос, Япон судраас орчуулан бэлтгэн буй” гэжээ. 1921-1926 онд Оюунтүлхүүр, “Зурхайн бодлогын бичиг”, “Ертөнцийн байдал”, “Монгол үсгийн цагаан толгой”, “Балар цагийн түүх” зэрэг бүгд 23 төрлийн ном, сурах бичгийг тус бүрийг 1000-1500 хувь хэвлэн тараасан байна.Тэр үед орон нутагт гэгээрлийн ажлыг удирдах төрийн байгууллага байгуулагдаж гэгээрлийн ажлыг хөгжүүлэх чухал арга хэмжээнүүдийг авч байлаа. Жишээ нь, 1926 оны 6 дугаар сард Хан Хэнтий уулын аймгийн сургуулийн багш нарын II их хурал болж сургуулийн цөөн жилийн ажлын туршлагаа ярилцаж байсан байна. Энэ хуралд монгол бичгийн нэрт эрдэмтэн С.Шагж нар оролцож байжээ. Гэгээрлийн яамнаас 1926 онд гаргасан нийт бага сургуулиудын дөрвөн жилд үзэх хичээлийн программд одоо ч хэрэгтэй сонин санаа их байгаагаас товч танилцуулья. Дөрөвдүгээр ангидаа...элдэв судар бичгийг үзэж сайн дадалтай болохыг хичээнэ. Албаны бичиг хуудас ба амины захидал зэргийг уншиж утгыг мэдэх болгох бөгөөд бас ч бага сага хуудас захиа зохиолгож сургана, сурагчдад орчин тойрны элдэв юмны байдал төлөв учир утгыг мэдүүлэхийг хичээх бөгөөд тийнхүү үзэж сонсож мэдсэнийг багшийн удирдлагаар цээжээр буюу бичгээр илтгэж сургаваас зохино”...гэхчлэн чадваруудыг жагсаан бичиж байжээ.

Монгол орон нутгийн байдлын хичээлд: Сургуулиас гадагш зугаацахаар явж, юм үзэж, өвс ногоо, ургамал, чулууны нэрийг хэлж өгнө, өвс ногоо хавар хэдийд ургаж дэлгэрэх, ямар өвс ургамлыг ямар мал хэдийд иддэгийг таниулах, харъяат хот буюу сургуулийн орчин тойрон хэсэг газрыг барагцаалан хэмжээлж зургийг нь зурж сургах...

Түүхийн хичээлд: “Эдүгээ цагаас 4600 жилийн урьд байсан эртний монголын Сан-Юн хийгээд Чжоу улсын үеэс эхлэн их монгол улс, Юан улс хүртэлх хорин үе болсон хийгээд эдгээр олон үед монголчууд хэрхэн мандаж, мөхөж явсныг товчхон төдий заах” гэжээ.

Биеийн тамирын хичээлд: Тав, зургаан минутанд 1200м хүртэл гүйлгэх,15 метр байг онох, модны өндөр ба юмны хол ойрыг барагцаалан мэдэж сурах

Дуу хөгжмийн хичээлд: Нэгдүгээр ангид Гоож лам зэрэг 15, хоёрдугаар ангид Сумъяа зэрэг 10 дуу, гурав, дөрөвдүгээр ангид Дүйнхэр даа лам зэрэг 8 дуу түүнээс гадна Сэрүүн сайхан хангай зэрэг 25 дуунаас сургах тухай дурджээ.

Зураг зурах сургуульд: Аливаа дүрс бодис ба хэмжих ухааныг төсөөлөн ухаарахад зураг зурах нь чухал болох тул хүүхдийг гараар зураг зурж сургахыг нэн эрхэлвээс зохино гэжээ.Бас гэрийн үйлдвэр ба оёх, сүлжих тухай гэсэн сонин хөтөлбөр байна. Хувцас хунар оёх, утас ээрч гарын бээлий хийх, малаас гарах хялгас, ноосыг урж, савах, дээс томох, арьс шир элдэх талхидах, эвэр мод зөөлөн чулуу зэргээр шугам бичгийн мод... зэрэг бага сага хэрэглэл үйлдүүлэх /9.186-208/ зэрэг оржээ. 1926 онд хуралдсан МАХН-ын V, Улсын III их хурлаас Ардын гэгээрлийг хөгжүүлэх арван жилийн /1926-1935/ төлөвлөгөөг боловсруулан гаргав. Энэ үеийн гол бодлого нь сургуулийг олшруулж хүүхдийг сургуульд олноор хамран сургах, ард олныг соён гэгээрүүлэхэд чиглэж байлаа.Энэ үеэс бага сургуулийн сургалтын хугацааг 4 жил болгон нэмэгдүүлсэн байна.

1926 онд Гэгээрлийн Яамнаас бага сургуулийн сургалтын үлгэрчилсэн хуваарь /төлөвлөгөө/ гаргасныг үзвэл:

Заах зүйлүүд

I ангид

II ангид

III ангид

IV ангид

1. Монгол бичиг унших ба орон нутгийн байдал

8

10

12

12

2. Бичгийн зургийг сайжруулах

3

3

2

2

3. Тоо бодох ба хэмжих

3

4

6

6

4. Зураг зурах

1

2

3

3

5. Биеийн тамир сайжруулах

2

2

2

2

6. Бүсгүй хүүхэд оёх, сүлжих зэргийн гэрийн ажил, бүстэй хүүхдэд гэрийн үйлдвэр

-

-

2

2

7. Дуу дуулах

1

1

1

1

Бүгд цаг

18

22

28

28

Энэ сургалтын төлөвлөгөөнд “бүстэй хүүхдэд гэрийн үйлдвэр” заах гэж орсон нь сонин чухал санаа байна. /9.208/

Улсын III их хурлаас өгсөн заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухайгаа 1926 онд хуралдсан улсын VIII бага хуралд Гэгээрүүлэх Яамнаас оруулсан илтгэлийн зарим санааг энд дурьдая. Үүнд: Ард иргэдийг гэгээрүүлэх явдлыг чухалчлах, гадаадад суралцахаар явагсадыг хянах, шалтгаангүйгээр эргэж ирэгсэдийн сүйтгэлийг төлүүлэх, багш нарыг давтан сургах, бэлтгэх, сургуульд явагсдыг нас хэтрэв гэж сургуулиас нь хасах хортой болох, нас хэтэрсэн хүмүүсийг боловсруулах бодлого боловсруулах зэргийг тусгасан байна. Мөн энэ хурлаас хичээлийн программыг баталсан байна. Энэ программ нь сурагчдын мэдэх чадах зүйл дээр тулгуурлан, мэдлэгээ амьдрал ахуйд хэрэглэх чадвартай болгоход үлэмж анхаарал тавьсан агуулгатай болно. Жишээлбэл, биеийн тамирыг сайжруулах, хичээлээр барилдуулах, уралдуулах ба элдэв зүйлийн монголын наадмаар наадуулах, тооны хичээлд хоёрдугаар жилд нь алив зүйлийн хүнд хөнгөн чанарыг жигнүүлэн лан,фун, жин ван ба цагийн хэмжүүр зэргийг хэмжүүлэн зааж сургана...бутархай тоог хоёрны нэг, дөрөвний нэг, наймны нэг, бас гуравны нэг, тавны нэг хүртэл заан таниулна гэх буюу монгол бичиг үсгийг гуравдугаар жилд монгол үсгийн ямар ба бичиг үсгийг шударгуу сайнаар уншиж чадах болгох, монгол орон нутгийн байдалд харъяат аймаг хошууны газар ямар ямар зүйлийн хүнд тустай, хортой ургамал амьтнууд байх, тэдгээр бөгөөс хаа хэрхэн амьдрах тухай /мэдүүлэх/ гэх одоо ч ач холбогдол нь буураагүй чухал утга санааг агуулсан байна.

Сургуулийн /хичээлийн/ дүрмийг дахин төлөвлөхөөр тогтжээ. /Энэ төлөвлөгөөнд монгол бичиг, үсгийн хичээлийн цаг тавигдаагүй бөгөөд 6 цаг гэдгийг ойролцоогоор нөхөж бичив./ (Ш.Ш) /9.186-194-с түүж оруулав/ Сургууль сурагчид олшрохын сацуу хүүхдийн байгууллага байгуулах шаардлага гарч 1925 оны 5 дугаар сарын 25-нд 200 пионерийг нэгтгэсэн 14 салаа,4 бүлгэмтэйгээр Монголын пионерийн байгууллагыг байгуулав.1925 онд Пионерийн анхны чуулга болж анхны хүүхдийн зуслан ажиллаж эхлэв.1927-1928 оны үед манай багш нарын дотор өндөр боловсролтой багш нар олон байсныг тэр үеийн сурагч хожим нь манай нэртэй эрдэмтэн болсон Ш.Лувсанвандан гуай “Намайг дунд сургуульд сурч байсан 1927-1928 оны үед...монгол улсад орчин цагийн дээд сургуультай /боловсролтой/ хүн гэвэл оросын дээд сургуультай Цэвээн Жамсранноров, Баярт, Вампилов, Даш, Сампилион, Японы дээд сургуультай Нүннээжав гэж хэлэлцдэг байж билээ. Манай дунд сургуулийн бусад багш нараас Дашеев, Цэвэгжав, Буддарь хоёрыг оросын дунд сургуультай Хажид, Бадрах, Дүүрэн-аа, Соёлтой гурвыг хятадын дунд сургуультай гэдэг байсан. Тэр үеийн дунд сургуулийн багш нар дотор харь хэл мэддэг хүн олон байв. Жишээлбэл, Буддарь орос, англи, герман хэлтэй, Нүннээжав япон, хятад, англи хэлтэй, Цэвэгжав орос хэлтэй, Бадрах, Соёлтой, Дүүрэн-аа гурав хятад хэлтэй гэдэг байсан” гэж байна. /54.38/1927 онд 120-иод сурагчтай арваад багштай дунд сургуульд монгол, орос, англи, герман, хятад хэл, монголын түүх, олон улсын түүх, дэлхийн байдал, түмэн бодис, бодисын зүй, арифметик, алгебр, геометр, дорно дахины зураг, өрнөдийнхний зураг, биеийн тамир гэх мэтийн хичээл зааж байв.1930-аад оны үед хар бологсдын сургууль нээгдэн сүм хийдэд шавилан сууж байсан хүүхдийг сургаж байсан юм.1927 онд тэр үед байсан 6 аймгийн яамдын дэргэд ардыг гэгээрүүлэх хэлтэс байгуулагдав.1926 оны үед сургуулийн хичээллэх хугацаа нь 8 дугаар сарын нэгнээс дараа жилийн зургаан сарын нэгэн хүртэл 10 сар хүртэл үргэлжилж байв.Үүнийг хүүхдийн хичээллэх идэвх саарч бие оюун нь сульдах явдал байна гэж үзэн хугацааг богиносгох, завсарлагаа амралтыг нэмэгдүүлэх арга хэмжээг Гэгээрүүлэх яамнаас авсан байна.Үүнд: 8 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл хичээллэж 10 хоног амруулаад 10 сарын 11-ээс Монголын цагаан сар хүртэл хичээллэж, амралт завсарлагааг хасаад хоёр зуугаад өдөрт өдөр бүр 4 цаг хичээллэнэ гэвэл 800-гаад цаг хичээллэх болно гэсэн байна. /9.209/ Дүрэм нь: Нийтийн товчоо, сургуулийн захиргааны тухай, сургуулийн зөвлөлийн тухай, сурагчдын тухай, заан сургах тухай, сургуулийн эрх, зарлагын тухай гэсэн долоон бүлэгтэй тавин зүйлтэй байв. Энэ дүрмийн заах сургах тухай тавдугаар бүлгийн “гучин нэгдүгээр зүйл”д заан сургах зүйлүүд нь:

1. Монгол бичиг зүйл

2. Тооны ухаан

3. Дэлхийн байдал

4. Түмэн бодис

5. Хэмжих, зурах ухаан

6. Тус улсын түүх, газар орны байдал

7. Улс төрийн байдал

8. Орос, англи, хятад үг бичих

9. Дуу хөгжим

10. Биеийн тамир сайжруулах зүйлүүд

11. Уран дархны зүйл гэжээ.

Мөн энэ дүрэмд “дунд сургуулийн орон байшин, гэрэл түлш, сав хэрэглэл бичгийн ба сургуулийн хэрэгсэл, сурагч нар, албан хаагчдын цалин хэрэглэлийг цөмийг улсын сангаас гаргана, сурагч хүүхдээс сургуулийн хөлс сүйтгэл харъяалахгүйгээр сургаж гэгээрүүлнэ” /9.71-82/ гэж заажээ. Мөн 1928 онд сургуулийн дотоод дүрэм гэж бас дэлгэрэнгүй дүрэм гаргасан байна.1929 онд “Багш нарын сэтгүүл” нэртэй сэтгүүл гаргаж багш нарт туслах ажлыг эхэлсэн нь сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. “Багш нарын сэтгүүл” нь манай улсын тусгай ажил мэргэжлийн хүмүүст зориулсан төрийн анхны сэтгүүл байлаа. Эрдэнэбатухан 1924-1929 онд манай Ардыг Гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байв. Тэрээр 1921 оноос Түр засгийн газрын нарийн бичгийн дарга байхдаа манай улсын дотоод явдлын яамны /дотоодын хэргийг эрхэлж байсан яам/сургуулийн хэлтсийн хэргийг эрхэлж байжээ.1924 оны 2-р сард Ардыг Гэгээрүүлэх яам байгуулагдахад О.Жамъян гуай сайдаар нь томилогдон түр хугацаагаар ажилласаны дараа Эрдэнэбатухан 1924 оны 2 сарын 25-аас 1929 онд Ардыг Гэгээрүүлэх Яамны сайдаар ажиллаж байлаа.

Багш нарын сэтгүүлд багш нарын туршлага олноор хэвлэгдэж байсан. Д.Цэвэгмэд Увс аймагт, Б.Дэжидмаа, Ч.Палаан, Х.Далхжав нар Завхан аймагт, Б.Цэвэгжав Алтанбулагт, Л.Балжир, Ц.Шаравнямбуу, А.Батжаргал нар Өвөрхангайд, Д.Чойжилсүрэн Сэлэнгэд, Д.Базар,Г.Дорж Говь-Алтайд, Ж.Намсрай Төв аймагт, Д.Даш Архангайд, Б.Жамъяандавга, Л.Жүрмэд, Д.Лянхуа, О.Бадамжапова, С.Тамжид, С.Цэрэн, Ч.Түмэн нар Улаанбаатарт багшлах ажил хөдөлмөрийнхөө замыг эхэлж амьдралд орцгоосон тухай дурьдатгалууд сонин бөгөөд сургамжтай байдаг.

Сургалтын төлөвлөгөөг өөрчилсөн нь: Манай улс 1933 оноос сургуулиудын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг анх удаа батлан хэрэгжүүлж, сургуулийн дүрмийг шинэчлэн баталж гаргажээ.ЗХУ-д 1925 онд ардын боловсролын шинэ систем тогтоож, 1928 оноос сургалтын шинэ төлөвлөгөө, программыг хэрэглэх болсон нь манай сургуулиудад сургалтын агуулгаа өөрчлөх жишээ болж өгсөн биз.

1934 онд хэрэглэж байсан сургалтын төлөвлөгөөг үзье. /Бага анги/

Анги

I,II анги

III анги

IV анги

Жинхэнэ ажлын /хичээллэх/ өдрийн тоо

180

180

180

Монгол хэл

360

330

300

Тоо бодлого

180

210

240

Байгалийн шинжлэл

30

60

60

Дэлхийн байдал

-

60

60

Улс төр

30

30

60

Цэргийн сурлага

-

-

30

Биеийн тамир

60

60

60

Жилд орох бүх цаг

620

810

900

Сургалтын хэрэглэгдэхүүн: 1930-аад оны эхэн үед бага дунд сургуулийн сурах бичиг олныг хэвлэн гаргажээ. Жишээлбэл:1933 онд Доржсүрэнгийн “Тоо бодлогын дэвтэр”, Л.Балжирын “Бага сургуулийн багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын тусламж”, Ишдоржийн орчуулгаар 1932 онд байгалийн шинжлэл /амьтны аймаг/, /хий, ус, шороо, гурван махбодь/, /ургамлын аймаг/, /хүмүүний биеийн байдал/, /амьтны аймаг дорд дэвтэр/ гэж таван дэвтэр, Гонгоржавын орчуулга “химийн ухаан”, монгол хэлний яруу найруулга, Далхжавын “Унших дэвтэр”, Ишдоржийн тооны ухааны товч тайлбар, Ц.Цэвэгжавын газарзүйн ном, физикийн дэвтэр, Эрдэнэбатуханы дэлхийн ерөнхий байдал, орос хэл сурах дэвтэр зэрэг олон арван номыг 10000 хүртэл хувиар хэвлэсний дотор зарим номыг латин үсгээр хэвлэн гаргасан байна. Монгол хэлний яруу найруулга гэдэг номонд “Хилэн галзуу баатар” гэдэг жүжгийг даруй 10 гаруй нүүр эзлүүлэн латин үсгээр хэвлэжээ. Энэ үеэс манай багш нар орос хэлнээс орчуулан ашигладаг байсан номуудаа улмаар сурах бичиг болгон хэвлүүлж байсан ажээ.Ц.Шаравнямбуу, А.Киселевын “алгебр”, “геометр”-ийн сурах бичгийг орчуулан зааж байснаа сурах бичиг болгон 1936 онд хэвлүүлжээ. Энэ бол монгол багшийн зохиосон алгебрийн анхны сурах бичиг юм. “Гэгээрүүлэх яамнаас 1934 онд хэвлүүлсэн багш нарын сургах хүмүүжүүлэх ажлын тусламж” гэдэг номын “бага сургуулийн зорилго гэсэн өгүүлэлд “Ардын сургууль нь сурагчдыг сурган хүмүүжүүлэхдээ...сурагчид нь уул сургуулийг төгсөж, дараагаар нь юуны урьд малчин болж амины буюу анхны үйлдвэрийн маягийн нэгдлийн чанартай аж ахуйг сайжруулан хөгжүүлж чадах ийм хүмүүсийг бэлтгэхээр сурган хүмүүжүүлэх ёстой гэж хэмээн ардын бага дунд сургуулийн дүрмийн 1 дүгээр зүйлд тодорхойлсон эдгээр зорилгыг бага сургуулиуд мөрдөн дагаж биелүүлэх ёстой байна” гэж дурджээ. Хэвлэн гаргасан сурах бичиг, гарын авлага, ном тус бүр нь 60 мөнгөнөөс 1 төгрөг 30 мөнгөний үнэтэй зарагдаж байжээ.1934 оны 5-р сард 3000 хувь хэвлэгдсэн “Монгол хэлний яруу найруулга”гэдэг номын 37-48-р хуудсанд “Богд уулын магтаал”,“Абай хилэн,галзуу баатар” найраглалыг Балдоржийн Гомбожав хэлэв гэсэн тайлбартайгаар латин үсгээр хэвлэн гаргажээ.1930-аад оны эхээр гаргаж байсан ном сурах бичгүүд өнөө үед ч хэрэгтэй сургамжтай санаа, сэргээн хэрэглэмээр нэр томъёо, тодорхойлолт, дүгнэлтүүд цөөнгүй байгааг зориуд дурьдая.Тэр үед бага сургууль нь гурван улирал /8 сар/ хичээллэдэг байжээ. Бага сургуульд нэг хоёрдугаар анги тус бүр 170 ажлын өдөр хичээллэдэг байв. Энэ үед хэрэглэж байсан сургалтын төлөвлөгөөнд 48 хувийг төрөлх хэл, нийгмийн ухааны хичээл, 43 хувийг тоо, байгалийн ухааны хичээл, 3 хувийг хөдөлмөр сургалт, 6 хувийг зураг, дуу хөгжим, биеийн тамирын хичээл эзэлж байжээ. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 30 дугаар хурал Ардын гэгээрлийн нэмэгдэл зардалд хөрөнгө олгох тухай сайд Навааны илтгэлийг хэлэлцээд /1938 оны 8 дугаар сарын 25-нд/ тогтоол гаргажээ.Түүнд өгүүлсэн нь:

Нэг.Улсын ардыг гэгээрүүлэх явдлын гол тулгуур болох бага, дунд сургуулийн ба хүүхдийн цэцэрлэгийн нэмэгдэл зардалд хэрэглэгдэх 1213594 төгрөгийг сум хийд, жасын хөрөнгө, эсэргүү нарын хураагдал хөрөнгөнөөс гаргуулах.

Хоёр. Бусад зардлыг шефийн газрууд ба ардын сайн дурын тусламжаар гүйцэтгэхээс гадна чинээ бүхий эцэг эх нь сургуульд сурч буй хүүхдийн хувцасны зардлыг хариуцан гүйцэтгэх...” гэж зааж байжээ. Үүний дагуу ”сурагчдын зардлын зарим хувийг эцэг эхэд нь хариуцуулах” тухай Сайд нарын Зөвлөлийн 30 дугаар тогтоол 1938 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гарчээ.1937 онд Улаанбаатар хотын таван хороодын бага сургуулийн сурлагын байдлыг шалгасан дүн байна. Энэ дүнд монгол хэл бичиг, тоо бодлого, байгалийн шинжлэл, биеийн тамир гэсэн 4 хичээлийн дүнг хороо хороогоор нь тодорхой дурджээ. Мөн оны үед манай сургуульд ямар программ, сурах бичиг хэрэглэж байсныг 1937 оны 10 дугаар сарын 6-нд Дорнод аймагт хүргүүлэх баримтаас харж болох байна. Бага сургуулийн 2-р ба 3-р ангид унших дэвтэр, 3-р ангид үзэх түмэн бодис, мөн ангид үзэх газарзүй, 1,2,3,4-р ангид үзэх тоо бодлого, атлас, дунд сургуулийн 1,2,3,4-р ангид үзэх утга зохиол, тооны хүрд, шугам бүхий дэвтрийг жилд сурагч бүрд арваар бодож 750 дэвтрийг тус аймагт явуулжээ. Мөн онд зуны бага сургуулийн өдөр тутмын бүх төрлийн ажлын ерөнхий цагийн хуваарийг Гэгээрүүлэх яам гаргаж явуулсан байна. Үүнд:

- Хүүхдийн босох, ор дэвсгэрээ хурааж, цэвэрлэх 7:00-7:15

- Байраа цэвэрлэх, нүүр гараа угаах                         7:15-7:30 

- Өглөөний биеийн тамир хийх                               7:30-7:40

- Цай уух                                                                     7:40-7:50

- Хичээлийн хонх дуугарах                                       7:58 минут

/ хичээллэх хугацаа 50 минут, завсарлага 10 минут байжээ/

- Орчин тойронд явах зугаалах, тоглох, орон сууцны доторх ажил 1-2 цаг /үүнд агаарын байдлыг харгалзана/.

- Үдээс өмнө 3 цагийн хичээл, үдээс хойш 2 цагийн хичээл заадаг байжээ. Зуны их халуун өдөр оройн хичээлийг 5 цагаас эхлэнэ гэж заасан байна.

Наваан сайдын ажиллаж байх үед хийгдсэн өөр нэг чухал ажил бол сургуулийн сурах бичгийг сайжруулахын тулд Гэгээрүүлэх яам, Шинжлэх ухааны хүрээлэн, Улсын хэвлэлийн төв газраас 1938 он 2 дугаар сарын 21-нд хамтарсан 32 тоот тушаалаар сурах бичгийн комисс байгуулан ажилуулсан хэрэг юм.Энэ тушаал ёсоор сурах бичгийн комисс байгуулж даргаар нь Дамбийням, орлогч дарга Банзрагч, Чимид, гишүүдэд Лувсанвандан нарын 8 хүнийг томилсон байна.Тушаал ёсоор уг комисст ..”Энэ 28 /1938/ онд хэвлэн гаргах бүх бага, дунд, сургуулийн сурах бичгүүдийг утга чанар, найрлага, шинжлэх ухааны заах арга, нэр томьёоны талаар хянах” ажлыг даалгажээ. Энэ комисс олон ном сурах бичиг бэлтгэн гаргасан бөгөөд түүний нэг нь Лу /Ш. Лувсанвандан/ багшийн цагаан ном гэж алдаршсан Монгол хэлний сурах бичиг юм.1938 онд анхны 10 жилийн дунд сургууль Улаанбаатар хотноо байгуулагдлаа. Энэ бол одоогийн 1-р дунд сургууль юм. Тус 10 жилийн сургуулийн анхны захирал нь Бат-Очирын Содов /хожим нь орлогч сайд болсон/ байлаа. Энэ сургуульд анхны үед гол хичээлүүдийг орос багш нар Л.Н.Кузнецова, О.Зарецковский нар зааж, Д.Цэвэгмид, Ж.Цэдэнжав, Цэрэндагва, А.Дашдорж нар орчуулагч багшаар ажиллаж байжээ. /115/ 1939 онд 95 бага сургуулийн 24 нь дан гэртээ, 39 нь гэр байшингийн холимог, 19 нь дан байшинтай байжээ. Энэ онд бүх бага сургуульд 3,7 сая,13 дунд сургуульд 12,8 сая төгрөг зарцуулахаар төсөвлөж байсан бөгөөд эцэг эхээр нь хоолны үнэнд 200 орчим мянган төгрөг, хувцасны 135 мянган төгрөг гаргуулна гэж заажээ.1938-1939 онд хичээлийн программ хэрхэн биелүүлсэн тухай мэдээ байна.Түүнд 14 аймаг хотын бүрэн бус тоогоор 4000 орчим хүүхэд шалгагдсаны сурлагын амжилт 85,9 хувь болж, 34 сурагч улирч байсныг тэмдэглэж үлдээжээ. Гэгээрүүлэх Яамнаас 1939 онд бага дунд сургуулиудын сурах бичиг, хичээлийн хэрэглэлээр хангах талаар арга хэмжээ авчээ.Үүнд дунд сургуульд сурах бичиг 25, бага сургуульд 18, Багшийн ба тусгай мэргэжлийн сургуульд 16, ардуудад зориулж 7 зүйл бүгд 66 зүйлийн хэвлэн гаргах зардал төлөвлөжээ. 1941 оны СнЗ-ийн 16-р тодорхой тэмдэглэл,11 хэсэгт 31 заалт бүхий энэ том тогтоол нь манай сургуулиудад оршиж байсан дутагдлыг арилгахад чухал арга хэмжээ авч өгсөн юм. Энэ тогтоолд сурагчдын мэдлэг хангалтгүй, анги улирах явдал байгаа, хичээлүүдийг манай орны амьдралын үнэн байдал практиктай холбож заахгүй байгаа, олон хичээл ялангуяа түүхийн хичээл үзэл сурталын талаар доод шатанд байгаа, зэргийг тодорхой тэмдэглээд түүний шалтгааныг багш нарын мэдлэг чадвар, сургуулийн захиргаа, хэлтсүүдээс тэдэнд туслан зөвлөх явдал дутмаг, хичээлийн үзүүлэн таниулан дутагдалтай, байгаатай холбоотой гэж үзжээ.

Мөн казах сургуульд зориулж бүгд 8250 номыг зөвлөлт Казахстанаас захиалан ирүүлнэ гэжээ. Мөн бага дунд, багш нарын сургуулийн программуудыг хянан үзэж шинэчлэн засаж хэрэглүүлэх арга хэмжээ авчээ. Хичээлийн үзүүлэн таниулах зүйл 18-ыг захиалан ирүүлэх болжээ.1948 онд Бага ба бүрэн бус дунд сургууль төгсөгчдөд олгох гэрчилгээ ба бүрэн дунд сургуулийг төгсөгчдөд олгох атестат, онц сайн сурлагатанд олгох сайшаалын үнэмлэхийн маягтуудыг батлах тухай Сайд нарын Зөвлөлийн /125 дугаар/ тогтоол 4 сарын 29-нд гарчээ. Энэ тогтоол ёсоор бүх хичээл онцсайн дүнтэй, онцсайн сахилга баттай хүүхдэд сайшаалын үнэмлэх олгож байх болгож, үнэмлэхийн загваруудыг баталжээ.

Шинэ мэдээ