Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоол

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Заавар шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР

Засгийн газрын 2021 оны 226 дугаар

  тогтоолын хавсралт

 

ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС
ХИЙЛГЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.2. Тамга нь төрийн тамга, төрийн байгууллагын тамга гэсэн хоёр төрөлтэй байна. Төрийн тамга түүнийг үйлдэх, барих, залах, хадгалахтай холбоотой харилцааг Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар зохицуулна.

1.3. Тамга, тэмдэг дарж баталгаажуулах, хэвлэмэл хуудас хэвлүүлэхэд эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичгийн стандартыг (цаашид “стандарт” гэх) баримтална.

1.4. Энэ журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай болон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

1.5. Энэ журмын 2.5-д зааснаас бусад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэглэдэг баталгааны тэмдэг хийлгэх, хэрэглэх асуудлыг энэ журмаар зохицуулахгүй.

1.6. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

      1.6.1. “Хэвлэмэл хуудас” гэж баримт бичигт зайлшгүй байх зарим бүрдлийг стандартын шаардлагын дагуу бичгийн цаасан дээр урьдчилан тогтоосон байрлалд, хэвлэлийн аргаар буулгасныг;

      1.6.2. “Байгууллагын хэвлэмэл хуудас” гэж байгууллага, түүний удирдлагаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд боловсруулан гаргадаг зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага, акт, албан бичиг, зөвлөмж, албан захидал, удирдамж, дүгнэлт, хурлын тэмдэглэл, мэдэгдэл, тодорхойлолт зэрэг баримт бичгийн хэвлэмэл хуудсыг;

      1.6.3. “Хэвлэмэл хуудасны эх загвар” гэж хэвлэмэл хуудсанд бүрдлийг стандартын шаардлагын дагуу бичгийн цаасан дээр байрлуулж, баталгаажуулсан хувийг.

Хоёр. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг
хэрэглэх эрх бүхий этгээд

2.1. Дараахь төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тамга хэрэглэнэ:

      2.1.1. Монгол Улсын Их Хурал;

      2.1.2. Монгол Улсын Ерөнхийлөгч;

      2.1.3. Монгол Улсын Засгийн газар;

      2.1.4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц;

      2.1.5. Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар;

      2.1.6. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл;

      2.1.7. Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага, тэдгээрийн орон нутаг дахь харьяа байгууллага;

      2.1.8. Бүх шатны шүүх, прокурорын байгууллага, шүүхийн Тамгын газар;

      2.1.9. Монгол Улсын яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг;

      2.1.10. Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэрээр үйл   ажиллагаа нь тодорхойлогддог, эрх олгогдсон төрийн бусад байгууллага (газар, хороо, зөвлөл, комисс, алба, төв, хүрээлэн гэх мэт);

      2.1.11. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн хурал;

      2.1.12. Бүх шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлаг, Чөлөөт бүсийн захирагч;

      2.1.13. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, түүний харьяа газар, бүтцийн нэгж, бүтцийн нэгжгүй тохиолдолд консулын албан тушаалтан, Монгол Улсын өргөмжит консул;

      2.1.14. Нотариат;

      2.1.15. Төрийн архив.

2.2. Энэ журмын 2.1-д заасан байгууллага нь тамганы зэрэгцээ тэмдэг хэрэглэж болно.

2.3. Энэ журмын 2.1-д зааснаас бусад байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тэмдэг хэрэглэнэ.

2.4. Тамга хэрэглэх эрхгүй байгууллагын тэмдэг нь энэ журмын 3.2.2-т заасан бичээстэй байх бөгөөд тэмдэгний хэлбэр, хэмжээг тухайн байгууллага дотооддоо журамлан тогтооно.

2.5. Хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч, шинжээч, шийдвэр гүйцэтгэгч, улсын бүртгэгч зэрэг эрх бүхий албан тушаалтан (цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх) баталгааны тэмдэг хэрэглэнэ.

2.6. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн хувийн тэмдэг хэрэглэнэ.

2.7. Байгууллага санхүү, нягтлан бодох бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тусгай баталгааны тэмдэг хэрэглэж болно.

2.8. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг нь нэг хувь байх бөгөөд тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг, хэвлэмэл хуудсыг бусад байгууллага, хуулийн этгээд, иргэн хуулбарлан хэрэглэхийг хориглоно.

2.9. Байгууллагын албан ёсны баримт бичигт тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хувийн тэмдэг болон Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 4.1-д заасан баталгааны тэмдгээс бусад тэмдэг хэрэглэх, гарын үсгийн дардас дарахыг хориглоно.

2.10. Энэ журмын 2.5, 2.6, 2.7-д заасан баталгааны тэмдэг, хувийн тэмдгийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг тухайн эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан журмаар зохицуулж, бүртгэл хөтөлнө.

Гурав. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хэмжээ, бичээс,
тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх

3.1. Төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээдийн тамга нь дөрвөлжин хэлбэртэй, дардасны бичээс нь үндэсний бичгээр, дармалаар бичигдсэн, төв хэсэгт нь “соёмбо” байрлуулсан байх бөгөөд доор дурдсан хэмжээ, бичээстэй байна:

      3.1.1. Монгол Улсын Их Хурлын хаш тамга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тамганы дардас нь 5,5×5,5 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын”, зүүн талд “Их Хурал”, “Ерөнхийлөгч”, “Засгийн газар”, “Үндсэн хуулийн цэц” гэж бичигдсэн;

      3.1.2. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын тамганы дардас нь 5,0×5,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын”, зүүн талд “Их Хурал”, соёмбын баруун талд нь “Монгол Улсын Их Хурлын”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн”, “Монгол Улсын Засгийн газрын”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн” гэж, зүүн талд нь “Тамгын газар”, “Хэрэг эрхлэх газар” гэж тус тус бичигдсэн;

      3.1.3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага, Монгол Улсын яамны тамганы дардас нь 5,0х5,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын” гэж, зүүн талд нь тухайн байгууллагын нэр бичигдсэн;

      3.1.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамганы дардас нь 5,0×5,0 см хэмжээтэй, соёмбын баруун, зүүн талд нь “…аймаг (нийслэл)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн бичээс тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.5. Аймаг, нийслэлийн Засаг даргын тамганы дардас нь 5,0×5,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын”, соёмбоны зүүн талд нь “…аймаг (нийслэл)-ийн Засаг дарга” гэж бичигдсэн;

      3.1.6. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын Засгийн газрын тохируулагч (хэрэгжүүлэгч) агентлаг” гэсэн бичээс, соёмбын зүүн талд нь тухайн агентлагийн нэр тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.7. Энэ журмын 3.1.3-т зааснаас бусад бүх шатны шүүх, шүүхийн Тамгын газар, прокурорын байгууллагын болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын орон нутаг дахь харьяа байгууллагын тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын хоёр талд нь байгууллагын нэр (дугаар) тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.8. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь тухайн засаг захиргааны нэгжийн нэрийг харьяалахын тийн ялгал, Улаанбаатар хотын гэж, соёмбын зүүн талд нь “Засаг даргын Тамгын газар”, “Захирагчийн ажлын алба” гэж бичигдсэн;

      3.1.9. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагийн тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь тухайн засаг захиргааны нэгжийн нэр, соёмбын зүүн талд нь байгууллагын нэр бичигдсэн;

      3.1.10. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамганы   дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын хоёр талд нь “аймаг (нийслэл)-ийн …сум (дүүрэг)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн бичээс тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.11. Сум, дүүргийн Засаг дарга, хотын захирагч, чөлөөт бүсийн захирагчийн тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын хоёр талд нь “аймаг (нийслэл)-ийн …сум (дүүрэг)-ын Засаг дарга”, “… хотын захирагч”,                “ … чөлөөт бүсийн захирагч” гэсэн бичээс тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.12. Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэрээр үйл  ажиллагаа нь тодорхойлогддог, эрх олгогдсон төрийн бусад байгууллагын тамганы дардас нь 4,5×4,5 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын” гэсэн бичээс эсхүл удирдах дээд шатны байгууллагын нэр, соёмбын зүүн талд нь тухайн байгууллагын нэр бичигдсэн;

      3.1.13. Баг, хорооны Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурал, тосгоны захирагчийн тамганы дардас нь 4,0×4,0 см хэмжээтэй, “… сум, дүүргийн … дугаар, дүгээр баг, хорооны  Засаг дарга”,  “… сум, дүүргийн … дугаар, дүгээр баг, хорооны иргэдийн  Нийтийн Хурал”,  “…  тосгоны  захирагч”  гэсэн бичээс соёмбын хоёр талд тэгш хэмтэй бичигдсэн;

      3.1.14. Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, Монгол Улсын өргөмжит консулын тамганы дардас нь 5,0х5,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын” зүүн талд нь “Гадаад харилцааны яамны Консулын газар”; “Элчин сайдын яам”; “Байнгын төлөөлөгчийн газар”; “Ерөнхий консулын газар”; “Консулын газар”, “Консулын төлөөлөгчийн газар”; “Өргөмжит консул” гэсэн бичээстэй, тамганы бүртгэлийн дугаар, соёмбын доод талд нь тухайн бичвэр болон Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консулын байршил англи хэлээр бичигдсэн;

      3.1.15. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын харьяа газар, бүтцийн нэгж, Консулын албан тушаалтны тамганы дардас нь 4,0х4,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь “Монгол Улсын”, зүүн талд нь Дипломат төлөөлөгчийн газрын харьяа газар, бүтцийн нэгжийн нэр, тамганы бүртгэлийн дугаар, “Элчин сайдын яамны Консулын албан тушаалтан”, “Байнгын төлөөлөгчийн газрын Консулын албан тушаалтан” гэсэн бичээстэй, соёмбын доод талд нь тухайн бичвэр болон Дипломат төлөөлөгчийн газар, харьяа газрын байршил англи хэлээр бичигдсэн;

      3.1.16. Нотариатчийн тамганы дардас нь 4,0х4,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд “Нотариатч”, зүүн талд “дугаар…”, тамганы хүрээг тойруулан “Монгол Улс” гэж монгол, англи хэлээр бичигдсэн;

      3.1.17. Төрийн архивын тамганы дардас нь 4,0×4,0 см хэмжээтэй, соёмбын баруун талд нь засаг захиргааны нэгжийн нэр, эсхүл харьяалах дээд байгууллагын нэр, зүүн талд нь тухайн төрийн архивын нэр бичигдсэн байна.

3.2. Тэмдэг нь дараахь бичээстэй байна:

      3.2.1. Тамга хэрэглэх эрх бүхий төрийн байгууллагын тэмдэгний   хэмжээ нь тухайн байгууллагын тамгатай ижил хэмжээтэй байх бөгөөд байгууллагын харьяалал, нэр, энэ журмын 3.12-т заасан хяналтын дугаарыг бичсэн байна;

      3.2.2. Энэ журмын 2.4-т заасан байгууллага, хуулийн этгээдийн тэмдэгний дардаст тэдгээрийн харьяалал, хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаарыг бичсэн байна.

3.3. Баталгааны тэмдгийг эрх бүхий албан тушаалтныг томилсон удирдлагын шийдвэрээр олгох бөгөөд харьяалагдах байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын шийдвэрээр олгосон хувийн дугаарыг бичсэн байна.

3.4. Баталгааны тэмдгийн загвар, хэмжээг эрх бүхий албан тушаалтны удирдах дээд байгууллагаас тогтооно.

3.5. Санхүүгийн баталгааны тэмдэгт энэ журмын 3.2.1-д заасан бичээсийг хэрэглэж болно.

3.6. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэний хувийн тэмдэгт эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн нэр, эцэг (эх)-ийн болон өөрийн нэрийг бичсэн байна.

3.7. Тамганд соёмбыг дүрслэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд хавсаргасан нэгж хэмжээсийг чанд баримтална.

3.8. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэгний дардас нь MNS 6262:2011 стандартаар тогтоосон Монгол Улсын Төрийн далбааны адил улаан өнгө                 (C 010 %, M 100%, Y 090%, K 000%)-тэй байна.

3.9. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ журмын 2.1-д заасан төрийн байгууллага, албан тушаалтан болон нийтийн эрх зүйн этгээдэд тамга хийлгэх зөвшөөрөл олгоно.

3.10. Тамга анх хийлгэх зөвшөөрөл авахад тухайн байгууллагыг байгуулсан шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээний гэрчилсэн хуулбарыг, тамга дахин хийлгэхэд зөвшөөрөл авахад ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол тухайн тамганы дардас, нотлох баримтыг, тамга гээгдсэн, алдагдсан тохиолдолд хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, өдөр тутмын сонинд зарлуулсан зар, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт, хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас (төлбөрийн баримт)-ын хуулбарыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр хүргүүлнэ.

3.11. Анхан болон дунд шатны төрийн байгууллага, албан тушаалтан, нийтийн эрх зүйн этгээд тамга хийлгэхэд 3.10-т заасан баримт, материалыг бүрдүүлсний үндсэн дээр Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.1.4-т заасны дагуу хүсэлтээ дээд шатны байгууллага, албан тушаалтнаар уламжлуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

3.12. Улсын бүртгэлийн байгууллага тэмдэг хийлгэх зөвшөөрөл болон тамга, тэмдгийн хяналтын дугаар олгож, бүртгэл хөтөлнө.

3.13. Баталгааны тэмдэг хийлгэхдээ эрх бүхий албан тушаалтныг томилсон, эрх олгосон, хувийн дугаар олгосон шийдвэр болон байгууллагын албан бичгийг бүрдүүлнэ.

3.14. Хувийн тэмдэг хийлгэх тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, албаны болон иргэний үнэмлэх, хүсэлтийг бүрдүүлнэ.

3.15. Тамга, тэмдэг захиалах, хийлгэх, олгох, хураан авах, хүлээлцэх, хяналтын дугаарыг нь хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн байгууллагад хураалгах асуудлыг тухайн байгууллагын удирдлага эсхүл захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга хариуцна.

Дөрөв. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хэрэглэх

4.1. Улсын Их Хурлын хаш тамгыг Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоолын эх дээр, Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарын гарын үсэг зурсан баримт бичигт, Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын гарын үсэг зурсан баримт бичигт тус тус дарна.

4.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Засгийн газрын тамгыг Ерөнхий сайд, Шадар сайдын гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

4.3. Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын сайд нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд Засгийн газрын өмнөөс санал оруулах, албан бичиг явуулахад Монгол Улсын Засгийн газрын тамга, хэвлэмэл хуудсыг хэрэглэж болно.

4.4. Улсын Их Хурлын Тамгын газрын тамгаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулна.

4.5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамгыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хянаж баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг баталгаажуулан дарна.

4.6. Үндсэн хуулийн цэцийн тамгыг Цэцийн дарга, гишүүн; Улсын дээд шүүхийн тамгыг Ерөнхий шүүгч, шүүгч; Улсын ерөнхий прокурорын газрын тамгыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогч; Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх нарийн бичгийн дарга; Монгол Улсын яамны тамгыг сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

4.7. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, тэдгээрийн орон нутаг дахь харьяа байгууллага; Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, түүний харьяа орон нутаг дахь байгууллага; үйл ажиллагаа нь хуулиар тодорхойлогддог болон Засгийн газрын шийдвэрээр дүрмийг баталж, тамга хийлгэх эрх олгосон байгууллагын тамгыг дарга, дэд дарга, түүнтэй дүйцэх албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

4.8. Гадаад харилцааны яам, Гадаад харилцааны яамны Консулын газар, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, түүний харьяа газар, бүтцийн нэгжээс илгээсэн төлөөний ноот бичиг, гэрчилсэн баримт бичиг, консулын албан тушаалтнаас иргэдэд олгосон баримт бичигт тамга дарна.

4.9. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга; бүх шатны Засаг даргын тамгыг Засаг дарга, түүний орлогч; аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын тамгыг Засаг даргын Тамгын газрын дарга; Захирагчийн ажлын албаны даргын тамгыг Ажлын албаны дарга; аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг хэрэгжүүлэгч агентлагийн тамгыг дарга, дэд дарга; хот, тосгон, чөлөөт бүсийн захирагчийн тамгыг хот, тосгон, чөлөөт бүсийн захирагчийн гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

4.10. Төрийн архивын тамгыг архивын даргын гарын үсэг зурсан баримт бичигт дарна.

4.11. Тусгайлан заагаагүй бол албан бичгийн гадаад улсад явуулах хувь дээр тамга, тэмдэг дарахгүй.

4.12. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Xурлын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадаад руу явуулах илгээлт, албан захидалд хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд түүн дээр тамга дарахгүй.

4.13. Тамга хэрэглэх эрх бүхий байгууллагын зохион байгуулалтын нэгжийн даргын гарын үсэг зурсан баримт бичигт тухайн байгууллагын тэмдгийг дарж баталгаажуулна.

4.14. Санхүүгийн баталгааны тэмдгийг зөвхөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг баталгаажуулахад хэрэглэнэ.

4.15. Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурсан баримт бичигт тухайн албан тушаалтны баталгааны тэмдэг дарна.

Тав. Хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх

5.1. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  9-д заасан байгууллагуудын хэвлэмэл хуудас Төрийн сүлдтэй байна.

5.2. Энэ журмын 5.1-д зааснаас бусад тамга хэрэглэх эрх бүхий байгууллагын хэвлэмэл хуудас болон эрх бүхий албан тушаалтны хэвлэмэл хуудас соёмботой, бусад байгууллагын хэвлэмэл хуудас бэлгэдэл тэмдэгтэй байна.

5.3. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хэвлэмэл хуудсанд Төрийн сүлдийг голлуулан Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 5.2-т заасан өнгөөр өнгө ялган эсхүл хөх өнгөөр үйлдэж байрлуулах бөгөөд сүлдний хэмжээ нь 30мм х 35мм байна.

5.4. Төрийн сүлд, соёмбыг хэвлэмэл хуудаст байрлуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан нэгж хэмжээ, тэг харьцааг чанд баримтлах бөгөөд энэ журмын 5.3-т зааснаас бусад хэвлэмэл хуудасны сүлд, соёмбын өндрийн хэмжээ нь 17 мм байна.

5.5. Төрийн байгууллагын хэвлэмэл хуудас нь MNS 6262:2011 стандартаар тогтоосон Монгол Улсын Төрийн далбааны хөх өнгөтэй (C 100%, M 60%, Y 000%, K 000%) адил байна.

5.6. Хэвлэмэл хуудсыг А4 (210х297мм), А5 (148х210мм) хэмжээтэй, 80 гр болон түүнээс дээш жинтэй, сайн чанарын цаасан дээр стандартын дагуу хэвлэлийн аргаар бэлтгэнэ. Ажлын шаардлагаар А3 (297х420мм) хэмжээтэй хэвлэмэл хуудсыг хэрэглэж болно.

5.7. Байгууллагын зохион байгуулалтын нэгж тусгайлсан хэвлэмэл хуудас хэрэглэхгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын хэвлэмэл хуудсыг хэрэглэж, зохион байгуулалтын нэгжийн удирдах албан тушаалтны гарын үсгийг байгууллагын тэмдгээр баталгаажуулна.

5.8. Хэвлэмэл хуудсанд байх бусад бүрдэл, тэдгээрийн байрлал, тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.

5.9. Үндэсний төв архив, түүний салбар архивт баримтаа шилжүүлдэг байгууллагуудын хэвлэмэл хуудасны эх загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч хянаж, баталгаажуулан, хэвлүүлэх зөвшөөрлийг олгоно.

5.10. Төрөлжсөн болон тусгай архивт баримтаа шилжүүлдэг байгууллагуудын хэвлэмэл хуудасны эх загварыг тухайн архивт ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч тус тус хянаж, баталгаажуулан, хэвлүүлэх зөвшөөрлийг олгоно.

5.11. Нийслэлийн архив, түүний салбар архив, аймгийн төрийн архивт баримтаа шилжүүлдэг байгууллагуудын хэвлэмэл хуудасны эх загварыг аймаг, нийслэлд ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч хянаж, баталгаажуулан, хэвлүүлэх зөвшөөрлийг олгоно.

5.12. Төрийн архивт баримтаа шилжүүлдэггүй байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагуудын хэвлэмэл хуудасны эх загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эсхүл аймаг, нийслэлд ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу хянаж, баталгаажуулан, хэвлүүлэх зөвшөөрлийг олгоно.

5.13. Доор дурдсан байгууллагын хэвлэмэл хуудсыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын хэвлэх үйлдвэр болон Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэх цехэд хэвлэнэ:

      5.13.1. Монгол Улсын Их Хурал түүний Тамгын газар;

      5.13.2. Монгол Улсын Ерөнхийлөгч түүний Тамгын газар;

      5.13.3. Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;

      5.13.4. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл;

      5.13.5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц түүний Тамгын газар.

5.14. Энэ журмын 5.13-т зааснаас бусад Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллага, Монгол Улсын яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг болон үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулиар тодорхойлогддог төрийн байгууллагын  хэвлэмэл хуудсыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хэвлэнэ.

5.15. Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консул нь хэвлэмэл хуудсаа гадаадад хэвлүүлж болно. Гадаадад хэвлүүлэх хэвлэмэл хуудасны эх загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчид хянуулж, зөвшөөрөл авна.

5.16. Энэ журмын 5.14-т зааснаас бусад байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь хэвлэмэл хуудсаа архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хэвлүүлж болно.

5.17. Байгууллага хэвлэмэл хуудасны эх загвараа бэлтгүүлэх, хянуулах, хэвлүүлэх талаарх хүсэлт, захиалгаа албан бичгээр, байгууллагын бэлгэ тэмдгийг албаны цахим шуудангаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, байгууллагын нэр, харьяаллыг тогтоосон шийдвэр, дүрмийн хамт харьяалах төрийн архивт ажиллаж буй архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчид ирүүлэх бөгөөд утас, факсын дугаар, цахим хуудас, цахим шуудангийн хаяг нь үнэн зөв, тодорхой байна.

5.18. Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч хүсэлт, захиалгыг хүлээн авч, бүртгэн, мэдээлэл бүрэн, зөв эсэхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянан баталгаажуулах бөгөөд хэвлүүлэх зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр мэдээллийн сан үүсгэж хадгална.

5.19. Байгууллагын нэр, хаяг болон энэ журмын 5.17-д заасан бусад мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд хэвлэмэл хуудсыг шинээр хийлгэх ба хэвлэмэл хуудасны эх загварыг холбогдох архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаар хянуулж, зөвшөөрөл авсан байна.

5.20. Хэвлэмэл хуудасны ашиглалт, зарцуулалтын тайлан мэдээ гаргахтай холбоотой бусад асуудлыг Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар зохицуулна.

Зургаа. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны
хадгалалт, хамгаалалт, бүртгэл тооцоо, хяналт

6.1. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална.

6.2. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг албаны бус хэрэгцээнд ашиглах, бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахаас бусад тохиолдолд ажлын байрнаас гадагш авч гарахыг хориглоно.

6.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 2.1.2-т заасны дагуу хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, консулын үйл ажиллагаанд ашиглаж буй тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны ашиглалт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулна.

6.4. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хийлгэх, дахин олгоход улсын бүртгэлийн байгууллага, хэрэглэх үйл ажиллагаанд архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч болон байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж (ажилтан) тус тус хяналт тавина.

6.5. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, зарцуулах үйл ажиллагаанд байгууллагын удирдлага өдөр тутмын хяналт тавих бөгөөд тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж (ажилтан) тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны бүртгэл хөтөлж, хэвлэмэл хуудасны зарцуулалтын тооцоог хагас жил тутам удирдлагадаа танилцуулж, тайлагнах ба тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн дардсыг архивт хадгална.

6.6. Тамга, тэмдгийг тамгын газрын дарга болон тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга түших бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.

6.7. Байгууллага нь захиргааны асуудал хариуцсан нэгжгүй тохиолдолд тамга, тэмдэг түших ажилтныг удирдлагын шийдвэрээр тусгайлан томилно.

6.8. Байгууллагын удирдлага өөрчлөгдөх болон тамга, тэмдэг түших албан тушаалтан солигдох, чөлөө авах, ээлжийн амралт авах, томилолтоор ажиллах, суралцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас эзэнгүй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгч акт, бүртгэлээр тамга, тэмдгийг хамт хүлээлцэнэ.

6.9. Байгууллага татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах, дампуурах болон тамга, тэмдэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгаж, хяналтын дугаарыг хүчингүй болгуулна.

6.10. Эрх хүчингүй болсон, эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд баталгааны тэмдгийг эрх бүхий албан тушаалтны харьяалах байгууллага, нэгж хураан авна.

6.11. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, дуусгавар болгосон тохиолдолд нотариатч тамгаа Нотариатын танхимд хүлээлгэн өгнө.

6.12. Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй бүртгүүлж, дээд шатны байгууллага болон улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, тус тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосныг 3 хоногт багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлуулна.

6.13. Баталгааны тэмдэг алдагдвал эрх бүхий албан тушаалтан харьяалах байгууллагын удирдлагад мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлуулна.

6.14. Алдагдсан, гээгдсэн тамга, тэмдэг олдвол тэдгээрийг хэрэглэхгүй бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлж, улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэн өгч, хэрэв төрийн байгууллага, албан тушаалтны тамга олдсон бол энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэнэ.

6.15. Улсын бүртгэлийн байгууллага нь хураан авсан тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох бөгөөд алдагдсан, гээгдсэн, олдсон тамга, тэмдгийн бүртгэл мэдээллийн сан үүсгэж, лавлагаа олгоно.

6.16. Хяналтын дугаарыг нь хүчингүй болгосон, гэмтэлтэй буюу анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг ашиглахыг хориглоно.

6.17. Энэ журмын 2.1.1-2.1.10-т заасан байгууллагын хяналтын дугаарыг нь хүчингүй болгосон тамга, тэмдгийг Үндэсний төв архивт, мөн журмын             2.1.11, 2.1.12, 2.1.15-д заасан байгууллагын хяналтын дугаарыг нь хүчингүй болгосон тамга, тэмдгийг тухайн аймаг, нийслэлийн төрийн архивт тус тус шилжүүлэн хадгалуулна.

6.18. Байгууллагын бичиг хэргийн эрхлэгч (ажилтан) урт хугацаагаар эзгүй байх, эсхүл албан тушаал өөрчлөгдөх тухай бүрд хэвлэмэл хуудсыг дараагийн ажилтанд албан ёсоор тоолж, акт, бүртгэлийн дагуу хүлээлцэнэ.

6.19. Байгууллагын нэр өөрчлөгдөх, татан буугдах тохиолдолд үлдэгдэл хэвлэмэл хуудсыг тусгайлан томилогдсон ажлын хэсэг (ажилтан) хүчингүй болгож, акт үйлдсэний дараа устгана.

Долоо. Хариуцлага

7.1. Энэ журмыг зөрчсөн байгууллага, хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 74

 

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан, Сангийн яамны холбогдох мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

3. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах аргачлал, загвар, маягтыг баталж мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 

Засгийн газрын 2019 оны 74 дүгээр
тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН УЛСЫН НЭГДСЭН ТОО
БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн зорилго нь төрийн албаны төлөв байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх мэдээллийг бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх чиглэл, сургалтын хэрэгцээг оновчтой төлөвлөхөд оршино.

1.2. Төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж, улсын нэгдсэн сан бүрдүүлэх, тус сангаас мэдээлэл солилцоход энэ журмыг баримтална.

1.3. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл нь төрийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн бүрэлдэхүүний бүтэц, ажил хэргийн мэдлэг чадвар, хөдөлгөөнийг харуулах цогц үзүүлэлтээс бүрдэнэ.

1.4. Төрийн албан хаагчийн  улсын нэгдсэн тоо бүртгэл (цаашид “тоо бүртгэл” гэх)-ийг хөтлөх үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

       1.4.1. төрийн албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг бүртгэх;

       1.4.2. тоо бүртгэлийн үйл ажиллагаа төвлөрсөн байх;

       1.4.3. нууцлалыг хангасан байх;

       1.4.4. өөрчлөлт, хөдөлгөөнийг тухай бүр хийх;

       1.4.5. үнэн зөв, бүрэн мэдээлэлтэй байх.

1.5. Иргэнийг төрийн албанд томилсон тухай хууль ёсны шийдвэр (тушаал, захирамж, тогтоол) болон нөөцөд бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нь түүнийг тоо бүртгэлд хамруулах үндэслэл болно.

1.6. Төрийн албан хаагчийг нас барсан, нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, сураггүй алга болсон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр нь түүний талаарх тоо бүртгэлийн холбогдох мэдээллийн санд өөрчлөлт оруулах үндэслэл болно.

Хоёр. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сан

2.1. Тоо бүртгэлийн мэдээллийн санг Төрийн албаны зөвлөл хөтлөх бөгөөд мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:

       2.1.1. төрийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн тухай мэдээлэл;

       2.1.2. төрийн албан тушаал эрхэлж байсан иргэний мэдээлэл;

       2.1.3. төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын нөөцөд байгаа иргэний тухай мэдээлэл;

2.1.4. төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах ажилтны нөөцөд байгаа иргэний тухай мэдээлэл;

       2.1.5. төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаал эрхэлж байсан, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэгдсэн төрийн албан хаагч, иргэний тухай мэдээлэл.

2.2. Энэ журмын 2.1.1-д заасан төрийн албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн мэдээлэлд төрийн албан тушаалд зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчийн тухай мэдээллийг бүртгэнэ.

2.3. Тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрийн албанаас чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийг тухайн жилийн тоо бүртгэлд ажиллаж байсан ангилалд хамааруулан тусгана.

2.4. Энэ журмын 2.1.1-д заасан мэдээллийг төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, албан тушаалын ангилал, зэрэглэл, хувийн хэрэг, албан тушаалын карт, албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, хөрөнгө, орлогын мэдүүлэг зэрэгт үндэслэн бүрэн гүйцэд бүрдүүлнэ.

2.5. Энэ журмын 2.1.2-т заасан мэдээллийг тухайн иргэний ажиллаж байсан хугацааны төрийн албан хаагчийн хувийн хэрэгт үндэслэн бүрдүүлнэ.

2.6. Энэ журмын 2.1.3-2.1.5-д заасан мэдээлэл нь тухайн иргэн, албан хаагч бүрийн Төрийн албан хаагчийн анкет, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн шийдвэрээс бүрдэнэ.

2.7. Тоо бүртгэлийн мэдээллийн санд төрийн албан хаагчийн намын харьяалал, шашин шүтлэг, хуульд заасан хувийн нууцтай холбоотой мэдээлэл оруулахыг хориглоно. Энэ заалт нь хууль тогтоомжид заасан төрийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын дагуу хийх нэмэгдэл судалгаанд хамаарахгүй.

Гурав. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлан гаргах

3.1. Тоо бүртгэлийг хөтлөх, тайлан гаргахад хамрагдах байгууллагын жагсаалтыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон холбогдох эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг үндэслэн Төрийн албаны зөвлөл батална. Төрийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр жагсаалтыг шинэчилнэ.

3.2. Төрийн албан хаагчийн тоо бүртгэлийн тайланг энэ журмын 3.1-д  заасан жагсаалтад орсон  байгууллага бүр Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргаж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.

3.3. Төрийн жинхэнэ албаны нөөцийн тоо бүртгэлийн тайланг Төрийн албаны зөвлөл гаргана.

3.4. Энэ журмын 3.2, 3.3-т заасан тайлан гаргах аргачлалыг Төрийн албаны зөвлөл баталж, тоо бүртгэлийн тайлан гаргах чиг үүрэг бүхий байгууллага, ажилтанд хүргүүлнэ.

3.5. Тоо бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэхдээ  Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн  тогтолцоо (цаашид “ХНУМТ” гэх) цахим системийг ашиглана.

Дөрөв. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх байгууллага, нэгж, ажилтны үүрэг

4.1. Тоо бүртгэл хөтлөх талаар дор дурдсан байгууллага, албан тушаалтан дараахь үүрэг хүлээнэ:

       4.1.1. Төрийн албаны зөвлөл:

              4.1.1.1. тоо бүртгэлийн мэдээллийг төрийн байгууллагуудаас нэгтгэн авч, мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, улсын хэмжээний нэгдсэн тайланг гаргах;

              4.1.1.2. төрийн албан хаагчийн болон төрийн албаны нөөцөд байгаа иргэн, төрийн албан хаагчийн мэдээллийн сан бүрдүүлж ХНУМТ цахим системд байршуулах;

              4.1.1.3. төрийн бүх шатны байгууллага, тэдгээрийн төсвийн шууд захирагч, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сангаас мэдээлэл авах арга зүйн зөвлөгөө өгөх;

              4.1.1.4. мэдээллийн санд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр хийх;

              4.1.1.5. Төрийн албаны салбар зөвлөл болон салбар зөвлөлгүй төрийн байгууллага ХНУМТ цахим системд төрийн албан хаагчийн мэдээллийг үнэн зөв, тухай бүр оруулж байгаа эсэхэд хяналт тавих;

              4.1.1.6. ХНУМТ цахим системийг ашиглах заавар, мэдээлэл оруулах талаар төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд тухай бүр зөвлөмж өгөх;

              4.1.1.7. тоо бүртгэлийн мэдээллийн сангийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах, системийн шинэчлэлийг хариуцах;

              4.1.1.8. тоо бүртгэл хөтлөх, мэдээллийн сангаас мэдээлэл авах, өгөхөд баримтлах аргачлал, загвар, маягтыг боловсруулж батлах.

       4.1.2. Төрийн албаны салбар зөвлөл:

              4.1.2.1. ХНУМТ цахим системийн хэвийн, тасралтгүй, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

              4.1.2.2. тоо бүртгэлийн тайлан хүргүүлэх, тоо бүртгэлийн мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааны талаар саналаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх;

              4.1.2.3. аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тагнуул, зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагуудаас бусад төрийн бүх байгууллагыг тоо бүртгэл хөтлөх талаар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

              4.1.2.4. энэ журмын 4.1.2.3-т зааснаас бусад салбар зөвлөл нь өөрийн харьяа байгууллагуудын тоо бүртгэл хөтлөх ажилд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.

       4.1.3. Төрийн бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч:

              4.1.3.1. тоо бүртгэлийн мэдээллийн санд байгууллагын албан хаагч бүрийн мэдээллийг үнэн зөв оруулах, мэдээллийн санг хөтлөх, ашиглах ажлыг зохион байгуулах;

              4.1.3.2. ХНУМТ цахим системийн мэдээллийг тогтоосон хугацаанд оруулах ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавих;

4.1.4. Төрийн бүх шатны байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, ажилтан:

              4.1.4.1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулийг тоо бүртгэл хөтлөхөд мөрдөх;

              4.1.4.2. иргэнийг төрийн албанд шинээр болон дэвшин, эсхүл сэлгэн томилогдсоноос хойш ажлын 3 хоногийн дотор түүний хувийн мэдээллийг тоо бүртгэлийн мэдээллийн санд үнэн зөв, бүрэн оруулах;

              4.1.4.3. тоо бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд тухайн өөрчлөлтийг ажлын 10 хоногт багтаан хийх.

Тав. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн санг ашиглах

5.1. Тоо бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах, өгөх үйл ажиллагаанд Мэдээллийн ил  тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуулийг дагаж мөрдөнө.

5.2. Тоо бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл өгөх байгууллага, ажилтан дараахь үүрэг хүлээнэ:

       5.2.1. төрийн болон албаны нууц, хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг мэдээлэл авахыг хүсэгчид өгөх;
5.2.2. мэдээллийн сангаас мэдээлэл өгөх цагийн хуваарь, зөвшөөрсөн болон хориглосон мэдээлэл, мэдээлэл авахад бүрдүүлэх материалын жагсаалт зэрэг мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлэх;

       5.2.3. мэдээллийн сангаас цахимаар, амаар, эсхүл бичгээр өгөх мэдээллийн төрлийг энэ журмын 5.2.2-т заасны дагуу мэдээлэх;

       5.2.4. төрийн албаны статистик мэдээллийг бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууц, хувь хүний нууцад хамаарахаас бусад төрийн албан хаагчийн, нөөцийн болон тэдгээрийн хөдөлгөөний жилийн тоон мэдээллийг статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;

       5.2.5. мэдээлэл өгсөн тухай бүртгэл хөтөлж, хадгалах.

5.3. Тоо бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах иргэн, хуулийн этгээд дараахь үүрэгтэй:

       5.3.1. хууль, энэ журамд заасан мэдээлэл авах журмыг баримтлах;

       5.3.2. мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

       5.3.3. мэдээлэл авах хэрэгцээ, шаардлага, авах мэдээллээ бодитой тодорхойлсон хүсэлтийг гаргах;

       5.3.4. мэдээлэл авагч нь иргэн бол өөрт холбогдох мэдээллийг авах.

5.4. Энэ журмын 5.3.3-т заасан хүсэлт дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна:

       5.4.1. хүсэлт гаргагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсгээ зурсан байх;

       5.4.2. хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр, хаяг болон цахим шуудангийн хаяг, улсын болон регистрийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга дарсан байх.

Зургаа. Хариуцлага

6.1. Тоо бүртгэлийн мэдээллийн санд алдаатай болон буруу мэдээлэл оруулсан ажилтан алдааг мэдсэн даруй засна.

6.2. Тоо бүртгэлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон тохиолдолд мэдээллийн санд мэдээлэл хүлээж авч байгаа байгууллага тухайн мэдээллийг оруулсан ажилтанд мэдэгдэж, алдааг засуулна.

6.3.Тоо бүртгэлийн мэдээллийн санд санаатайгаар буруу мэдээлэл оруулсан төрийн албан хаагч, иргэн, ажилтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

—–o0o—–

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 237

Улаанбаатар хот

ҮДИЙН ХООЛНЫ НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.1.1, 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1500 (нэг мянга таван зуун) төгрөгөөр тогтоосугай.

2. Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1800 (нэг мянга найман зуун) төгрөг байхаар тогтоож, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2022 оны улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих, удирдлага, арга зүйгээр хангуулах зайлшгүй шаардлагыг харгалзан Аймаг, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтэст хоол зүйчийн орон тоо шинээр бий болгох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын 1, 3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд 2021 онд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг 2021 онд батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийж, 2022 оноос улсын болон орон нутгийн төсвийн төсөлд зохих журмын дагуу тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хоолны зардлын норматив тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолын 3 дахь заалтын “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 (есөн зуун) төгрөгөөр” гэснийг хассугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                      Дугаар 450                                 Улаанбаатар хот

 

ХООЛНЫ ЗАРДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1, 15.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 (хоёр мянга дөрвөн зуун далан таван) төгрөгөөр, 24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 3600 (гурван мянга зургаан зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах нэг хүүхдийн хоногийн хоолны зардлыг 3475 (гурван мянга дөрвөн зуун далан таван) төгрөгөөр тогтоосугай.

3. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 (есөн зуун) төгрөгөөр, ерөнхий боловсролын тусгай сургуулийн нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг 2400 (хоёр мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус  тогтоосугай.

(Энэ заалтын зарим хэсгийг Засгийн газрын 2021 оны 237 дугаар тогтоолоор хассан)

4. Нэг хүүхдэд ногдох хоолны зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр хянаж, зөрүүг нь тооцож байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлагыг хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т үүрэг болгосугай.

6. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолын 1, 2, 4 дэх заалт, 3 дахь заалтын “Ерөнхий боловсролын сургууль…” гэснийг, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 162 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр                                       Дугаар 242                                                                   Улаанбаатар хот

ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ, САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

 

Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, 40.5, 41.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 2 дугаар хавсралт, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 3 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 4 дүгээр хавсралт, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг 5 дугаар хавсралт, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативт зардлыг батлагдсан аргачлалын дагуу санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зардлын дундаж норматив батлах тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралт, 3 дугаар хавсралтын 1 дэх заалт болон 2 дахь заалтын “Ерөнхий боловсролын сургууль” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР

Засгийн газрын 2016 оны 242 дугаар

                                                                                     тогтоолын 1 дүгээр хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД

НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ

НОРМАТИВЫГ ТООЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ҮЗҮҮЛЭЛТ

1

Багшийн албан тушаалын цалин болон нэмэгдэл цалин, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны багш, ажилтны албан тушаалын цалин болон зарим нэмэгдэл (Зарим нэмэгдэл гэдэгт: цалин, хөдөө орон нутагт ажилласан, ур чадварын, анги кабинет болон заах аргын нэгдэл хариуцсан нэмэгдлийг ойлгоно)

2

Багшийн үндсэн болон нэмэгдэл цалинд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл

3

Бараа, үйлчилгээний бусад хувьсах зардал 1. Хичээл, үйлдвэрлэлийн дадлага хийх
2. Бичиг хэрэг
3. Ном, хэвлэл
4. Шуудан холбоо, интернэтийн төлбөр
5. Дотоод албан томилолт
6. Бага үнэтэй түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс
7. Нормын хувцас, зөөлөн эдлэл
8. Эм бэлдмэл
9. Хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчийн устгал, ариутгал
10. Бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж

   Засгийн газрын 2016 оны 242 дугаар

                                                                                    тогтоолын 2 дугаар хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ

СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН

ДУНДАЖ НОРМАТИВЫН ХЭМЖЭЭ

(мян.төг)

Байршил

Цалин

Ажил олгогчийн төлөх шимтгэл

Бусад хувьсах зардал

Нийт хувьсах зардал

1

Аймгийн төвөөс бусад сумын

874.1

96.2

27.9

998.2

2

Аймгийн төвийн

709.2

78.0

25.1

812.3

3

Нийслэлийн

707.3

77.8

22.8

807.8

 

Засгийн газрын 2016 оны
тогтоолын 3 дугаар хавсралт

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

БАГА, ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХЭД НЭГ СУРАЛЦАГЧИД

НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ

НОРМАТИВЫН ХЭМЖЭЭ

                                                                                                                                                                                                                                                                  (мян.төг)

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг

суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив

Байршил

Сургуулийн ангилал

Багшийн цалин

Ажил олгогчийн төлөх шимтгэл

Бусад хувьсах зардал

Нийт хувьсах зардал

бага анги

дунд анги

ахлах анги

бага

анги

дунд анги

ахлах

анги

бага

анги

дунд

анги

ахлах анги

Аймгийн төвөөс бусад сум

Багийн бага сургууль

576.8

63.5

42.8

683.1

Суурь боловсролын сургууль

309.0

481.0

34.0

52.9

21.9

364.9

555.9

Бүрэн дунд боловсролын сургууль

288.3

417.0

438.8

31.7

45.9

48.3

14.6

334.6

477.5

501.7

Аймгийн төвийн болон нийслэлийн захын дүүрэгт

Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургууль

271.6

392.7

400.4

29.9

43.2

44.0

13.9

315.4

449.8

458.4

Нийслэлийн

Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургууль

246.7

355.1

373.6

27.1

39.1

41.1

13.1

286.9

407.3

Засгийн газрын 2016 оны 242 дугаар

                                                                                     тогтоолын 4 дүгээр хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НЭГ

СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ

НОРМАТИВЫН ХЭМЖЭЭ

                                                                                                                             (мян.төг)

Дотуур байрны хэв шинж

Цалингийн зардал

Ажил олгогчийн төлөх шимтгэл

Бусад хувьсах зардал

Дотуур байрны нийт хувьсах зардал

1

Ерөнхий боловсролын сургуулийн 6 настай хүүхэд амьдардаг дотуур байр

402.8

44.3

15.0

462.2

2

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр

268.2

29.5

15.0

312.7

Засгийн газрын 2016 оны 242 дугаар

                                                                                    тогтоолын 5 дугаар хавсралт

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН

НЭГ СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ

НОРМАТИВЫН ХЭМЖЭЭ

                                                                                                                                                  (мян.төг)

Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээ

Байршил

Нормативт зардлын хэмжээ

Бага анги

Дунд анги

Ахлах анги

Төлбөргүй болон 5,000,000.0  төгрөг хүртэлх төлбөртэй

орон нутгийн

316.4

450.8

459.3

нийслэлийн

288.9

409.3

429.8

5,000,001.0-ээс 10,000,000.0 төгрөг хүртэлх төлбөртэй

орон нутгийн

189.8

270.5

275.6

нийслэлийн

173.3

245.6

257.9

10,000,001.0 төгрөгөөс дээш төлбөртэй

орон нутгийн

94.9

132.2

137.8

нийслэлийн

86.7

122.8

128.9

Засгийн газрын 2016 оны 242 дугаар
тогтоолын 6 дугаар хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ,
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НЭГ
СУРАЛЦАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ДУНДАЖ
НОРМАТИВААР САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Төсвийн ерөнхийлөн болон төсвийн төвлөрүүлэн захирагчаар дамжуулан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн бус өмчит ерөнхий боловсролын сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар санхүүжих төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү аргачлалыг ашиглана.

1.2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар санхүүжүүлэх аргачлалыг Төсвийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хүрээнд хэрэглэнэ.

1.3. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгт улсын төсвөөс хувьсах зардлын нормативын санхүүжилтийг тухайн боловсролын сургалтын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, төсвийн төсөлд өгсөн саналыг үндэслэн олгоно.

Хоёр. Нэр томьёо

       2.1. Энэхүү аргачлалд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

    2.1.1. “хувьсах зардлын дундаж норматив” гэж сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол эзэмшүүлэх байгууллагын хүүхдийн тооноос шууд хамааралтайгаар өөрчлөгдөх зардлын нэг хүүхдэд ногдох хэмжээг;

    2.1.2. “сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллага” гэж Боловсролын тухай хуулийн 14.1-д заасныг;

    2.1.3. “санхүүжих дундаж хүүхдийн тоо” гэж сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцоход ашиглан батлагдсан аргачлалын дагуу төсвийн жилд харгалзуулан тооцсон хүүхдийн тоог;

    2.1.4. “албан бус боловсрол” гэж Боловсролын тухай хуулийн 3.1.7-д заасныг;

    2.1.5. “нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив” гэж сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн тооноос хамааруулан нийт хэмжээ нь өөрчлөгдөх зардлыг;

    2.1.6. “хүүхэд өдөр” гэж тодорхой хугацааны нийт өдөрт хамрагдах хүүхдийн тооны үржвэрийг;

    2.1.7. “олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж Боловсролын тухай хуулийн 3.1.13-т заасныг;

    2.1.8. “ерөнхий боловсролын лаборатори сургууль” гэж Боловсролын тухай хуулийн 3.1.14-т заасныг;

    2.1.9. “төрөлжсөн сургалт” гэж Бага, дунд боловсролын тухай хуулийн 14.1-д заасныг;

    2.1.10. “төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сургалтын төлбөр” гэж тухайн сургуулийн зөвлөлийн шийдвэрээр баталгаажсан хөнгөлөлт, чөлөөлөлт тооцогдоогүй нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг;

Гурав. Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын
сургууль, өмчийн хэлбэр үл харгалзан хүүхдийн
цэцэрлэгийн хувьсах зардлын дундаж
нормативын санхүүжилт

3.1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын албан сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын бараа, үйлчилгээний бусад хувьсах зардалд эдийн засгийн ангиллын эзлэх хувь хэмжээг төсвийн шууд захирагчийн саналыг үндэслэн төсвийн төвлөрүүлэн захирагч, төвлөрүүлэн захирагчийн саналыг үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагч боловсруулна.

3.2. Сургуулийн өмнөх боловсролын албан сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалингийн санд багш, ажилтнуудын үндсэн болон бусад нэмэгдэл, сургалтын байгууллагын байршлаас хамаарсан орон нутгийн нэмэгдэл, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл багтана.

3.3. Ерөнхий боловсролын албан сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалингийн санд багшийн үндсэн болон сургалтын байгууллагын байршлаас хамаарсан орон нутгийн нэмэгдэл, анги бүлэг, заах аргын нэгдэл, кабинет хариуцан ажилласны нэмэгдэл, тэдгээрт ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл багтана.

3.4. Санхүүжих дундаж хүүхдийг тооцохдоо дараах аргачлалыг ашиглана. Санхүүжих дундаж хүүхдийн тоог хүүхдийн цэцэрлэгт нийт санхүүжих хүүхдийн тоогоор; ерөнхий боловсролын сургуульд бага, дунд, ахлах ангиар нь дараах аргачлалаар тус тус тооцон гаргана.

3.5. Баян-Өлгий аймгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын албан сургалтад хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг  4 хувиар, бараа, үйлчилгээний бусад хувьсах зардлыг 3 хувиар тус тус нэмэгдүүлэн тооцно.

3.6. Хүүхдийн цэцэрлэгийн хувилбарт сургалтын ээлжийн бүлэгт хамрагдах нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 60 хувийг, бараа, үйлчилгээний бусад хувьсах зардлын 50 хувийг тус тус олгоно.

3.7. Хүүхдийн цэцэрлэгийн хувилбарт сургалтын нүүдлийн бүлэгт хамрагдах нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 70 хувийг, бараа, үйлчилгээний бусад хувьсах зардлын  50 хувийг тус тус олгоно.

3.8. Хүүхдийн цэцэрлэгийн хувилбарт сургалтын явуулын багшийн сургалтад хамрагдах нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 60 хувийг, бараа, үйлчилгээний бусад хувьсах зардлын 50 хувийг тус тус олгоно.

3.9. Хүүхдийн цэцэрлэгийн 24 цагийн үйлчилгээнд хамрагдах нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 50 хувиар, бараа үйлчилгээний бусад хувьсах зардлыг 4 хувиар тус тус нэмэгдүүлж олгоно.

3.10. Ерөнхий боловсролын албан бус (дүйцсэн болон бичиг үсгийн) сургалтад хамрагдах нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативын цалин, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын 70 хувийг, бараа, үйлчилгээний бусад хувьсах зардлын 80 хувийг тус тус олгоно.

3.11. Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн санхүүжих дундаж хүүхдийн тоо болон хувьсах зардлын дундаж нормативаар тооцсон цалингийн сангийн хэмжээ нь тооцсон цалингаас 30 болон түүнээс дээш хувиар хэтэрсэн тохиолдолд дээд шатны төсвийн захирагч тухайн байгууллагын цалингийн санг бодит цалингаар нь тооцон зохицуулалт хийж болно.

3.12. Сургалтын нормативт зардлын санхүүжилтийг аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хянаж, төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарьт батлагдсаны дагуу сар тутам олгоно.

Дөрөв. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн
нэг суралцагчид ногдох хувьсах зардлын
дундаж нормативын санхүүжилт

4.1. Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын санхүүжилтийг төсвийн жилээр төлөвлөж, шат шатны төсвийн захирагчийн төсвийн төсөлд тусгана.

4.2. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургалтын байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалтын төлбөр тогтоосон шийдвэрийн албан ёсны хуулбар нь төсвийн төслийн салшгүй хэсэг байна.

4.3. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцохдоо Төсвийн тухай хуульд заасан төсвийн төсөл боловсруулах цаглабарын хугацаанд тухайн жилийн төсвийн төсөлтэй хамт ирүүлсэн сургалтын төлбөр тогтоосон шийдвэрийг баримтална.

4.4. Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын төлөвлөлт, хуваарилалт, санхүүжилт, хяналтыг санхүүжих дундаж хүүхдээр тооцно. Санхүүжих дундаж хүүхдийн тоо нь тухайн хичээлийн жилийн албан ёсны статистикийн мэдээлэл дэх хүүхдийн тоо болон сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөр баталсан хүүхдийн тооноос ихгүй байна.

4.5. Хувьсах зардлын дундаж нормативын санхүүжилтийг аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хянаж, төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарьт батлагдсаны дагуу улирал тутам олгоно.

Тав. Төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн
дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах
зардлын дундаж нормативын санхүүжилт

5.1. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив нь багш, ажилтны үндсэн болон зарим нэмэгдэл цалин, түүнд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл, бараа үйлчилгээний бусад хувьсах зардлаас бүрдэнэ.

5.2. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын бараа, үйлчилгээний бусад хувьсах зардал нь дараах эдийн засгийн ангиллаас бүрдэнэ:

     5.2.1. бага үнэтэй, түргэн элэгдэх эд зүйл худалдаж авах зардал;

     5.2.2. эм бэлдмэл

     5.2.3. нормын хувцас, зөөлөн эдлэл худалдаж авах зардал;

     5.2.4. урсгал засвар.

5.3. Хувьсах зардлын дундаж нормативын санхүүжилтийг аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс сар бүр хүүхэд өдрөөр хянаж, төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарьт батлагдсаны дагуу сар тутам олгоно.

—o0o—

 

 

МУ-ын Засгийн газрын 2021 оны 10-р сарын 13-ны өдрийн 314 дүгээр тогтоол