2021 оны гадаад хамтын үйл ажиллагаа

Нийслэлийн Боловсролын газрын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хотуудтай болон хөрш орнуудын хотууд болох Оросын Холбооны Улсын нийслэл Москва, Иркутск, Улаан-Үд, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, БНСУ-ын Сөүл, Японы Токио, Саппоро, Шведийн Стокгольм хотуудын боловсролын байгууллагуудтай боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох,  багш сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, мэдээлэл технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлыг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Сүүлийн 2 жил дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр туршлага судлах ажлыг зайн хэлбэрээр зохион байгуулж байна..

Мөн боловсролын чанар, хүртээмж үр ашгийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зэргээр Японы Хүүхдийг ивээх сан, Пипл ин нийд, Green teachers ОУТББ, Сужетшанд, Копиун, We love you зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны  санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.

Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд 2017-2020 онд өндөр хөгжилтэй 10 гаруй улсад 700 гаруй багш, удирдах ажилтан туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна. 

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд мэдээллийн технологиор чиглэлээр 15 мэргэжилтэн, 25 багшийг зайн сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлсэн. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл, технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор хичээл сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг Сөүл хотын Боловсролын газраас илгээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
  2. ОХУ-ын Москва хотын Засгийн газраас найрамдалт хотуудыг хамтын ажиллагааг бэхжүүлэх, суралцагчдын чадварыг сайжруулах, дэлхийн боловсролын чанарт ахиц гаргах зорилгоор боловсролын “Олон улсын мегаполис хотуудын IV дүгээр олимпиад”-ыг зохион байгуулсан бөгөөд тус олимпиадад Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бэлтгэн оролцуулсан. Олимпиад нь үндсэн болон блиц тэмцээн гэсэн 2 төрлөөр явагдаж, Улаанбаатар хотын баг сурагчид 2021 оны 12 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан байдал:

  1. Нийслэлийн Боловсролын газар, Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-нд байгуулсан. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Канадын талыг төлөөлж Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн захирал доктор Randall Martiin нар ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш, суралцагч, төгсөгчдийг солилцох, хамтарсан соёлын apгa хэмжээ зохион байгуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар тохиролцож цахимаар гарын үсэг зурсан.
  1. Японы Тоёо Их сургуулийн Хүний хөгжлийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, “Оюунлаг багачууд” ТББ-тай хамтран  “Орон нутгийн дэмжлэгт түшиглэн хүүхдэд зөвлөх, туслах үйлчилгээг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн орчинд хүүхдийнхээ хөгжлийг дэмжих чиглэлээр зөвлөгөө өгөх, зөвлөн туслахад багш, удирдах ажилтныг чадавхжуулах, анги даасан болон бүлгийн багш нарт дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Төслийн хүрээнд “Тэгш хамруулах боловсролын талаархи дэлхийн чиг хандлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээ” 2 удаагийн сургалт зохион байгуулагдаж, цахим хэлбэрээр Cisco Webex meeting-ээр явагдсан бөгөөд сургалтад Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын багш, сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан болон Дорнод аймгийн удирдах ажилтан, багш, хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 695 багш ажилтнууд хамрагдсан байна.