2022 оны гадаад хамтын үйл ажиллагаа
Нийслэлийн Боловсролын газрын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хотуудтай болон хөрш орнуудын хотууд болох Оросын Холбооны Улсын нийслэл Москва, Иркутск, Улаан-Үд, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, БНСУ-ын Сөүл, Японы Токио, Саппоро, Шведийн Стокгольм хотуудын боловсролын байгууллагуудтай боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, багш сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.
БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газартай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, мэдээлэл технологийн багш нарын мэргэжил дээшлүүлэх, туршлага судлуулах ажлыг 2009 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Сүүлийн 2 жил дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр туршлага судлах ажлыг зайн хэлбэрээр зохион байгуулсан. 2022 оны 6 сараас 11 сарын хооронд мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн багшийг зайн сургалтад хамруулан, мэргэжил дээшлүүлсэн.
Мөн боловсролын чанар, хүртээмж үр ашгийг дээшлүүлэх, багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах зэргээр Японы Хүүхдийг ивээх сан, Пипл ин нийд, Green teachers ОУТББ, Сужетшанд, Копиун, We love you зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.
Эдгээр хамтын ажиллагааны хүрээнд 2017-2020 онд өндөр хөгжилтэй 10 гаруй улсад 700 гаруй багш, удирдах ажилтан туршлага судлах болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2022 оны 06 дугаар сарын 03-наас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд мэдээллийн технологийн чиглэлээр 4 мэргэжилтэн, 16 багшийг зайн сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлсэн. Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл, технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор хичээл сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг Сөүл хотын Боловсролын газраас илгээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Гадаадын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан байдал:
- Нийслэлийн Боловсролын газар, Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-нд байгуулсан. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2022 онд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч солилцоог эхлүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 5 сургуулийн холбогдох мэдээллийг хүргүүлсэн.
- Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийн газартай хамтын ажиллагааны хүрээнд “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийг хүрээнд хамтран ажиллаж байна. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 12-18 насны охидыг КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүчирхийлэл, мөлжлөгөөс эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсролын үйлчилгээгээр дамжуулан хамгаалахад оршино. Төслийн хүрээнд 15 Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарыг “Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй үйлчилгээ” үзүүлэх арга зүйд сургаж чадавхжуулах, сургууль дээр хүүхдүүд, өсвөр үеийнхний жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах ажлын удирдамжийг төлөвлөн ажиллаж байна.