НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ “ЗӨВЛӨЛДӨХ БАГ”-ИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Боловсролын газраас Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны “Зөвлөлдөх баг”-ийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Коронавируст цар тахлаас шалтгаалан сүүлийн 2 хичээлийн жилд танхимын сургалт түр завсарлаж, хичээл сургалтын үйл ажиллагаа цахим сургалтад шилжсэнтэй холбоотойгоор суралцагчдад анги хамт олноосоо сурлагын хувьд хоцорсон байх вий гэсэн айдас түгшүүр, ганцаардах, бухимдах зэрэг сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэх хандлага ажиглагдаж байна. Иймд суралцагчдад чиглэсэн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлага нийгмийн ажилтан та бүхний өмнө тулгараад байна. Энэ чиглэлээр нийгмийн ажилтнуудаа чадавхжуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэхээр өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
Сургалтад “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмаа, сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн, “Дейл карне”-ийн итгэмжлэгдсэн сургагч багш Г.Солонго нар чиглүүлэгч багшаар оролцож, нийгмийн ажилтны “Зөвлөлдөх баг”-ийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аргазүйн зөвлөгөө өгөх, “Хүүхдийн эрхийн тухай” хуулийн хэрэгжилт, хүүхэд бүрийг сургуулийн орчинд аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлогыг эрчимжүүлэх чиглэлээр илтгэл сонордуулж, харилцан арга зүйд суралцлаа.
Тус “Зөвлөлдөх баг” нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны төлөөллөөс бүрдсэн 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийгмийн ажилтнуудад хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн шийдвэрлэхэд арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажилладаг юм.