“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БА ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалт боллоо.
📖 Нийслэлийн Боловсролын газраас “Боловсролын салбарын хууль, эрх зүй ба хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аргачлал” сэдэвт сургалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Цахим сургалтад Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 350 албан хаагч хамрагдлаа.
📖 Цахим сургалтыг нээж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үг хэлэв. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт хойшилсонтой холбоотойгоор авч хэрэгжүүлэх ажил, шинэчлэн баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог, 2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах ажлын ерөнхий төлөвлөгөө зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт холбогдох үүрэг даалгавар өгч биелэлтийг хангаж ажиллахыг даалгалаа.
📖 Сургалтын нэгдүгээр хэсэгт, Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллага хамтран оролцов.
📖 Сургалтын гол зорилго нь эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын ажилтан нарын бага насны хүүхдэд тавих хараа хяналт болон тэдний аюулгүй байдлыг хангах мэдлэг хандлагыг нэмэгдүүлж осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
📖 Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир, “Хүүхдийн аюулгүй байдал ба өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр цахим видео сургалт бүхий илтгэлийг танилцуулсан бол “Хүүхэд зорчиж байна” ТББ байгууллагын тэргүүн О.Сансархүү “Хүүхдийн аюулгүй байдал орчин бүрдүүлэхэд анхаарах” асуудлаар илтгэл тавив.
📖 Сургалтын хоёрдугаар хэсэг, боловсролын салбарын хууль тогтоомж болон шинээр батлагдсан холбогдох шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахад авлига ашиг сонирхолын болон бусад хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх , хууль тогтоомжийг сурталчлах, алба хаагчдыг хуулийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилго чиглэлтэй боллоо.
Зорилгын хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Хонгорзул “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулав.
📖 Мөн Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Авлига ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах” сэдвээр илтгэл сонордуулж, санал солилцсоноор сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.