Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор тус бага сургууль 9 дүгээр сарын 01-ээс эхлэн 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болж өргөжсөн төдийгүй анги танхимын зохион байгуулалт, тохижилт нь сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрэн хангасан жишиг сургууль боллоо.
Сургуулийн өргөтгөлийн нээлтийн ёслолын арга хэмжээнд монголын талаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Япон улсын талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрико, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Уг төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажиллаж, барилгын нийт төсөвт өртөг 6,9 тэрбум төгрөгөөр баригдсан.