ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ДАВТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 141 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Давтлага зохион байгуулах заавар батлах тухай” А/171 дүгээр тушаалын дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай цахим уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн өмчийн бүх хэлбэрийн 240 гаруй ерөнхий боловсролын сургуулийн захирлууд  оролцлоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, шийдвэрүүдийг  танилцуулж, нарийвчилсан үүрэг чиглэл өглөө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэх давтлага зохион байгуулахдаа сургуулийн захирал, сургалтын менежер, багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нар тус тус тодорхой үүрэг хүлээн анги танхим, хүний нөөцийн болон орчны бэлэн байдлыг сайтар ханган, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэн, халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэгийг баримтлан ажиллах, эцэг эхийн хурал хийж мэдэгдэх талаар анхааруулав.

Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд байрлан ажиллаж байсан Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 49 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 52545 мталбайд голомтын эцсийн халдваргүйжилтийг  2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулан хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Онцгой комисстой хамтран дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд байрлан ажиллаж байсан 21 сургуулийг чөлөөлж, халдваргүйжилт ариутгалыг хийж, давтлага зохион байгуулах бололцоо нөхцөлийг хангалаа.

Нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн Боловсролын хэлтэс элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэх давтлага зохион байгуулах ажилд хяналт тавин ажиллаж байна.