ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН ХЯЛБАРШУУЛСАН ЦУВРАЛ НОМНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг жил бүр эрхлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгодог. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2020 онд бичиж, хэвлүүлсэн 13 цувралыг олон нийтэд түгээх ажил хойшлогдоод байсан. Иймд 2020, 2021 оны нийт 27 цуврал номыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг Шинжлэх Ухааны Академи болон нийслэлийн Боловсролын газар хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон номын зохиогч, эрдэмтэн судлаачид, ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдын төлөөлөл оролцлоо.
Нээлтийн үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Шинжлэх Ухааны Академи болон нийслэлийн Боловсролын газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү цуврал бүтээл билээ. Тус цуврал нь хүүхэд багачуудын хүлээж авах төвшинд тохирсон, хялбаршуулж бичигдсэнээр онцлог бүтээл болсон. Хүүхэд, багачуудын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд энэхүү цуврал бүтээл ихээхэн хувь нэмрээ өгч байна. Иймд нийслэлийн боловсролын салбарын нийт сурагч, багш ажилчдынхаа нэрийн өмнөөс та бүхэнд талархал илэрхийлж, Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон судалгааны ажилд тань амжилт хүсье” гэлээ.
Эдгээр цуврал бүтээлийг тус академийн харьяа 14 хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид бичиж туурвидаг бөгөөд нийслэл, орон нутгийн Боловсролын газраар дамжуулан ерөнхий боловсролын сургууль, номын сангуудад үнэ төлбөргүй хүргэгддэг юм.