ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН
ХӨРӨНГӨӨР БАРИГДСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР
СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 650 хүүхдийн хүчин чадалтай 149 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад орж үүд хаалгаа нээлээ.
Хамран сургах тойргийн хувьд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо сургуулийн насны 2700 хүүхэдтэй, төрийн өмчийн сургуульгүй хороо бөгөөд хамран сургах тойргийн сурагчдын 80 орчим хувь нь БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд хамрагдан суралцаж байсан бөгөөд тус сургууль ашиглалтад орсноор “Сэтгэмж” цогцолбор сургууль 2 ээлжинд шилжлээ.
Тус хорооны иргэдийн хүсэн хүлээсэн сургуульгүй хороо сургуультай болсноор 650 хүүхдэд сурагчдын аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцлийг бүрэн хангасан жишиг сургууль боловсролын үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Сургуулийн барилгын нээлтийн ёслолын арга хэмжээнд монголын талаас УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, БШУЯ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, япон улсын талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамура Эрико, болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Уг төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга
Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон Улсын “Maцуда консултанг интернэшнл”, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Мухиа” ХХК ажилласан.