Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах загвар бий болгох, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой явуулах системийг бий болгох зорилготой “Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа юм.
Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн сургууль, БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн гэрээг 2017 оны 11 сард анх байгуулсан бөгөөд төсөл 2018-2020 онд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар төсөл байгуулах, нийслэлийн цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг нэвтрүүлэх, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургалтын гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалууд боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байгаагаас энэ долоо хоногт цэцэрлэгийн хоол шим тэжээлийн цахим системийг нэвтрүүлж эхэллээ. Уг системийг туршилтын журмаар Сүхбаатар дүүргийн 2, 14 дүгээр цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж байна.