ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Нийслэлийн Боловсролын газраас энэ сарын 24,25-ны өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт шинээр батлагдан гарч буй холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлига, албан тушаалын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий сургалтыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн сургалтад нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 250 эрхлэгч хамрагдаж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж үг хэлсэн бөгөөд цаашид анхаарч, хэрэгжүүлж ажиллах хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүүхдийг эрсдэлд оруулж болохуйц нөхцөл байдлыг илрүүлж, тухай бүр засаж сайжруулах, цэцэрлэгийн багш, ажилчдыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамруулах, төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй байх Засгийн газрын хуралдааны шийдвэрийг биелүүлж ажиллахыг даалгалаа.
Өнөөдрийн сургалтаар:
· Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах аргачлал, зөвлөмж сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт С.Нямбаяр
· Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа
· Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж болон холбогдох ёс зүйн дүрмийн хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлууд сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамьяанчойжил
· Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын хэрэгжилт, зөрчлийн талаарх танилцуулга анхаарах асуудлууд сэдвээр Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Бадамсэрээжид
· Эрх зүйн акт боловсруулалт анхаарах асуудлууд сэдвээр нийслэлийн Боловсролын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.